
Хорвоод тээж төрүүлэн, өсгөн хүмүүжүүлж, үргэлж түүний талд бат зогсдог хайрт ээждээ зориулж дуучин Бейонсе тансаг харш бэлэглэжээ. Тэрбээр ээж Тинадаа зориулан Техас мужийн Хьюстон хотод 5.9 сая ам.долларын үнэтэй, зургаан унтлагын өрөө, 16 угаалгын өрөөтэй тансаг харш худалдан авсан байна. Нийт 8094 кв.метр талбай бүхий эдлэнд орших гурван давхар, тансаг зэрэглэлийн харш нь 2323 кв.метр талбайтай бөгөөд тоглоомын өрөө, дөрвөн гал тогоо, дасгалын өрөө, цахилгаан шат, хоёр жаккузи болон усан сантай гэнэ. Түүнчлэн Франц, Италийн архитектурын онцлогийг шингээсэн тус харшид Тина алдартай охиныхоо клип, тоглолт болон удахгүй бэлэн болох баримтат киног тухлан үзэхэд зориулагдсан тусгай үзвэрийн өрөөтэй аж. Мөн тансаг харшийн шалыг боржин болон гантиг чулуугаар хийж, гадна талд усан оргилуур, нарлаж, кофе уух тавцан зэргийг тохижуулжээ.