
Сар шинийн баяр дөхөж буй энэ үед хүн бүр баярын бэлтгэлээ хангахаар хөл хөдөлгөөн ч ихэсдэг. Тиймээс хотын захиргааны зүгээс зарим нэг зохицуулалтын арга хэмжээг авахаар болсон байна. Тухайлбал, хотын захиргаанаас худалдааны төвүүдийн ажиллах цагийг сунгахаар болжээ. Мөн томоохон худалдааны төвүүд рүү найман чиглэлд 50 гаруй автобус нэмж явуулахаар болсон байна. Уг буухиа автобус иргэдэд 400 төгрөгөөр үйлчлэх бол өндөр настнуудад үнэмлэхээр үйлчлэх гэнэ. Харин замын ачааллыг бууруулах зорилгоор баруун дөрвөн зам, Бөмбөгөрийн ард, 32-ын тойргийн эгнээг нэгээр нэмэхээр болжээ. Мөн энэ сарын 26, ирэх сарын 2-ны бямба гаригт тэгш, энэ сарын 27, ирэх сарын 3-ны ням гаригт сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй байх захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргажээ. Энэ ажлын хүрээнд ямар зохицуулалт хаана, хэрхэн хийгдэх тухай өнөөдөр 11.00 цагаас ажлын хэсгийнхэн ”Нарантуул” захад сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
Т.ДАРХАН