ДЭМБ-ийн гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

ДЭМБ-ийн гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 132 дахь удаагийн хуралдаан Женев хотноо өнөөдөр эхэллээ. Энэхүү зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон албаны хүмүүс оролцож байна.

Хуралдааны эхний өдөр Гүйцэтгэх зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсны дараа Ерөнхий захирал Др. Маргарет Чаны тайланг сонсож, хөтөлбөр-санхүүгийн төлөвлөлт, ДЭМБ-ын зургаан бүсийн хорооны чуулганы үр дүн, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын хүрээнд зонхилон тохиолдох эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах зорилтот түвшин, хяналт шинжилгээний глобаль хүрээний баримт бичгийн төсөл болон ХБӨ-өөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны төлөвлөгөө (2013-2020)-ний төсөл, сэтгэцийн эрүүл мэндийн 2013-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэв. Дээрх асуудлуудаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг Эрүүл мэндийн сайд, тус зөвлөлийн гишүүн Н.Удвал илэрхийллээ.

Маргаашийн хуралдаанаар Мянганы хөгжлийн зорилтуудын биелэлтийн хяналт шинжилгээний дүн, 2015 оноос хойшхи дэлхийн нийтийн хөгжлийн зорилтод тусгах эрүүл мэндийн асуудлын хэлэлцүүлэг явагдана. Мөн өдрийн орой хуралдах Сасакавагийн нэрэмжит сангийн шагналын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд оролцох ба шагналд нэр дэвшсэн есөн хүнээс сонгон шалгаруулалт хийж, 2013 оны шагналын эзнийг тодруулах юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Гүйцэтгэх зөвлөл нь тус байгууллагын зургаан бүсийн эрх ашгийг төлөөлөн суух 34 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуульт хугацаа 3 жил байдаг. Гүйцэтгэх зөвлөл нь жилд хоёр удаа 1 болон 5 дугаар сард Швейцарийн холбооны улсын Женев хотноо ДЭМБ-ын Төв байранд тус тус хуралддаг аж Хуралдаан ес хоног үргэлжлэх ажээ.

 Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж