
Байнгын хорооны хуралдааны хэлэлцсэн эхний асуудал нь Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга байсан юм. Хуулийн төсөлтэй танилцсан гишүүд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, гишүүн Ж.Батзандан “Нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, хүн амын нягтаршил, хэргийн ачаалал зэргийг харгалзан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны нэгдүгээр шүүхийг Дорнод аймгийн Хэрлэн суманд байгуулах нь зүйтэй” гэсэн санал гаргасан.
Байнгын хорооны гишүүдийн саналаар Хэнтий аймгийн Хэрлэн суманд, Дорноговь аймгийн Иххэт сумыг сум дундын 29-р шүүхийн харьяалалд, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумыг 6-р шүүхийн харьяалалд шилжүүлэхээр тусгалаа.
Мөн Хөвсгөл аймагт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шинээр байгуулах, үүнтэй холбоотой тус аймагт эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ерөнхий шүүгч тус бүр нэг, шүүгчид найм байхаар тогтоолоо. Мөн захиргааны хэргийн анхан шатын 4-р шүүхтэй Булган аймгийг сум дундын 12-р шүүхтэй Орхон аймаг, сум дундын 15-р шүүхийг Сэлэнгэ аймаг, сум дундын 7-р шүүхийг Дархан-Уул аймагтай нэгтгэх саналыг дэмжсэн.
Хуулийн нэр томьёог Шүүх байгуулах тухай хуультай нийцүүлж жигдлэх зүйл заалтын зарим дугаар болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн дугаарыг өөрчлөхийг байнгын хорооны гишүүд дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт тусгахаар боллоо.
Иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2-р шүүхийн нутаг дэвсгэрийн харъялалад Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумыг харьяалуулсан учир тус амйгийн энэ хоёр сумдаас бусад засаг захиргааны нэгжийг 3-р шүүхэд харьялуулахаар болгохоор шийдвэрлэлээ. Хуулийн төслийн иргэний хэргийн давж заалдах шатны 4-р шүүхийн болон эрүүгийн давж заалдах шатны 4-р шүүхийн нутаг дэвсэгрийн харьяалалд Төв аймгийн Эрдэнэсант сумыг нэмэх, сум дундын 6-р шүүхийн харьялалад Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумыг нэмэх зэрэг саналыг гишүүд гаргасан юм.
Шүүх байгуулах хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 15 гэж тогтоохоор ажлын хэсэг санал гаргасныг мөн дэмжлээ.
УИХ-ын гишүү Р.Бурмаа “Aнх орж ирснээрээ Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын 1-р шүүх Дорнод аймагт байхаар байсан. Энд Хэнтийн Хэрлэн суманд гэсэн байна. Үүнийг буцааж Дорнод болгох санал хурааж өгөхийг байнгын хороонд санал гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод аймгийн Чойбалсан хотын хувьд Дархан-Уул, Эрдэнэт зэрэг хотын зэрэглэлд очсон бөгөөд хүн амын хувьд 18 мянга орчим хүнээр илүү. Сүхбаатар, Дорнодын аймгийн хооронд 180 км, Хэнтий Сүхбаатарын хооронд 240 км байдаг, таван цэргийн ангитай, таван хилийн боомттой учраас ийм санал гаргаснаа тайлбарласан юм.
Шүүхийн шатны байгууллагын хувьд ачаалал ихтэй байна гэж ажлын хэсгийн гишүүд санал гаргалаа. Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн явцад Хэнтий болж өөрчлөгдсөн юм байна.
Дорнод аймаг 75 мянган хүн амд таван шүүгч, Сүхбаатар аймаг 55 мянган хүн амд дөрвөн шүүгч, Хэнтийн аймаг 70 мянган хүн амд дөрвөн шүүгчтэй. Байнгын хороодын гишүүд өөрсдийн саналаа илэрхийлж, тухайн орон нутгийн хувьд хүн амын тоонд харьцуулан шүүх байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан юм. Ийнхүү байнгын хорооны гишүүдийн 11-ээс 8 нь дэмжсэн учир Дорнод аймгийн Хэрлэн суманд шүүх байгуулахаар өөрчлөхөөр болсон юм.
Үүний дараа Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд тавхан бүлэгтэй цомхон хэдий ч агуулгын хувьд ихээхэн ач холбогдолтой хууль тул түүнийг чамбайруулах нь зүйтэй хэмээн гишүүд үзэж, ажлын хэсэг байгуулах, даргаар нь Ц.Оюунбаатар гишүүнийг томилох саналыг С.Баярцогт гишүүн гаргасан юм. Засгийн газраас өргөн барьсан энэхүү хууль нь УИХ-ын 2012 оны 37-р тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хаягжилтын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр заасны дагуу Засгийн газраас гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилготой аж. Асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс хууль нь аливаа харилцааг зохицуулдаг учир харилцаа болон хариуцлагын асуудлыг тодорхой тусгах, зөвхөн нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн замын тэмдэглэгээ, хаягжуулалтын асуудалд анхаарах, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлжүүлэлт болон төрийн нууцын зэрэглэлийн асуудлуудтай зайлшгүй холбогдох учир тэдгээртэй уялдуулах, хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн чиглэлийн албан тушаалтнуудыг үүрэгжүүлэх зэрэг асуудлыг төсөлд тусгах зэрэг олон санал гаргасан юм.
Эцэст нь хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Лүндээжанцан гишүүн нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.