Ард түмэндээ бууж өгөхийг уриалж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Ард түмэндээ бууж өгөхийг уриалж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний “Global Viewpoint Network” телевизэд өгсөн ярилцлагыг хүргэе. Тэрбээр Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар ярьжээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. НҮБ Ливи дэх цэргийн ажиллагаа шиг өөр оронд иймэрхүү энхийг сахиулах үйл ажиллагаа явуулах уу. Жишээ нь, Йемений асуудалд хөндлөнгөөс оролцох уу?

-Та Ливид юу болж байгааг нүдээрээ харж байгаа байх. Сурвалжлагч нарын мэдээлж байгаагаар Ливид энгийн номхон ард иргэдийг ашиг сонирхол хайсан шунахай этгээдүүд зэрлэгээр хөнөөж байна. Хэрэв бид хүлээсэн бол илүү олон хүн үрэгдэх байсан байх. Хэрэв та НҮБ-ын түүхийг сөхөн харвал Ливи дэх энхийг сахиулах ажиллагааг хаана хэзээ хийсэн гээд бүгд гараад ирнэ.

-Таны хэлж байгаагаар Йемений Ерөнхийлөгч Али Абдулах Салех огцрох шаардлагагүй гэсэн үг үү. Эсвэл Йеменд илүү зүйл хэрэгтэй байна уу. Та түүнийг огцрох хэрэгтэй гэж бодож байна уу?

-Ямар ч удирдагчийн ирээдүй эцсийн дүндээ ард түмний гарт байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Би юу гэх гээд байна гэвэл түүнийг улс төрд шинэчлэл хийгээд өөрөө бууж өгөхийг хүсч байна. Ард түмэн нь ч үүнийг хүсч байгаа.

-Тиймээ, гэхдээ тэрбээр ард түмэндээ зарим шинэчлэл хийнэ гэж ам гараад байгаа шүү дээ. Жишээ нь, Засгийн газраа шинэчилж, ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах гэх мэт. Та түүнийг яг яах ёстой гэх гээд байгаа юм бэ. Уучлаарай, би таны хэлснийг сайн ойлгохгүй байна. Эсвэл та түүнийг Ливийн М.Каддафи шиг нэг өдрийн дотор 50 хүн алахаар нь НҮБ-ын цэргүүдийг оруулах гээд байгаа юм уу?

-Яг энэ зүйлийг НҮБ-ын Аюул­гүйн зөвлөл шийдвэрлэх хэрэгтэй болоод байгаа юм. Бид Али Абдулах Салехаас ард түмэндээ уян хатан байж буулт хийгээсэй л гэж хүссэн. Түүний энэ эрх мэдлийг ард түмэн нь өгсөн учраас буцаагаад авах эрхтэй. Үүнийг та ч ойлгох хэрэгтэй. Өмнө нь удирдаж байсан Ерөнхийлөгч нараас ард иргэдийнхээ үгийг сонсоод огцорч байсан удаатай.

-Та Йеменд очоод Али Абдулах Салехтэй ярилцаж үзье, мөн сөрөг хүчнийхэнтэй ярилцаад асуудлыг цус урсгахгүйгээр шийдвэрлэх ямар арга зам эрэлхийлье гэж бодож байв?

-Би одоо болтол юу болоод байгааг сайн мэдэж байгаа. Хүмүүсийг энэ мэт хороох нь яавч зөв биш гэдгийг  хэд хэдэн удаа хэлж үзсэн. Дахин ийм зүйл гарах юм бол хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.

-Та өөрийн байгууллагийн төлөөлөгчөө Ливи рүү илгээсэн. Тэгээд одоо юу хийж байгаа вэ. Ливид НҮБ-ын цэргийн ажиллагаа дуусахаар улс төрийн зорилгоо цааш үргэлжлүүлэх үү?

-Өнгөрсөн ням гарагт Триполигоос Ливийн эрх баригчтай сайн харилцаатай байгаа талаар мэдээлсэн. Яг энэ мөчид тэрбээр Ливийн одоогийн нөхцөл байдал, ирээдүйн талаар хэлэлцэж, цаашид ямар арга хэмжээ авах талаар ярилцаж суугаа.

-М.Каддафийн улс төрийн байр суурь, түүнийг огцруулах талаар ярилцаж байгаа байх?

-Энд улс төрийн яриа нэг их өрнүүлмээргүй байна. Хүний эрх чөлөөний талаар ярилцсан нь дээр байх. Гэхдээ энэ бол миний л бодол. Эхлээд цэргийн ажиллагааг зогсоож, ард иргэдийн үгийг сонсох нь чухал. Дараа нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх  нь зүйтэй байх.

-Гал зогсоолоо гэж бодоход М.Каддафи бууж өгсөн гэж ойлгох уу. Эсвэл түр зогсоосон гэсэн үг үү?

-Нэгдүгээрт, би дараа долоо хо­ногт ирэх төлөөлөгчидтэй уулзаж байж асуудлыг нухацтай хэлэлцэнэ. Хоёрдугаарт, НҮБ-аас гаргасан ямар ч шийдвэр “Хүний эрх чөлөө, үг хэлэх эрх, эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа” байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй.

-М.Каддафийг бууж өгсөн гэж бодход түүнийг Олон улсын шүүхээр “Хүний эрх ноцтойгоор зөрчсөн” хэмээн ял оноох болов уу?

-Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан түүнийг “Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэргээр мөрдөн байцаах байх. Энэ хэргийг тавдугаар сараас зургадугаар сард хэлэлцүүлж магадгүй. Миний таамаглаж  бай­гаагаар  Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан НҮБ-тай хамтран шийдвэрээ гаргах биз. НҮБ Ливид хүний эрх зөрчиж буй талаар хуулийн дагуу шийдвэр гаргах нь тодорхой.

-Хэрэв М.Каддафи  энэ хэвээр бууж өгөхгүй гэвэл яах вэ. Намагт суусан юм шиг гацчих юм биш биз дээ. Гарах гарц нь?

-М.Каддафи бүрэн тусгаар­лагдсан, хууль бус бүх зүйлээ хураалгасан. Одоо Ливийн ард түмэн цаашид ямар арга хэмжээ авах л үлдсэн.

-НҮБ босогчдыг дэмжиж М.Каддафийг унагаах зорилготой. Энэ зорилго хэвээр биз дээ?

-Тиймээ. Эвслийнхэн болон НҮБ  Ливийн ард түмнийг дэмжиж байгаа илрэл гэсэн үг.

-Та өнгөрсөн хэд хоног Бахрейний Эзэн хаантай уулзсан. Бахрейний талаар ямар байр суурь­тай байгаа вэ? НҮБ хөндлөнгөөс орох талаар ярилцаж, эзэн хаанаас асууж үзсэн үү?

-Бахрейний асуудал Ливиэс тэс өөр зүйл бололтой. Энд шийт болон суннист хоёрын хооронд үндэстэн ястны зөрчилдөөн тулгараад байгаа. Би Эзэн хаанд уг асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийг зөвлөсөн. Мөн босогчдын тэргүүнтэй уулзаж, олон улсын зөвлөгөөг дагах нь зүйтэй хэмээн хэлсэн.

-Тэгэхээр та Бахрейний Засгийн газар босогчид хоёрын хооронд бяцхан зохицуулалт хийсэн гэсэн үг үү?

-Би зүгээр санал болгож зөвлөгөө өгсөн төдий. Бахрейний асуудал хэрэв эергээр шийдэгдвэл баяртай байх болно. Харин үгүй бол энэ нь Персийн булангийн асуудалтай холбоотой гэдгийг дахин сануулна.

-Бахрейн Ираныг дотоод асуу­далд хөндлөнгөөс орж байгааг буруушааж гомдол гаргасан. Та Бахрейний зөв гэж бодож байна уу?

-Би Бахрейний Засгийн газраас албан мэдээ авсан. Ираны Га­даад хэргийн сайдаас захидал хүлээн авч одоогоор танилцах шатанд явж байгаа.

-Бид Бахрейнийг юу хүсээд байгааг мэднэ. Харин Иран юу хүсээд байгаа юм бол. Энэ талаар тодорхой мэдээл өгөхгүй юу?

-Энэ хоёр орон хоёулаа НҮБ-ын гишүүн. Иран Бахрейний асуудалд оролцох санал тавьсан. Бид тодорхой хариу өгөөгүй байгаа.

-Таны яриад байгаа зүйлээс та Арабын ертөнцөд болоод байгаа үймээн самууныг зохицуулаад яваад байгаа гэж ойлголоо. Гэхдээ та Ираныг оролцох тал дээр дуугүй болчих юм. Энэ орон Араб дахь нам тайван байгаа улсын нэг. Та яагаад Ираныг ингэж тусгаарлан анхааралдаа аваад байна вэ?

-Би энэ улсыг олны өмнө өчнөөн удаа буруушааж байсан. Тэгээд  маш их гомдол надад ирж байлаа.

-Та цаашид Иранд ямар арга хэмжээ авъя гэж төлөвлөж байна даа?

-Олон улсын шинжээчид Ираныг “Бахрейнийг тайван орхи, өөрсдөө ардчилсан байдлаар асуудлаа шийдэх нь зүйтэй” гэсэн.

-Та одоо Сирийн Засгийн газрыг ямар алхам хийгээсэй гэж бодож байна вэ?

-Энд ч бас адил. Энэ асуудал аливаа улсад тохиолдож л байдаг жижиг зүйл. Тиймээс асуудлыг энхийн замаар шийдвэрлэ. Ард түмэндээ бууж өг гэж зөвлөж байгаа.

-Та Сирийн Ерөнхийлөгч Башар Ал-Ассадтай жагсагчдын талаар ярилцах гэж утсаар холбогдсон уу?

-Одоохондоо үгүй. Амжаагүй л байна. Би Ливийн асуудалд их санаа зовж байгаа.

-Тодорхойлбол?

-Би хаа ч хүний эрх зөрчигдөж байгаа тохиолдолд санаа зовох болно.

-Тэгвэл та Палестины асуудалд та санаа зовж байсан уу?

-Та нар яах гэж асуудал болгоныг холбож байдаг юм бэ. Би тухайн үед Израилыг буруушааж байсан. Тэгээд Ойрхи Дорнодод энхийг сахиулах гэж баахан хөө­цөлдсөн.Одоо арай л гайгүй намжсан байдалтай байна. Та бүхэн энхийг сахиулах ажил ямар хэцүү байдгийг мэдэхгүй л болов уу.

Б.БААТАР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж