Виз мэдүүлээгүй бол хураамжийг буцаан олгоно

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Виз мэдүүлээгүй бол хураамжийг буцаан олгоно

Өмнөд Солонгос улсыг зоригсдын тоо огт буураагүй байна. Нэгэн үе монголчууд Солонгосын Элчингийн гадаа өдөржин дугаарлаж, өнжиж хонохдоо хүрдэг байсан бол визний мэдүүлгийг хэд хэдэн газарт зэрэг авдаг болсноор дугаарлан зогсож цаг алдахааргүй болоод байгаа юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод “Passport Express international”, “Монгол-Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг”, “Hang-Mong Law” зэрэг байгууллагууд визний мэдүүлгийг албан ёсоор авч байна. Эдгээр байгууллагад шинэ он гарснаас хойш нийт 300 гаруй иргэн виз мэдүүлэхээр хандаад байгаа юм. Өнгөрсөн оны аравдугаар сард БНСУ-ын виз олгох журамд орсон зарим өөрчлөлтийн талаар “Passport Express international” байгууллагын мэргэжилтнээс тодрууллаа.

-Солонгосыг зорихоор визний хураамж төлсөн ч виз мэдүүлээгүй иргэдийн хураамжийг буцаан олгож байгаа гэж сонслоо. Хэзээнээс олгох болсон бэ, хураамжаа буцаан авч буй хүн олон байна уу?       
       

-БНСУ-ын визний хураамж төлөөд виз мэдүүлээгүй монгол иргэдэд тус улсын ЭСЯ-наас хураамжийг буцаан олгох ажлыг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлүүлсэн. Монгол-Солонгосын визийн нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээр 2012 оны аравдугаар сарын 26-наас хүчин төгөлдөр болсон. Визэнд орохоор мөнгөө төлсөн ч ажил байдлын шалтгаанаар визээ мэдүүлээгүй хүмүүс цөөнгүй байдаг.

-Зөвхөн виз мэдүүлээгүй хүмүүст буцаан олгож байгаа гэсэн үг үү. Хүмүүс ойлгохдоо визэнд ороод татгалзсан хариу сонссон хүмүүс бас хураамжаа авна гэж ойлгоод байгаа. Энэ буруу юу?

-Тийм ээ. Визний хураамжаа төлсөн ч визний материалаа өгөөгүй хүмүүст л хураамжийг буцаан олгоно. Харин визэнд орсон ч татгалзсан хариу сонссон, өөрөөр хэлбэл виз нь  гараагүй хүмүүст хураамжийг буцаан олгохгүй.

-Шинэ журмаар өөр ямар ямар өөрчлөлт орсон бэ?

-Шинэ журамд хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна лээ. Аялал, жуулчлалын виз хүсэгч нь сүүлийн зургаан сар нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн, сарын цалин нь 700 мянган төгрөгөөс дээш бол хөрөнгийн баталгаа шаардахгүй болсон. Урьд нь 10-20 сая төгрөг бухий хадгаламжийн дэвтрийг хөрөнгийн баталгаа болгодог байсан бол дээрх шаардлагыг хангасан хүмүүс хөрөнгийн баталгаагүйгээр виз мэдүүлж болно. Гэхдээ нийгмийн даатгал төлөгч нь ямар нэгэн байгууллагад харъяалагдсан байх ба сайн дураараа даатгал төлөгч үүнд хамаарахгүй юм. Мөн сүүлийн хоёр жилийн дотор Шингений орнуудад хоёроос доошгүй удаа зорчсон хүн БНСУ-д зорчих олон удаагийн визийг шууд мэдүүлэх боломжтой. Заавал Солонгос руу аялсан байхыг шаардахгүй болж байгаа.

-Виз хүсэгчдээс татгалзсан хариу авч буй тохиолдол хэр олон байна вэ? Ямар шалтгаанаар виз олгохгүй татгалздаг бол?

-Он гарснаас хойш манай байгууллагаар дамжуулан 100 гаруй хүн виз хүссэн материалаа БНСУ-ын Элчин сайдын яаманд хандсан. Тэдний дөрөв нь л татгалзсан хариу сонссон. Ер нь дунджаар зуун хүнээс 2-6 нь бүтэлгүй хариу сонсдог. Олонх тохиолдолд хүмүүсийн бүрдүүлсэн материалаас болж татгалздаг. Солонгосоос ирүүлсэн урилга нь хуурамч байх, урилга илгээсэн хүн нь Монголоос хүн урих эрхгүй байх тохиолдол элбэг. Тиймээс хүмүүс бүрдүүлж буй материалынхаа үнэн зөв эсэхийг нягтлах хэрэгтэй байна гэлээ.

Холбогдох байгууллагын мэдээлж байгаагаар хураамж төлөөд виз мэдүүлээгүй 3000 гаруй монгол иргэн байгаагаас  дөнгөж 220 хүн л мөнгөө буцаан  авчээ. Иймд 2007 оны зургадугаар сарын 7-ноос хойш БНСУ-ын ЭСЯ-ны ХААН банкин дахь дансанд хураамж төлөөд визээ мэдүүлж амжаагүй иргэд энэ оны зургадугаар сарын 30-ныг хүртэл шаардагдах материалаа ЭСЯ-нд бүрдүүлэн өгч, хураамжаа буцаан авах боломжтой юм байна.  Хураамжийг буцаан авахын тулд хураамж төлсөн баримт, гадаад паспорт, виз мэдүүлэгчийн хадгаламжийн дэвтрийн хуулбар зэргийг бүрдүүлэх ажээ.

Д.ЦЭЭПЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж