Манай улсын хүн амын 37 хувийг 0-18 насныхан эзэлдэг. Тэдний эрх өдөр бүр зөрчигдөж, хүүхэд хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах зайлшгүй шаардлагатай болоод буй. Учир нь барилгын компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж амиа алдсан 12-хан настай охин, Сэлэнгэ мөрөнд эхийнхээ хамт сураггүй болсон наймхан сартай хүү, 300 төгрөгнөөс болж хойт эцэгтээ зодуулан эрүүл мэндээрээ хохирсон долоон настай хүү, дөнгөж төрөөд сувилагчийн буруугаас болж тал бие нь түлэгдсэн нярай зэрэг олон нийтийг эмзэглүүлсэн, цочроосон хэрэг шил дараалан гарлаа. Түүнчлэн өдөр бүр л хүүхэд хэн нэгний хүчирхийлэлд өртөж байгааг бид сонсох болсон. Үүнийхээ хажуугаар хараа хяналтгүй хүүхдүүдийн тоо нэмэгдэж, Хаяг тогтоох төв, асрамжийн газрын хаалгыг олноороо татах болсныг ч холбогдох мэргэжилтнүүд нь хэлдэг. Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт гэхэд л компьютер тоглоомын газар тоглож байсан зургаан хүүхдийг Хаяг тогтоох төвд хүргэсэн. Тэдний нэг нь “Тоглоом тоглочихоод харихад ээж гэрээ нүүлгээд явчихсан, утас нь холбогдохгүй байгаа” хэмээн ярьж байсан. Гэтэл манай улс хэдэн асрамжийн газартай, тэнд хэчнээн хүүхэд амьдарч байна, хэд нь өнчин, хэд нь гэр бүлтэй вэ гэдгийг нарийн судалж тогтоогоогүй байх юм.
Хүүхдийн эрх ганцхан өнөөдөр зөрчигдөж байгаа бус урьд өмнөх нийгэмд ч хүүхдээ хөнөөж, хүчирхийлж байсан гашуун сургамжууд бий. Гэтэл холбогдох газар нь хүүхдээ баримжаагаар тоолж, тухайн асрамжийн газар руу утас цохиж ам тоо авдаг байжээ. Харин саяхан хүүхдийнхээ асуудалд хайнга хандаж байснаа гэнэт ухаарсан бололтой. Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын тушаал гарч халамж, асрамжийн төвд амьдарч, хүмүүжиж байгаа хүүхдийг бүртгэх, тоолох ажлыг энэ сарын 9, 10-нд зохион байгуулжээ. Энэ тооллогын үр дүнд нийслэлд халамж, асрамжийн үйлчилгээ эрхэлдэг 36 төвд 0-18 хүртэлх насны 934 хүүхэд амьдарч байна гэсэн тооцоо гаргасан гэнэ. Тэдний 52.7 хувь нь эрэгтэй хүүхэд байсан гэдэг нь ч анхаарал хандуулмаар л тоо. Хүүхдүүдийг тоолохдоо төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, сурагчийн хувийн хэрэг зэрэг бичиг баримттай нь тулгаж, фото зургаар нь баримтжуулж, эцэг эх гэр бүлийн харьяалал, хаягийг нь тогтоон хүүхдийн хувийн мэдээллийн санг нууцын зэрэглэлтэйгээр бүрдүүлсэн гэнэ. Тооллогын явцад, бүртгэлтэй боловч хүүхэд нь байхгүй болон хүүхдийн бичиг баримт нь дутуу байсан зэрэг зөрчил олон гарсан байна. Үүнээс харахад л хүүхдүүдийг “Асрамжийн газрынх юм чинь, эцэг эх нь харж үзэхгүй, төр нь тоодоггүй юм хойно. Монгол Улсын иргэн байна уу, үгүй юу, бичиг баримт нь бүрэн эсэх нь хамаагүй” гэсэн байдлаар ханддаг бололтой. Түүнчлэн асрамжийнх гээд хяналтгүй байдлаасаа болж, хэчнээн хүүхдийг харийнханд “бэлэглэсэн”-ийг хэн ч мэдэхгүй. Жил бүр малаа сүр дуулиантай тоолдог хэрнээ бид ирээдүй хойч үедээ иймэрхүү янзаар л хандаж байна. Гэтэл 40 сая малыг тоолж чаддаг байж мянга хүрэхгүй хүүхдийг яагаад хүний тоонд оруулдаггүй байсан нь хачирхалтай.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй асрамжийн газрын 80 орчим хувь нь гадаад эзэнтэй. Тодруулбал, Герман, Япон, АНУ, Австри улсын иргэд байдаг. Гадныхан Монголын хүүхдүүдэд зориулан асрамжийн газар бариад зогсохгүй, ядуу иргэдэд зориулсан сүм хүртэл байгуулсаар байгаа. Монголд буян үйлддэг хүмүүс дандаа л гадныхан байна. Тэдний энэ сайхан сэтгэлд талархах хэрэгтэй ч Монголын өнчин ядуу хүүхдүүдийг өрөвдсөндөө ийн санаа тавьж байна уу, эсвэл өөр санаа агуулж байгаа юу гэдэгт төр хяналт тавих нь зүйтэй болов уу. Гэтэл “Өө ашгүй. Ядуу зүдүү хүмүүсийг маань асарч өгч байна. Хурдан л тэр зөвшөөрлийг нь бүтээж өгөөд, Газар олгочих” гэж алга ташин хүлээж аваад сууж байх юм. Дээхнэ үед Гачуурт тосгонд байрладаг асрамжийн газрын эзэн нь 15 настай охиныг хүчинддэг байсныг цагдаа нар илрүүлж, жигшүүр хэргийн эзэн зохих шийтгэлээ хүлээсэн. Ер нь Монголын төр зүдрүүхэн яваа иргэдээ нүд үзүүрлэж гадныхны олз болгоод байж ч мэдэх юм. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш гудамж, траншейгаар л дүүрэн тэнэмэл хүүхдүүд байлаа. Тэд одоо насанд хүрсэн хэдий ч сураг алдарсан. Тэнэмлүүдийн зарим нь хүний наймааны золиос болсон байхыг ч үгүйсгэхгүй. Ийм хардлага төрүүлэх нэгэн жишээг үл таних жаал ярьсан тухай хүүхдийн эрхийн талаарх судалгаанд дурдсан байдаг. Тодруулбал, хүүгийн нэг найзыг хоёр хятад иргэн аваад явчихаар нь тэрбээр “ойролцоох ТҮЦ-ээс цагдаагийн газар руу утсаар ярьж найзынхаа тухай мэдэгдэхэд, битгий тоглоом хийгээд бай гэж зандарсан” хэмээн хэлсэн байдаг юм билээ. Энэ мэтээр эцэг, эхдээ хаягдсан өнчин өрөөсний зовлонг мэдэрч яваа хүүхдүүдийн эрх их багаар зөрчигдсөөр ирсэн байдаг.
ХТҮГ-ын Хүүхэд хамгааллын үйлчилгээний газрын мэргэжилтэн Г.Ойнбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Асрамжийн газар амьдарч байгаа хүүхдүүдийг анх удаа тоолсон гэл үү?
-Хүүхдүүдийн талаар баримжаа тооцоо гарсан байсан. Анх удаа хүүхэд нэг бүрээр нь зурагжуулаад, бичиг баримтыг нь тулгаснаараа онцлог. Анх удаа нэгдсэн зохион байгуулалтад орж халамжийн төвд амьдарч байгаа хүүхдийн хэд нь гэр бүлтэй, хэд нь ямар ч гарцгүй, хэд нь ЕБС-д сурч байна вэ гэсэн нарийн тоог гаргасан. Цаашдаа халамж асрамжийн төвийн хүүхдүүдийг нэг байранд байлгах бус халамжийн хувилбарт үйлчилгээ, халамжит гэр бүлийг сонгох шаардлагатай байна. Хүүхдүүд халамжийн төвд олуулаа амьдарснаар бэлэнчлэх сэтгэлгээтэй болдог. Мөн гэр бүл зохиох, амьдрах ухаанд суралцах тал дээр учир дутагдалтай байдаг. Энэ байдлаас гаргаж хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх гол зүйл нь гэр бүл. Харин халамжийн төв бол хүүхдийн амьдрах орчны эцсийн хувилбар.
-Сая тоолсон тоо урьд нь байснаасаа хэр зэрэг зөрүүтэй гарсан бэ?
-Халамжийн төвд байгаа хүүхдүүдийн тоо хэлбэлзэлтэй байдаг. Зарим нь 18 нас хүрээд амьдрал зохиогоод асрамжийн төвөөсөө гардаг. Тэгэхээр урьд нь 1000 гаруй байсан бол одоо 930 болжээ. Тэгэхээр 100 нь хаачсан бэ гэж гайхаж магадгүй. Бид сая тооллого явуулахдаа тухайн асрамжийн газарт “Танай бүртгэлд 60 хүүхэд байна. 60 л байх ёстой” гээд хүүхдүүдийн баримтыг нэхсэн. Тэгээд нийт байгаа хүүхдийг тоолоод, байхгүйг нь ямар шалтгаантай вэ гэдгийг тогтоосон.
-Эдгээр 930 гаруй хүүхдээс гэр бүлтэй нь хэр олон байх юм?
-Хүүхэд бүрийн цаана тодорхой гэр бүл байдаг. Зарим нь гэр бүлтэй ч, харих боломжгүй хүнд нөхцөлд амьдардаг. Гудамжинд амьдардаг хүмүүсийн хүүхдүүд ч бий. Түүнчлэн гэр бүлтэй хэрнээ танил талаараа асрамжийн газарт очсон хүүхдүүд ч байна. Бид эдгээрийг гэр бүлд нь эргэн нэгтгэх үүднээс иргэний бүртгэлээс шүүлгэх гээд нэрсийг нь өгөөд байгаа. Цаашид хүүхдүүдийг асралт гэр бүлд өсгөж, хүмүүжүүлэх чиглэл рүү орохоор ажиллаж байна.
-Манай улсад асралт гэр бүлийн үйлчилгээг нэвтрүүлэх боломж хэр байгааг судалсан уу?
-Эхнээсээ 10-15 хүүхэдтэй жижиг асрамжийн төвүүд гэр бүлийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс бид аргазүйгээр нь хангаж өгнө.
-Асрамжийн газар байгуулахад хаанаас зөвшөөрөл авдаг юм бэ?
-Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас асрамжийн газруудад үйл ажиллагаа явуулах эрхийг нь жил, жилээр олгодог.
-Эрх өгөхдөө ямар шалгуур тавьдаг юм бол?
-Бид Халамж үйлчилгээний стандартын дагуу хяналт тавьж ажилладаг. Харин зөвшөөрөл нь хэрхэн олгогддог талаар мэдэхгүй.
-Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа асрамжийн газруудын ихэнх нь гадаад эзэнтэй байдаг гэдэг. Ер нь олон улсын жишиг тийм байдаг юм уу?
-Улс орон бүр өөр өөр. Монголд гадаадын эзэнтэй асрамжийн төв их бий. Тодорхой тоог нь эцэслэн гаргаагүй байна. Гадаад эзэнтэй асрамжийн газар хүмүүжиж байгаа хүүхдүүдийн хүндрэлтэй зүйл нь гадаад хэлээр хэлд ордог. Герман, англи, францаар ярьдаг хүүхдүүдтэй асрамжийн төв олон байгаа. Зарим нь шашны халамж, асрамжийн төв ч байдаг.
-Үүнд танайхаас ямар бодлого баримталдаг юм бэ?
-Энэ бол цогцоор нь авч сайжруулах шаардлагатай зүйл. Үрчлэл, халамжийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй байна. Учир нь нэг газар үрчлэл, нөгөөх нь халамж, үйлчилгээг нь хариуцдаг болохоор нэгдсэн журмаар хяналт тавихад хүндрэлтэй байдаг.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
