Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газраас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нилээд олон ажил, зохицуулалт хийхээр болжээ. Авч хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар Нийслэлийн ерөнхий менежер Б.Бадрал, Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан болон бусад албаны хүмүүс өнөөдөр Олон улсын худалдааны төв Нарантуул захад сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд Гэсэр сүмийн уулзвар, 32-ын тойрог, Баруун 4-н зам гэсэн гурван уулзварын автомашин зорчих хэсгийн урсгалыг нэмэгдүүлэхээр болжээ. Мөн томоохон худалдааны төвүүдийн ойр орчмын болон хашаа руу орж, гарах хөдөлгөөнд дараах зохицуулалтыг хийхээр болсон байна.
Хүчит шонхор худалдааны төв руу очдог замыг нэгдүгээр сарын 26, 27-ны өдрүүд, хоёрдугаар сарын 02, 03-ны өдрүүдийн 06-18 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнтэй болгох, Меркури худалдааны төвийн хашаан дотор хойд хаалгаараа ороод зүүн хаалга хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй болгох, Барс худалдааны төвийн орчим, Нарны гүүрийн зүүн талд байгаа хоосон хашааг хоёрдугаар сарын 10-ыг дуустал автомашины зогсоол болгон өөрчлөх, мөн Төв номын сангийн урд талын автобусны буудлыг шилжүүлж, хуучин зогсоолыг таксины зогсоол болгохоор болсон байна. Харин шинэ зогсоолыг нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ашиглалтанд оруулахаар шийдвэрлэжээ. Зах, томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийг уртасгаж оройн 20 цаг хүртэл ажиллахаар шийдвэрлэсэн бөгөөд ингэж замын болоод ажиллах хугацаанд зохицуулалт хийснээр “Ард иргэд цагаан сарын бэлтгэлээ өмнөх жилүүдээс арай хялбар байдлаар базаах нөхцөл бүрдэнэ” хэмээн үзэж байгаагаа Нийслэлийн ерөнхий менежер Б.Бадрал онцолж байлаа. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар авч хэрэгжүүлэх нэг томоохон ажил бол нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны хагас сайн өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны бүтэн сайны өдрүүдэд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг 10-20 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна. Мөн Нарантуул ОУХТ-ийн хойд хаалгыг нээж, нэг чигийн урсгалтай болгохоор болжээ. Энэ нь Нарантуул захруу урд хаалгаар нь орсон машин шинээр нээсэн уг хаалгаар гарч болох бөгөөд харин Халдвартын эмнэлэгийн замаас буюу гэр хорооллоосоо Нарантуул захруу орохыг хориглох ажээ. Эдгээр ажлуудыг ЗЦГ хариуцан ажиллаж, хэрэгжилтэнд анхаарал хандуулах гэнэ. Мөн Цагаан сар дөхөхөөр үүсдэг хэт ачааллыг бууруулах зорилгоор Нарантуул захруу 12 чиглэлийн 32 автобусыг нэмэлтээр явуулахаар болжээ. Уг буухиа автобуснууд цагийн хувиараар явах бөгөөд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөнгөлөлтын үнэмлэхээрээ үнэгүй зорчих юм байна. Харин энгийн иргэд зорчих тасалбарын үнэ болох 400 төгрөгөөр зорчих гэнэ. Эдгээр ажлууд зөвхөн Цагаан сар хүртэл хэрэгжих бөгөөд хэт ачааллыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа ажил гэдгийг албаны хүн онцолж байлаа.
Т.ДАРХАН