Нисгэгчгүй онгоц хэрэглэх нь аллага мөн үү?

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Нисгэгчгүй онгоц хэрэглэх нь аллага мөн үү?

АНУ 2001 оноос эхлэн террористуудыг устгахад нисгэгчгүй байлдааны онгоц хэрэглэж байна. Гэтэл нисгэгчгүй онгоцны довтолгоонд жирийн иргэд өртсөөр… Хууль эрх зүй, ёс суртахууны хувьд энэ байж болох зүйл мөн үү?

Пакистан Афганы хил орчмын нутагт нэгэн тосгонд ачааны машин ирлээ. Үзэсгэлэн яармаг нээгдсэн тул тэр тосгонд хөл хөдөлгөөн ихтэй. АНУ-ын Тагнуулын төв газрын мэргэжилтнүүд нисгэгчгүй онгоцны дамжуулсан зургийг хиймэл дагуулаас хүлээн авсан мэдээ, тагнуулчдынхаа мэдээтэй тулгаж үзээд, машины жолооч, түүний туслах хоёрыг террористууд гэсэн дүгнэлт хийжээ. Харин ачааны машинд хэдэн арван кг тэсрэх бодис ачаатай. Товчхондоо бол дугуйтай тэсрэх бөмбөг. Тэр бөмбөг дэлбэрвэл тосгонд хэдэн арван хүн амиа алдах аюултай. Ийм нөхцөлд цас урсгасан аллага гаргуулахгүйн тулд алс тэртээх АНУ-д ганц товчлуур дарахад л хангалттай. Ингээд нисгэгчгүй онгоц пуужин харвана, террористуудтай машин дэлбэрнэ, цус урсгасан аллага болохгүй…

Бага зэргийн “аллага”-тай статистик

2004 оны зургадугаар сараас 2012 оны есдүгээр сар хүртэл Тагнуулын төв газар болоод АНУ-ын армийн командлал 344 улаа нисгэгчгүй онгоцноос довтолгоо хийх тушаал өгчээ. Энэ тушаалын үр дагавартай холбогдох статистик тун энгийн. Нэг, хоёр террористыг устгаад, хэдэн арав, магадгүй хэдэн зууны хүний амийг аварлаа гэх. Тагнуулын төв газрын даргаар тун удахгүй томилогдох гэж буй Жон Бреннан үүнийг “мэс засал”-ын нарийн үйлдэлтэй холбон тайлбарладаг. Түүний хэлснээр нисгэгчгүй онгоц хэрэглэх нь “Аль-Каида” зэрэг “хорт хавдар”-ыг хажуугийн эд эсийг нь гэмтээхгүйгээр устгаж буй хэрэг ажээ.
 
“Аль-Каидагийн” гурав дахь толгойлогч шейх Саид аль Мазрийг нисгэгчгүй төхөөрөмжийн пуужингаар устгасан юм.

Дээр дурдсан тосгоны иргэдийг “дугуйтай тэсрэх бөмбөг”-өөс аврах тухай зохиомж Холливудын ертөнцөд дэндүү энгийн хялбар байх боловч амьдралд ойр зүйл биш. Хэрэв тэсрэг бөмбөг тээвэрлэсэн машины араас иргэдийн зорчиж буй автобус явж байвал яах вэ? Хэсэг хүний амиар бусад олон хүнийг аврах уу? Хэрэв алан хядагч мөн эсэхийг 100 хувь тодорхойлоогүй бол яах вэ?

2012 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд нисгэгчгүй төхөөрөмжийн цохилтоор зөвхөн Пакистанд 2562-3325  хүн алагдсаны 474-881 нь энгийн иргэд байлаа. Лондон дахь бие даасан эрэн сурвалжлах  сэтгүүлчдийн товчоо үүнийг тогтоосон байна. Тооны хэлбэлзэл маш их байгаа нь АНУ-ын засаг захиргаа нисгэгчгүй онгоц ашигласан мэдээллээ ил гаргадаггүйтэй холбоотой. Сэтгүүлчид мэдээллийг орон нутгийн сонин хэвлэл болон тэндхийн гэрч нараас цуглуулсан гэнэ.

Шүүхгүйгээр цаазлах эчнээ ял

АНУ 2011 онд террористууд, хууль бус зэвсэгт бүлэглэлийн гишүүд, хар тамхины наймаачдыг устгах зорилгоор Афганистан, Пакистан, Йемен, Сомали, Ливи болон Мексикт нисгэгчгүй байлдааны онгоц хэрэглэжээ. АНУ-аас гадна Их Британи, Израиль, ОХУ нисгэгчгүй аппарат ашигладаг, харин Германд зөвхөн тагнуулын зорилгоор л ашиглаж байна.

Техник технологийн дэвшлийн дүнд “зорилготойгоор устгах” арга нь шинэ зууны дайн байлдааны хамгийн гол аргын нэг болсон гэж Америкийн аюулгүй байдлын асуудлын шинжээч Армин Кришнан хэлж байна. “Зорилготой аллага” гэсэн нийтлэлдээ тэрбээр “Дайн шударга болсноос гадна зөвхөн гэмт буруутнаас гадна түүний төлөө хариуцлага хүлээгчид онилогдох болсон нь ёс зүйн хувьд зүйтэй алхам” хэмээн дүгнэжээ.

Шүүмжлэгчид нисгэгчгүй онгоц хэрэглэхийг улсын зөвшөөрөлтэй аллага хэмээн тодорхойлов. Хэрэв хоёр орон дайны байдалд байгаа бол байлдаанд оролцогсдыг хөнөөх нь зөв. Гэтэл Пакистан, АНУ хоёр дайны байдалд байхгүй учраас зорилготой аллагыг Пакистанд явуулж болохгүйг тэд онцолж байна.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард Стэнфордын их сургуулийн хуулийн факультет, Нью-Йоркийн их сургуулийн эрх зүйн сургууль хамтран “Нисгэгчгүй онгоцны сүүдэр дор” гэсэн хамтарсан илтгэл гаргажээ. Пакистанд нисгэгчгүй аппарат хэрэглэж буй тохиолдолд “шууд аюул заналтай” гэдгийг тогтооход бэрхтэй хэмээн илтгэлийг зохиогчид хэлсэн байна.

Цагаан ордон бүх үйл ажиллагаагаа нууцалж байгаа учраас тийм үйлдлийг үнэлэн цэгнэх аргагүй. “АНУ мэдээллийг нуун дарагдуулж байгаа нь олон улсын эрх зүйн үүргээ биелүүлэхгүй байгааг харуулж байна” хэмээн уг баримтад өгүүлсэн байв.

Гуантанамогийн шоронгийн оронд нисгэгчгүй онгоц

 
Мэдээлэл байхгүй учир нисгэгчгүй онгоц хэрэглэж буйн үр ашгийг бүрэн тооцоход хүндрэлтэй. Маш аюултай, эртнээс эрэн сурвалжилж байгаа террористыг олж устгахад хэцүү байдгийг шинжээчид хэлдэг. Тэднийг олж устгах магадлал ердөө хоёр хувьтай. Гэтэл нисгэгчгүй онгоц хэрэглэсний улмаас энгийн иргэдийн үрэгдэх магадлал нь түүнээс дээгүүр гэнэ. Үүний улмаас Пакистан мэтийн орнуудын байдлыг улам тогтворгүй болгодог байна.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Жорж Бушийн үед террорын хэргийн сэжигтнүүдийг барих нь АНУ-ын хууль ёс зүйд хамаарахгүй гадаад орнууд дахь тусгай шоронд хорьдог байсныг тоймч Армин Кришнан сануулав. Тэнд тэднийг шүүх, мөрдөн байцаалтгүйгээр хорьж, тамлан байцаадаг байсан юм. Барак Обама анх ерөнхийлөгч болоод хуулиас гадуурх тэр ажиллагааг зогсооно гэдгийг амлаж байлаа. Гэтэл тэр амлалт өнөөдөр ч биелээгүй байна. Гуантанамо дахь шорон өнөөг хүртэл хэвээр байгаа. Харин АНУ хорихоос илүү тууштай устгах ажиллагаанд шилжсэн гэдгийг шинжээчид хэлж буй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж