“Монгол улс жинхэнэ утгаараа ардчилсан орон”

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

“Монгол улс жинхэнэ утгаараа ардчилсан орон”

Бүгд найрамдах Польш улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскитай өргөтгөсөн хэлэлцээ хийж, үүнийхээ дараа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. Мөн өдрөө Польшийн Сейм (парламентын доод танхим)-ийн маршал Эва Копачтай болон Сенатын (дээд танхим)-ын маршал Богдан Борусевичтэй уулзсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү айлчлалын өмнө манай сурвалжлагч Сенатын маршал Богдан Борусевичтэй ярилцсаныг дор хүргэж байна.

-Польшийн ардчилсан хувьсгалын удирдагчид өнөөдөр төрийн эрх барьж байна. Та бол тэдний нэг. Хорин хэдэн жилийн өмнө зүүн Европод өрнөсөн ардчиллын төлөөх тэмцэл, бослогуудаас хамгийн түрүүнд Польшийн хувьсгал амжилтад хүрсэн түүхтэй. Энэ ялалт юутай холбоотой байсан юм бэ, яагаад Польш гэж?

-1970-аад оны дундуур Польшийн нууц сөрөг хүчин байгуулагдсан юм. Би тэр сөрөг хүчний ажилчны бүлгийг удирддаг байсан. Энэ сөрөг хүчин нь 1980 оны наймдугаар сарын бослогыг Гданьс хотод зохион байгуулсан бөгөөд Польшийн ард түмэн өөрчлөлт хийхэд бэлэн байгааг бид тэндээс олж харсан юм. Энэ бослого тайван замаар хийгдсэн нь танай ардчилсан хувьсгалтай адилхан гэж би боддог. Гэхдээ Польшийн иргэд монголчуудыг бодвол арай илүү эрх чөлөөтэй байсан байх. Үгээ хэлэх эрх, гадаад руу аялах эрх зэрэг нь бусад социалист блокийн орнуудын иргэдээс арай илүү байсан юм. Гэхдээ улс төрийн үзэл санаанаас болж биднийг шоронд хорьж суулгадаг байсан. Ухуулах хуудас хэвлэх, буруу агуулгатай ном хэвлэж тараах, нэг үгээр хэлбэл коммунист үзэл суртлын машин өөртэй нь үл нийцэх бүхнийг нухчин дардаг байсан юм.

Гэвч эцэстээ ард түмний энэ тэмцлийг дарах аргагүй болж, наяад оны сүүл гэхэд “Эв санааны нэгдэл” хөдөлгөөн ил гарахаас өөр замгүй болсон. Эрх баригчид  арван жилийн өмнөх шигээ цус урсгасан явдлыг давтах ямар ч аргагүй болсон. Яагаад гэвэл бүх ард түмэн нийтээрээ босоход бэлэн болсон байсан учраас хүн нэг бүрийг нухан дарах ямар ч арга байгаагүй. Ингээд коммунист дарангуйлалд  байж боломгүй буултуудыг эрх баригчид хийж эхэлсэн юм. 

-Тухайлбал, 1988 онд эрх баригчид та бүхэнтэй уулзаж, хагас ардчилсан сонгууль явуулахыг зөвшөөрсөн явдлыг та хэлж байна уу. Үнэхээр ч коммунизмд байж боломгүй буулт байсан биз?

-Тийм ээ. Энэ бол “Эв санааны нэгдэл хөдөлгөөн”-ий тэмцлийн хамгийн бодит үр дүн байсан юм. “Эв санааны нэгдэл” хөдөлгөөн Гданьск хотод болсон 1980 оны бослогын дараа байгуулагдсан. Тэр бослогоос бид хоёр зүйлийг эндээс ойлгосон юм. Нэгдүгээрт, Польшид өөрчлөлтийг удирдаад аваад явж чадахуйц сөрөг хүчин бий болсныг, хоёрдугаарт, тухайн үеийн улс төрийн болоод нийгмийн уур амьсгал өөрчлөлт хүсч байгааг мэдэрсэн. Тэгэхээр Ленины нэрэмжит боомтод Лениний хувьсгалын онолын дагуу хэсэг хувьсгалчид ард түмнийг удирдсанаар Ленинизмыг устгасан.

 -Польшийн ард түмэн коммунист дэглэмийг эсэргүүцэж, тэмцэж эхэлсэн түүх бүүр 1950-аад оноос эхэлдэг юм байна. Хэдэн арван жилийн турш ил, далд үргэлжилсээр байсан энэ тэмцлийг дарах, барихын тулд наяад оны эхээр дайны байдал зарлаж байсан гэдэг. Тэр үед яг юу болсон юм бэ?

-Онцгой байдал зарласан гол шалтгаан нь “Эв санааны нэгдэл”-ийг үгүй хийх, иргэдийн тэмцлийг дарах явдал байсан. 1981 онд тогтоосон дайны байдал хоёр жил үргэлжилсэн юм. Эрх чөлөөт нийгмийг хүссэн ард түмнийг хянахад хүч мөхөсдсөн Засгийн газар эцэстээ армийн генералуудын шийдвэрээр Онц байдал буюу коммунист дэглэмийн сүүлчийн арга хэмжээг авсан хэрэг.

-Ерэн онд Монголын ардчилсан хөдөлгөөнийхөнд Польшийн “Эв санааны нэгдэл” туслалмж үзүүлж байсан түүхтэй. Та энэ талаар сайн санаж байна уу?

-Тэгэлгүй яахав. Монгол Польшийн сөрөг хүчний хамтын ажиллагааны түүх нь 1980-аад оны сүүлчээс улбаатай. Эв санааны нэгдэл хөдөлгөөний тэмцлийн хоёрдугаарт шат буюу наяад оны дунд үе гэхэд социалист системийг бүхэлд нь өөрчлөхгүй бол болохгүй юм гэдэг нь харагдсан. Хэрэв энэ системийг бүхэлд нь өөрчлөхгүй бол бидний тэмцэл наян оны бослого шиг үр дүн багатай болж, үр дүнд хүрлээ ч коммунист систем хэмээх далайн дунд орших бяцхан арал мэт байх гээд байсан юм. Польшид тогтоосон дайны дэглэм “Эв санааны нэгдэл” хөдөлгөөнийг нухчин дарж чадаагүй. Тэмцлийн гурав дахь үе буюу наяад оны төгсгөл үед бидний эхлүүлсэн тэмцэл социалист блокийн бүх орныг хамарч, хамгийн сүүлд ЗХУ-д үр үндсээ тарьсан юм. ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт үүнд нэмэр болж, үндсэндээ 1990 оны намар Унгар, Болгараар үргэлжилсэн ардчилсан хөдөлгөөн Чехословак улсаар дуусч байлаа.

Харин төв Азийн орнуудаас Монгол Улс анх түрүүлж ардчилсан хувьсгалыг хийсэн орон хамгийн түрүүнд энэ хөдөлгөөнд нэгдсэн. Монголд ийм хөдөлгөөн өрнөхөөс аргагүй нөхцөл байдал үүсээд байсан. Монголын сэхээтнүүдийн дийлэнх нь ардчилал өрнөсөн орнуудад боловсрол эзэмшсэнээс гадна бусад орнуудад болж байгаа ардчилсан өөрчлөлтүүдийг мэдээллийн хэрэгслээс ил болон нууц байдлаар авч байсан явдал юм. Бүгд найрамдах Герман улс, Чехословак, ЗХУ, Польш орнуудад Монголын олон  сэхээтнүүд суралцаж байсан. Монгол орны ардчилсан хөдөлгөөний тэргүүн шугаманд Польшид боловсрол эзэмшсэн залуучууд байсан нь санаандгүй хэрэг биш юм. Суралцаж байх хугацаандаа нөхцөл байдлыг нүдээрээ үзэж, чихээрээ сонсч, өөрийн оронд ийм өөрчлөлтийг яагаад хийж болохгүй гэж гэдэг шийдэлд хүрч байсан хэрэг.

1990 онд тухайн үеийн МАХН-ын тэргүүлэгчид Засгийн эрхээ залуучуудад шилжүүлэхдээ энэхүү өөрчлөлт нь ийм өргөн цар хүрээнийх байна гэдгийг төсөөлөө ч үгүй байх. Бид өөрсдийнхөө зүгээс Монголын сөрөг хүчинд туслахыг хичээж, бүхэл бүтэн баг томилж явуулж байсан. Ард түмэнд дуу хоолойгоо хүргэхээс нааш ардчилсан хувьсгал үр дүнд хүрэхгүй гэдгийг мэдэж байсан учир хэвлэгч, өнгө сонгогч, хэвлэлийн техникч зэрэг хүмүүсийг монгол орон руу Монголын ардчиллыг дэмжихээр явуулсан.

Варшав хотоос Мачей Янковски тэргүүтэй зургаан хүний бүрэлдэхүүн Монголыг зорьсон. Пётр Згарше, Гжегож Ячински зэрэг ардчилсан сонгуулийн туршлагатай, хамгийн гол нь хэвлэх болоод хэвлэмэл хуудас тараах үйл ажиллагаанд гаршсан хүмүүс байлаа. Эдгээр хүмүүсийн хэвлэсэн плакат, ухуулах хуудас Монголын олон газар өлгөгдөж, эх орон руугаа буцахдаа хэвлэх төхөөрөмж, тэмцэл болон сонгуулийн туршлагаа монголчуудад өвлүүлэн үлдээсэн.

-Монголын ардчилал өнөөдөр хэр амжилттай яваа гэж та үнэлэх бол?

-Зөвхөн Монгол Улс төв Азидаа жинхэнэ утгаараа ардчилсан орон гэдгийг би баттай хэлж чадна. Ардчилсан сонгуульд ялагдсан эрх баригчид засгийн эрх мэдлээ дараагийн хүчинд шууд шилжүүлэн өгдөг. Энэ бол ардчиллын гол утга учир. Энэ бүсийн бусад орнуудын тухайд ингэж хэлж чадахгүй. Тухайлбал, Киргизэд болсон явдлыг харья л даа. Ардчилсан сонгуульд ялагдсан Акаев ерөнхийлөгчийг өөрчлөхийн тулд ард түмэн бослого гаргасан шүү дээ. Би энэ тухай ярих тоолонд хүмүүс ихээр гайхдаг. Хэдэн мянган бээрийн цаана байгаа Монгол орон үнэхээр ардчилсан эрх чөлөөг эдэлж чаддаг гэж үү? Европын орнуудаас илүү байна гэж үү? Зарим орноос харин илүү гэхээс дутах зүйл байхгүй гэж би байнга хариулдаг. Энэ бол Монголын нийт ард түмний байгуулсан гавьяа. Танай манай орнуудад ардчилсан хувьсгал болон ардчилсан сонгууль явуулж байхад Хятадад Тян-Анминий талбай дээр оюутнуудыг танкаар дайрч байсан шүү дээ.

-Та өнөөдөр хууль тогтоох дээд байгууллага Сенатыг тэргүүлж байгаа. Польшид ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд хууль, эрх зүйн шинэчлэл их чухал үүрэг гүйцэтгэсэн байж таарна. Монголын эрх зүйн шинэчлэлийн талаар таныг тун их мэдээлэлтэй байдаг гэж сонслоо?

-Миний ойлгож байгаагаар 1991 онд манайд батлагдсан анхны Үндсэн хуулийн загварыг Монголд хөрсжүүлснээр танай ардчилсан хөдөлгөөн хөл дээрээ бат зогсч чадсан. Таван жилийн дараа бид энэхүү Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, дахин баталсан. Монголчууд ч гэсэн цаг тухайн үедээ тохируулж, шинэ шинэ өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь Польшийн олон арван жилийн ардчиллын төлөөх тэмцлийн туршлага дээр бий болсон Үндсэн хуулийн загвар танай оронд амжилттай хэрэгжсэн нь маш сайн хэрэг.

Танай улс төрийн систем бол Ерөнхийлөгчтэй боловч парламентын засаглалтай. Өөрөөр хэлбэл, манайхтай ижил. Монгол орон бүс нутагтаа ганцаархнаа энэхүү системийг дагаж мөрддөг бөгөөд Ерөнхийлөгчийн засаглалыг сонгоогүй. Б.Ельциний дараа Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бусад бүгд найрамдах орнуудын үлгэр загварыг танай орон дагаж дуурайгаагүй. Хэрэв ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бол танай ардчилал арай өөр төрхтэй байх байсан. Танай улсад баримталж буй улс төрийн тогтолцоо нь иргэдийн амьдрал, эрх чөлөөнд улс төрийн систем сайнаар яаж нөлөөлж болохын хамгийн тод томруун жишээ.

-Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Би хувийнхаа зүгээс Монголын ард түмэнд удахгүй болох үнэдсний баярын мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсч байгааг уламжилж өгнө үү. Сар шинийн мэнд дэвшүүлье! (Сүүлийн өгүүлбэрээ монголоор хэлэв. сурв)

Ярилцсан З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж