Монголын тэргүүлэх компаниуд бэл бэнчинтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Монголын тэргүүлэх компаниуд бэл бэнчинтэй болжээ

Ийм мэдээ сонссон монгол хүн баярлаж бахархалгүй яах вэ. Бид л болсон хойно  Х.Баттулга, Ж.Оджаргал тэгдэг, Г.Батхүү, П.Батсайхан ингэдэг гэх мэтээр  үндэснийхээ  цөөхөн шилдэг   компанийнхнаа өөлж ад үзээд  байдаг болохоос  тэд улс орныхоо  хөгжил дэвшилд үлэмж хувь нэмэр оруулж байгаа нь булавч бултайх үнэн. “MCS” групп  гэхэд сүүлийн хэдэн жил  улсын төсөвт татвар нэрээр 320 орчим тэрбум төгрөг төлсөн баримт байна. Монголын эдийн засгийн 80 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэдэг юм. Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн дийлэнхийг хувийнхан эзэлдэг нь тохиолдлын хэрэг биш.

   Засгийн газар жижиг,  дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлж буй санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд 100 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан билээ. Манай  улсын 53 мянга гаруй аж ахуйн нэгжийн 90 шахам хувь нь тэр жижиг, дунд гэдэг ангилалд багтдаг болохоор энэ бол тун оносон шийдвэр байж таарна. Эндээс нэг сонирхолтой баримт гарч буй юм. 90 хувь нь жижиг, дунд юм бол дөнгөж 10 хувь нь л Монголын шилдэг, толгой том аж ахуйн нэгж болох нь. Өөрөөр хэлбэл, томчууд нь жижгүүдээ санхүүгийн талаар дэмжих нь гэсэн үг. Засгийн газрын бондыг хэн худалдаж авах вэ. Өнөөх том компаниуд. 100 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Түүнийг манай шилдэг компанийнхан   худалдаад авчих нь гэхээр тэд маань бэл бэнчинтэй болжээ. АПУ, “Женко”, МИАТ, “Эрдэнэт”, “MCS”, Худалдаа хөгжлийн банк, “Талх чихэр”, “Жигүүр гранд”, “Жем интернэшнл”  гээд цөм их, бага хэмжээгээр хуваагаад л авна биз. Ингэж үнэт цаас эзнээ олсны ачаар 500 үйлдвэр шинээр бий болж, 12 мянган хүн ажилтай болох аж.

Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” нэртэй дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн нэг хэсэг нь орон сууц барих  ажил юм.  Шадар сайд, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх үндэсний хорооны дарга М.Энхболдын хэлж буйгаас үзвэл орон сууцны барилга, дэд бүтцийг барьж  байгуулах зураг төсөл хийхэд 437.8 тэрбум төгрөг шаардлагатай. Үүний  216.6 тэрбум нь орон сууцны барилга барих санхүүжилтэд зориулан олгох урт хугацааны зээл  юм байна.  Уг  мөнгийг  Хөгжлийн банкны бондын эх үүсвэрээс босгох аж. Энэ хариуцлагатай, нүсэр ажлыг Орон сууц санхүүжилтийн корпорац хариуцан гүйцэтгэнэ.  Үлдсэн 221.2 тэрбумыг нь дэд бүтэц, нийгмийн чиглэлийн барилга байгууламж барихад зарцуулах гэнэ. Санхүүжилтийг нь  жил бүр улсын төсөвт тусгах  юм.

Хэдхэн жилийн өмнө бонд гэдэг үгийн учрыг ч сайн ойлгодоггүй, түүнийг худалдан авах бэлтэй компани ч бараг байгаагүй. Бонд буюу үнэт цаас ч биш, өрийн бичиг гэж нэрлэж байсныг яана. Одоо бондоо гаргаж,  аж ахуйн нэгжүүддээ  борлуулаад  дотоодоосоо санхүүжилт олж байна шүү дээ.  Чихэнд чимэгтэй сонсдож байна биш үү.

Б.БАТБИЛИГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж