
Харин бусад аймагт Засаг даргын төлөөх нам доторхи фракцуудын өрсөлдөөн нэлээд явсан. Аймгуудаа эн тэнцүү хувааж авах гэсэн фракц хоорондын өрсөлдөөнөөс хожсон нь “Алтангадас” фракц. Одоогоор нийт 12 аймгийн тавд нь “Алтангадас” фракцынхан суужээ. Тухайлбал, Увс аймгийн Засаг даргаар сонгогдсон Д.Цэндсүрэн яах аргагүй Н.Алтанхуягийн хүн. Аймгийн байтугай сумын Засаг дарга ч хийж үзээгүй энэ эрхмийн нам доторхи өрсөлдөгч нь Нийгмийн хамгааллын дэд сайд асан “Кроун”-ы Д.Нямхүү байв. Д. Нямхүү өөрөө ч Увсыг удирдах гэж нэлээн чармайсан ч дотоод дүрмээр боломж олдоогүй гэдэг. “Алтангадас”-т очсон дараагийн аймаг нь Ховд. Уг нь орон нутгийн сонгуульд Ардчилсан намыг амжилттай оролцоход МАН-аас “ирсэн” Ш.Адьшаагийн нөлөө их байв. Ш.Адьшаагийн хувьд орон нутгийн сонгуульд Ардчилсан намын сонгуулийн штабыг удирдаж ажилласнаар амжилт үзүүлсэн гэсэн үнэлгээ аваад байсан ч өнөөх л намын дүрэм түүнд нааштай боломж олгоогүй юм. Тус аймгийн Засаг даргаар томилогдсон Д. Цэвээнравдангийн хувьд Ховд аймгийн Ардчилсан намын дарга. “Алтангадас” фракцад харьяалагддаг тэрбээр орон нутгийн сонгуульд Ш.Адьшаатай хавсарч улаан тойрогт цэнхэр туг хатгаж чадсан нэгэн билээ.
Түүнчлэн Хэнтийн Ж.Оюунбаатар, Булганы Д.Эрдэнэбат нар ч “Алтангадас” талдаа эрхмүүд.
Д.Эрдэнэбатын нөгөө талд аймгийн ИТХ-д нэр дэвшээд, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэдэг үндэслэлээр нэрээ татсан Н.Мөнхсайханыг Засаг дарга болох магадлалтай хэмээн нэрлэж байсан. Гэвч “Үүрэхийг нь чи үүр, янцаглахыг нь би янцаглая” гэж байгаатай агаар нэг болчих гээд байсан тул Н.Мөнхсайхан өөрөө зүрхлээгүй гэдэг.
Харин Ж.Оюунбаатарт өрсөлдөгч байсангүй, шууд л Хэнтий аймгийн Засаг дарга болсон. Архангайн Д.Бат-Эрдэнийн хувьд МҮДН фракцынх гэж ярьдаг ч “Алтангадас”-ын зааснаар чиг зүгээ баримжаалж яваа хүн. Уг нь “Орон нутгийн сонгуульд манай нам ялбал таныг аймгийн Засаг дарга болгоно шүү” гэж Архангай аймгийн Ардчилсан намынхан УИХ-ын гишүүн асан С.Ламбаад амласан юм билээ. Гэвч сонгуулийн маргаашнаас аймгийн намын хороо хуралдаад, олонхиороо Д.Бат-Эрдэнийг дэмжчихсэн. “Нэгэнт намын байгууллага нь тэгж шийдсэнээс хойш би юу хэлэх вэ” хэмээх тунирхлын үг унагаж суусан С.Ламбаа гуай ч УИХ-ын даргын зөвлөх болоод Төрийн ордонд төвхнөж аваад буй.
Тэгвэл Баянхонгорын Д.Жаргалсайханы хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн. Тэрбээр дунд сургуулийн багшаар хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллаад, хувийн бизнес хөөсөн нэгэн. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сосорбарамын төрсөн дүү түүнийг Элбэгээ Ерөнхийлөгчийн татаасаар энэ суудлыг авсан гэдгийг намынхан нь зөвшөөрдөг. Харин Баян-Өлгий аймгийг засаглах эрх МоАХ-д ирсэн. Тус аймгийн Засаг даргаар сонгогдсон Х.Дармены хувьд МоАХ-ны гишүүн, Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга.
Түүнчлэн Төв аймгийн Д.Баярбатыг “Нэг ардчилал”-д хамааруулж болох бол Сүхбаатарын Ж.Батсуурь, Өмнөговийн Д.Бадраа нар МҮДН-ынх. Нам дотроо аль ч фракцад харьяалагддаггүй, голыг барьж явдаг нь Дорноговийн П.Ганхуяг. Дорноговийн Ардчилсан нам дотор Ардчилсан хүчний холбооныхон давамгайлдаг учраас түүнийг тус фракцад харьяалуулдаг ч үнэндээ бол тийм биш юм билээ.
Түүнчлэн МАН ялсан Дорнод, Хөвсгөл зэрэг аймгийн Засаг даргыг батламжлаагүй Н.Алтанхуяг сайд өөрийнхөө намын хүнээс үүрэг гүйцэтгэгч томилсон. Н.Алтанхуяг сайдын түр томилсон үүрэг гүйцэтгэгчид гэгдэх Хөвсгөлийн Д.Амарбаясгалан, Дорнодын Цэрэнчимэд нар мөн л “Алтангадас”-ынх. Тиймдээ ч Н.Алтанхуяг сайдыг Засгийн газрын нэрээр, фракцынхаа эрх ашгийг хамгаалж байна гэх шүүмжлэл гараад буй юм.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
