Д.Жаргалсайхан “De Facto” нэвтрүүлэгтээ Их Британи улсад ажиллаж амьдарч буй математикч, доктор, профессор Ү.Отгонбаярыг урьж ярилцлаа.
-Та математикийн шинжлэх ухааны чиглэлээр гадаад оронд ажиллаж байна. Юу хийдэг вэ?
-Миний судалдаг сэдэв бол сэлгэдэггүй геометр. Геометр гэдэг маань дүрс судлах ухаан. Газар хэмжих ахуйн үйлдлээс гаралтай.
-Таны судалдаг сэдэв юунд хэрэгтэй вэ?
-Сэлгэдэггүй геометр бол анализ, алгебр, геометрийн уулзварт байдаг зүйл. Тэр утгаараа эдгээр салбарт бүгдэд нь хэрэглээтэй байдаг. Онолын физикт ч хэрэглэгддэг. Анх квант механикийг математик үүднээс тайлбарлах зорилгоор гаргаж ирсэн. Квант механик, харьцангуйн онол зэрэг нь анх гарч ирэхдээ ямар ч хэрэглээгүй байсан, судалдаг хүмүүс ойлголтоо зузаатгахын тулд гаргаж ирж байсан бол өнөөгийн зуунд үүнгүйгээр ямар ч технологи урагш явахаа байсан.
-Та японд сурч, АНУ-д үргэлжлүүлж, Данид ажиллаж байгаад одоо Англид судалгааны ажил хийж байгаа юм байна. Монголдоо ямар сургууль төгссөн гэнэ ээ?
-Арван жилийн 47 дугаар сургуульд сурч байгаад 11 дүгээр сургууль байгуулагдахад орсон юм. Математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай энэ сургуульд 1990 онд ороод 1994 онд анхны төгсөгч болсон. Дараа нь МУИС-ийн математикийн тэнхимд хоёр жил сураад Япон явж тус улсын Засгийн газрын тэтгэлгээр сурсан юм. Эхний нэг жил хэлний курст сурсан. Их сургуульд сурна гэсэн хүмүүст зориулсан сургалт учраас математик, физик, хими заадаг сургалт байсан л даа. Тэндээс математикч болох зам маань шуударсан.
-Японд нийт долоон жил сурахдаа бакалавр болж, мастераа ч хамгаалав уу?
-Токиогийн их сургууль улсдаа ч, дэлхийд ч алдартай сургууль. Дотроо хүч чадал шавхсан хэд хэдэн салбартай. Ялангуяа сэлгэдэггүй геометрийн үндэс болсон операторын алгебрын сургалтаар тус сургууль их сайн.
-Операторын алгебрын практик хэрэглээ нь юу вэ?
-Энэ нь ихэнхдээ онолын физиктэй холбогддог л доо. Харьцангуйн болон квант онолыг яаж нэгтгэх вэ гэдэг том асуудал байдаг. Үүнтэй холбоотой судалгааг операторын алгебр ашиглаж хийдэг.
-Мастер тал нь?
-Би өөрөө бол “К” онол гэдэг судалгаа хийж байсан. Хэдийгээр тэр судалгаа оператор алгебрын аргачлал ашигласан ч гэлээ хэрэглээ нь сонгодог геометр тал руугаа.
-Энэ судалгааг амжилттай хийж мастер хамгаалсан юм байна. Яагаад Пенсильванийн их сургуульд сурахаар болов?
-Токиод үргэлжлүүлж сурах боломж байсан. Гэхдээ судалгаа хийж байх явцдаа Пенсильванийн их сургуулийн судалгаа их сонирхолтой болохыг анзаарсан юм. Тиймээс ажлаа тэнд үргэлжлүүлэхээр явсан. Би хоёр сургуульд материалаа өгөөд хоёулангаас докторын тэтгэлгийн санал авсан.
-Докторын тэтгэлэг гэхээр юу байх вэ?
-Математикийн чиглэлээр докторын тэтгэлэг амархан олддог. 30-40 мянган оюутантай сургуулиуд нэгдүгээр курсийн бүх оюутандаа математик заах болдог ч, үндсэн багш нар нь хүрэлцдэггүй болохоор доктор горилж сурч байгаа хүмүүсээр хичээл заалгадаг. Үүний тулд тэтгэлэг буюу цалин өгдөг.
-Өгдөг мөнгө нь амьдралын хэрэгцээнд хүрэлцдэг үү?
-Хангалттай хүрнэ.
-Та эрдэм номын мөр хөөж олон оронд амьдарчээ. Америк орны онцлогийг та юу гэж боддог вэ. Яахаараа юм юмны түрүүнд яваад байдаг юм бол?
-Инновац гэдэг дээ, шинээр баялаг бүтээх талдаа их анхаардаг юм болов уу гэж боддог. Зөвхөн суурь судалгаанаас гадна инженерийн талын судалгаа их хийдэг. Их сургуулиуд нь өөрсдөө судалгаа хийхдээ хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтардаг. Үр дүнд нь судалгааны дүнг патенталж, аль эсвэл охин компани төрүүлэх замаар судалгааны үр дүнг амьдралд ашигладаг юм. Пенсильванийн их сургууль гэхэд муждаа хамгийн том эдийн засгийн объект байх жишээтэй.
-Би бас Америкт сурч байхдаа анзаарсан нэг зүйл бол их сургуулиуд нь бизнесийн байгууллагуудтайгаа их холбоотой ажилладаг юм билээ. R&D гэж “Үр дүн ба хөгжил” гэсэн ойлголт байна. Түүнийг яавал бид Монголдоо оруулж ирмээр юм бэ?
-Яах вэ, төрийн бодлого хэрэгтэй байх. Гэхдээ бид өөрсдийн сэтгэлгээгээ өөрчлөх чухал болов уу. Хувийн компаниуд маань шинээр юм бүтээгээд, асуудлыг шинээр шийдээд эхэлбэл их сургуулиудтай аяндаа холбогдоод эхлэх байх л даа. Өнөөдөр гаднаас машин, тоног төхөөрөмж оруулж ирж ажлаа явуулж байгаа нөхцөлд төдийлөн өөрчлөлт гарахгүй байх. Харин өөрсдөө байхгүй юмыг бий болгоод, эсвэл гадаадад байхгүй зүйлийг бүтээгээд амьдрал, үйлдвэрлэлд ашиглах гэвэл их сургуулиудтай зайлшгүй холбогдож ирнэ.
-Монголчууд материаллаг талд бүтээх нь үр дүнтэй юу, аль эсвэл тань шиг мэдлэгийн талбарт хүч сорьж ажиллах нь илүү сайн гэж бодож байна уу?
-Материаллаг талд бүтээх боломж бий гэж үздэг. Гурван сая хүн ам гэдэг айхавтар бага биш үзүүлэлт. Дани улсыг аваад үзье л дээ. Таван л сая хүнтэй хэрнээ өнөөдөр юу юу хийж бүтээж чадаж байна вэ. Монголчууд бид одоохондоо дэлхийн хөгжлийг хойноос нь хөөж яваад байгаа ч гэсэн амдаж сэтгэх, бүтээх боломжтой, чадвартай хүмүүс. Би Данид гурван жил амьдарч судалгаа хийсэн. Тийм болохоор улс орны байдлыг сайн мэднэ.
-Таны их олон бүтээлийн талаар Япон, Дани зэрэг улсын хэвлэлд гарсан байдаг юм байна. Копенгагений их сургуульд танаас өөр судалгаа хийсэн монгол хүн байна уу?
-Миний мэдэхээр байхгүй .
-Ер нь тэнд монголчууд байна уу?
-Байдаг. 40-50 хүн бий. Сурдаг, ажилладаг, бас цагаачлаад очсон хүмүүс байдаг юм билээ.
-Данид амьдралын түвшин өндөр…
-Амьдралын, технологийн, суурь шинжлэх ухааны түвшин маш өндөр. Хамгийн анхны цөмийн судалгааг гэхэд Нильс Бор хийгээд явж байсан. Хүн ам, газар нутгийн хэмжээгээр Америк, Англи, Франц, Германы хаана нь ч хүрэхгүй хэрнээ судалгаа маш өндөр түвшинд явагддаг орон. Анагаах, химийн чиглэлд Нобелийн шагнал олон авч байсан улс. Химийн үйлдвэрлэл маш сайн хөгжсөн. Будаг үйлдвэрлэлээр тэргүүлэгч. Өдөр нь унтлагынхаа өрөөг будаад, шөнөдөө тэнд унтахад ямар ч асуудал байхгүй. Үнэр мэдрэгддэггүй. Тийм сайн чанарын будаг хийдэг. Будсан юм хаа байх юм, нарны гэрэлтэй газар байх юм уу гэх зэргийг нарийн судалж байж будгаа гаргадаг байх жишээтэй. Бүх зүйлд судалгаа, үр дүн.
-Дани нийгмийн халамж, сургууль, эмнэлгийн үйлчилгээ талдаа их л гайхамшигтай орон гэдэг. Та энэ тухай яриач.
-Хамгийн аз жаргалтай хүмүүс хаана, ямар оронд байна вэ гэдэг судалгаа хийж жил бүр жагсаалт гаргадаг. Түүнд Дани үргэлж нэг юм уу, хоёрдугаар байр эзэлж байдаг. Үүний гол учир нь нийгмийн хангамждаа байгаа юм. Хангамж гэхээр зүгээр мөнгө тараахыг хэлдэггүй. Амьдралын чанарыг хангаж өгдөг. Өвдсөн хүн эмнэлэгт очиход боломжтой байх л юм бол эдгээж чадна гэдгийг мэдэж байгаа болохоор санаа зовох юм байхгүй. Хэрвээ сонирхолтой байгаад суръя гэвэл их сургууль бэлэн, мөнгө төгрөг төлөхгүй, харин ч тэтгэлэг өгдөг. Сурах сонирхол байхгүй бол ажил хийгээд явах сонголт нь чөлөөтэй. Мужааны ч юм уу ажил хийгээд тохирсон, сэтгэлдээ хүрсэн цалин аваад явахыг илүүд үзсэн бол түүний л сонголт. Энэ утгаараа амьдралын баталгаа сайтай.
-Скандинавын орнууд дахь гараа хөдөлгөж ажил хийдэг хүмүүсийн цалин орлого, дээд сургуулийн дипломтой хүмүүсийнхээс огт дутахгүй юм аа…
-Мужаан хүнийг аваад үзэхэд тухайн үеийн авч байгаа цалин инженерийнхээс бага байвч түргэн хугацаанд сурч ажил дээр гардаг болохоор насан туршийнх нь орлого инженерийнхээс нэг их ялгаагүй. Тийм болохоор хүн сонирхсон ажлаа хийгээд явах боломжтой. Автобусны жолооч, сантехникийн ажил ер юу ч бай хийж болно.
-Тэгэхээр эдгээр улсуудад оюуны ч, биеийн хүчний ч ажлын үнэлгээ аль аль нь өндөр байна, тийм үү?
-Тийм. Тухайлбал сантехникийн засварчин дуудлаа гэхэд цагийн ажлын хөлсөнд 100 $ төлөх жишээтэй.
-Данид татвар их өндөр юм билээ?
-Тийм. Хамгийн доод тал нь 30, 40 хувьтай, 60 хувь гарах нь ч бий. Энэ хэмжээгээр орж ирэх орлого бага мэт байвч нөгөө талдаа зарлага бага. Хүүхдээ сургуульд үнэгүй явуулна. Эмнэлэгт үнэ төлбөргүй үзүүлнэ. Энэ мэтээр зарлага бага болохоор амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг.
-Та тэр оронд гурван жил амьдрахад юу таны сэтгэлд мартагдахааргүй үлдсэн байх юм?
-Дугуй. Бүх хүн дугуй унана. Зарим газартаа дугуйн зам нь машиныхаас өргөн. Өвөл зунгүй унана.
-Өвөл хүйтэн биш үү?
-Бага зэргийн цас орох нь орно. Гэхдээ дугуйгаа тавихад хүргэх цас ордоггүй. Би өвөл зунгүй дугуй унадаг байсан.
-Дугуйгаа хулгайд алдах тухай ойлголт байхгүй биз?
-Надад бол тохиолдож байгаагүй. Хааяа галт тэрэгний буудал дээр орхисон байсан дугуйг нь согтуу хүн унаад явчихсан байсан жишээ дуулдаж байсан.
-Дани, Скандинавын орнуудын хүмүүс сахилга бат сайтай, за гэвэл ёогүй зан чанартай байх юм, тийм ээ?
-Амьдрал сайн байхад аливаа хуурамч юм хийх тухай сэдэл хүнд төрдөггүй юм шиг байгаа юм. Яг л хийе гэснээ хийгээд амьдрах боломж байгаа болохоор.
-За одоо хоёулаа тантай хамт Англи явъя. Та Англид хаана амьдарч байгаа гэнэ ээ?
-Үэльсийн Кардифф хотод.
-Удах уу?
-Хоёр, гурван жил л болох байх. Одоогоор би Их Британийн Инженерийн болон байгалийн шинжлэх ухааны судалгааны консулаас төсөл аваад хэрэгжүүлж байна. Хажуугаар нь их сургуульд хичээл заана.
-Ямар төсөл гэнэ ээ?
-“Сэлгэдэггүй алгебрлаг геометр” гэдэг нэртэй.
-Энэ тухайгаа ойлгомжтойгоор ярих уу. Бид өнөөдөр урт, өргөн, өндөр гэсэн гурван хэмжээст орчинд амьдарч байна. Дээр нь цаг хугацааны хэмжээс орж ирэхээр энэ дөрвөн үзүүлэлтэд үндэслэсэн орон зай бол бидний огторгуй. Гэтэл үүний цаана ямар огторгуй, өөр ямар хэмжээс хэрэгтэй болоод байна вэ?
-Хамгийн анх квант механикаас үүдэн гарч ирсэн. Аливаа зүйлийг маш богино зайд аваад үзэхээр бидний мэддэг сонгодог физик үйлчлэхээ болиод эхэлдэг. Тэр тохиолдолд квант механик, эсвэл квант талбарын онолд тулгуурлаж авч үзэх болдог.
-Яагаад сонгодог физик ажиллахаа больдог юм бэ. Биетийг авлаа, тавилаа, уналаа, хоёр биетийн хооронд хүч үйлчиллээ. Энэ зүй тогтол бага орон зайд ч гэсэн үйлчлэхгүй гэж үү?
-Яагаад гэдэгт хариулах хэцүү. Туршилт хийгээд үзэхээр болдоггүй. Цөм байлаа гэхэд түүний бүтцийн нейтрон, протонууд хоорондоо яаж харьцдаг юм бэ гэдгийг судлаад үзэхээр зөрчил гараад байдаг. Түүний учрыг тайлахын тулд шинээр гаргаж ирсэн онол нь квант онол.
-Сэлгэж болдоггүй геометр гэж юуг хэлээд байна вэ?
-Хялбар жишээ гэвэл их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар курст үздэг матриц байгаа юм. Тоон дээр хоёрыг гурваар үржүүлэх, гурвыг хоёроор үржүүлэхэд хариу адил гарна, амархан. Гэтэл матрицын хувьд А-г В-гээр үржүүлэх, В-г А-гаар үржүүлэх хоёрт үржвэр нь тэнцэхгүй тохиолдол зөндөө гардаг. Матриц гэдэг маань шугаман хувиргалт. Шугаман огторгуй гэдэг маань их хялбархан огторгуй. Түүн дээр хувиргалтуудыг авч үзэхээр тэр нь матрицаар илэрхийлэгддэг. Тэгэхээр хоёр огторгуйн тухайд нэгийг нь хувиргачихаад нөгөөг нь хувиргах гэхээр болдоггүй. Оймсоо өмсөөд, гутлаа өмсөх, гутлаа өмсөөд оймсоо өмсөх хоёр ялгаатай даа. Түүн шиг л юм.
-Та энэ олон оронд явж сурч судалжээ. Одоо төсөл дээр ажиллаж байна. Тэгэхээр таны энэ судлаад байгаа зүйлүүд шинжлэх ухааны бусад салбартай нэгдэж байж хэрэглэгдэх үү, аль эсвэл дангаараа шинжлэх ухаанд ашиглагдах уу?
-Тантай мэргэжлийн тань чиглэлийн дагуу ярилцах таатай байлаа. Гадаадын олон оронд өнөөдөр яг тань шиг өндөр мэдлэг боловсролтой олон мянган монгол залуус ажиллаж бүтээж байна. Ийм хүмүүсийг эх орондоо авчирч хүч чадлыг нь улсынхаа хөгжлийн төлөө зориулах цаг холгүй гэж бодож байна. Та залууст хандаж мэргэжлээ хэрхэн сонгох талд юу гэж зөвлөх вэ?
-Нэг үеэ бодвол залуус хууль, эдийн засаг гэж хуйлрах нь гайгүй болсон шиг санагддаг. Одоо байгалийн ухаан, инженерийн чиглэлийн сургуульд өөрийн сонирхлоороо элсч суралцвал үр дүн гарна гэж бодож байна. Энэ бүхэнд хүрэхийн тулд хичээлээ сайн хийх хэрэгтэй.
