Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Их тангарагийн өмнө

АНУ-ын улстөрийн түүхэн дэх хамгийн том соёл, уламжлал гэж хэлж болох үйл явдал бол ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол. 1789 оноос хойш түүхийн хуудас хэдэнтээ эргэж америкчууд ийнхүү 57 дахь тангараг өргөх ёслолтой учирч ирээд байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг АНУ төдийгүй дэлхий нийт чих тавин хүлээж сууна. Гэхдээ уламжлал болсон ёслолын жагсаал, тангараг өргөсний дараа болдог урлаг соёлын тоглолтыг нь хүлээсэнгүй. Шинэ хэдий ч хуучин ерөнхийлөгчийн хэлэх үг дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа хэрэг. Магадгүй Абрахам Ликольн, Франклин Рүүзвельт, Жон Кеннеди, Рональд Рейган нарын хэлсэн үгтэй дүйцэхүйц, түүхэнд үлдэх илтгэл ч байж болно. Ямар ч байсан түүнийг их тангаргаас гадна, нөр их ажил хүлээж байгаа. Түүнийг хийхэд ч мөн амаргүй.

Цөхрөлтгүй өөдрөг үзэл…

“Би өөдрөг үзэлтэй. Ямагт ийм үзэлтэй байх болно”. Энэ үгийг Барак Обама 2009 онд ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлж байжээ. Улаан зангиа зангидсан АНУ-ын түүхэн дэх цорын ганц хар арьст ерөнхийлөгч чухам энэ үгээрээ олны талархлыг дагуулж, итгэлээр өлгийдүүлсэн юм. Гэтэл бодит байдал түүний ярьж байгаагаас тохой илүү хэцүү байсныг өнгөрсөн дөрвөн жилийн түүх харуулна. Ерөнхийлөгчийн суудалд заларснаас 100 хоногийн дараа түүний рейтинг бараг 30 хувиар унав. Түүний санаачилсан хоёр ч хууль конгрессоос буцаж, сөрөг хүчний бат бөх ханатай тулгарсан юм. Угтаа үүнээс хойш нэг хэсгийнх нь талархлыг, нөгөө хэсгийнх нь дургүйцлийг тээн ерөнхийлөгчийн албыг хашсан билээ. Түүний цөхрөлгүй өөдрөг үзэлтэй үүнээс өөр маш олон асуудал учирч байсныг дэлхий мэднэ. АНУ-ын өрийн хямрал, ажилгүйдлийн өсөлт, эдийн засгийн удаашрал, жил болгон гарсан байгалийн гамшиг, огцом өссөн инфляци гээд явж өгнө. Угтаа түүний дөрвөн жилд хамгийн том хоёр үйл явдал тохиолдсон. Эхнийх нь Афганистанаас цэргээ гаргах амлалт. Хэдийгээр бүрэн дүүрэн хэрэгжээгүй ч тодорхой хэмжээний цэргүүд эх орондоо иржээ. Дараагийнх нь Осама Бин Ладеныг устгасан явдал. Осамбаг устгасаны дараа түүний рейтинг чимх ч болов дээшилсэн гэхэд болно.

“Нэгдсэн улсад олон саад бэрхшээл тохиолдож байгаа. Өрийн хямрал бол нэн тэргүүний асуудал. Гэхдээ бид түүхийн урт хугацааны туршид олон арван хямрал, хүнд бэрх байдлыг туулж ирсэн хувь зохиолтой. Тэр бүх хүмүүсийн үр удам нь одоо ажиллаж, амьдарч байна. Тиймээс бид ямар ч бэрхшээлийг хамтдаа туулна гэдэгт итгэдэг” гэж өнгөрсөн жил Барак Обама Цагаан ордноос мэдэгдэж байсан юм.

Чухам юу хэлэх бол?

Хүний юу хэлэхийг хэн ч урьдаас тааж чадахгүй. /Гоц авьяастай л биш бол шүү дээ/ Гэхдээ олон нийт томоохон хоёр сэдэв дээр түшиглэж илтгэлээ бэлтгэнэ гэж харж байгаа. Эхнийх нь галт зэвсгийн хяналт. Оны өмнөхөн Коннектикут хотын Сенди Хүүк бага сургуульд болсон аймшигт хэрэг АНУ-ын ирэх дөрвөн жилийн улстөрийн амьдралыг бүхэлд нь өөрчилсөн гэхэд болно. Галт зэвсгийн хяналтыг чангатгах хэд, хэдэн ажлыг хэрэгжүүлж эхлэв. Нью-Йорк, Коннектикут тэргүүтэй 10 гаруй муж галт зэвсгийн хяналтыг чангаруулж байгаагаа мэдэгдсэн бол АНУ Бууны хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайгаа мэдэгдсээр байгаа. Энэ бодлогыг бараг ногоон гэрлээр шахуу сенат батлах төлөвтэй. Тиймээс түүний тангаргийн илтгэлд яригдах эхний зүйл үүний тухай, АНУ-ын нэгдмэл байдлын тухай байх болов уу? “Яах аргагүй эхний таамаглал бол бууны хяналтын тухай асуудал. Бууны хяналтыг чангатгах шинэ хууль ч удахгүй хэрэгжиж эхэлнэ. Тиймээс эрхэм ерөнхийлөгч энэ тухай ярих байх. Магадгүй түүний илтгэлийн хамгийн хүчтэй хэсэг ч энэ байж болно” гэж Стенфордын их сургуулийн улстөр судлалын танхимын профессор Пабло М.Пинто ярьжээ.

Түүний илтгэлд дурьдагдах дараагийн сэдвийг  АНУ-ын эдийн засгийн өнөөгийн байдалтай холбож болох юм. Учир нь 2 хүрэхгүй хувийн эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн жил үзүүлсэн дэлхийн тэргүүлэх эдийн засаг ганхаж эхэлсэн учраас түүний илтгэлийн хамгийн амьтай хэсэг нь ч энэ байж болох талтай. Дорнын Хятад улс эдийн засгийн өсөлтөөрөө ирэх 20 жилд гүйцэж түрүүлнэ гэж эдийн засгийн томоохон мэргэжилтнүүд баталдаг. Мөн дээрээс нь ирэх хоёр жилд АНУ төсвөө танах, хөрөнгөтнүүдээс авах татвараа өндөрсгөх бодлого баримталж байгааг санахад илүүдэхгүй.

Түүхийн “дахилт”…

АНУ-д ерөнхийлөгч хэмээх албан тушаал бий болсноос хойш 224 жилийн туршид хоёр дахь удаагаа сонгогдсон 17 ерөнхийлөгч бий. Түүний нэг нь Барак Обама. Хамгийн гол нь түүний засаглалын жилд маш олон хүнд нөхцөл байдал бий болж байлаа. АНУ-ын түүхэнд тэмдэглэгдсэн агуу ерөнхийлөгчид ч түүхийн хүнд сорилтттой учирч байсан. Франклин Рүүзвельтийн үед эдийн засаг нь уналтад орох тийшээгээ хандаж байсан ч эдийн засгийн шинэчлэлтийг тэр хийж чадсан. Рональд Рейган үйлдвэрлэлийн уналт болоод хүйтэн дайны хүнд цаг үед улсаа нэр төртэй удирдсан. Харин Барак Обама яах бол. Эхний дөрвөн жилд түүнийг хангалттай олон сорилт хүлээж байсан бол ирэх дөрвөн жилийн улстөр, эдийн засгийн төлөв байдал тийм ч таатай бус.

Түүхийн хуудсыг эргүүлээд үзвэл хоёр дахь удаагаа сонгогдсон ерөнхийлөгч нарыг маш олон асуудал дагадаг байжээ. Тухайлбал Линдон Жонсоныг хоёр дахь удаагаа сонгогдоход Вьетнамын дайн, Ричард Никсоныг Вотергейтын хэрэг, Билл Клинтоныг албан тушаалаас нь огцруулах хүсэлт, бага Бушийг Катерина хар салхи болоод Ирак, Афганистанд явуулсан цэргийн ажиллагаа зэрэг олон асуудлууд дагаж, олон нийтийн дунд ч үнэлэмж нь тэр хэмжээгээр унаж байлаа. “Түүхээс харвал хоёр дахь удаагаа сонгогдож байгаа ерөнхийлөгч нар эхний дөрвөн жилийн алдаагаа давтахгүй байх нь ажиглагддаг. Гэхдээ бүгд гэсэн үг биш. Рейган, Франклин Рүүзвельт нарын нэр түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдлээ шүү дээ. Обамаг ийм түүх ч хүлээж байж болно. Эс бөгөөс Жорж Буш шиг ирээдүй ч хүлээж байхыг үгүйсгэхгүй” гэж ерөнхийлөгчийн сонгуулиар дагнан түүхийн ном бичдэг, түүхч, судлаач Роберт Мерри ярьжээ.

Рональд Рейганы хувьд татварын хүрээнд хийсэн шинэчлэлийг маш ухаалаг шийдвэр гэдэгтэй хэн ч маргадаггүй. Мөн хүйтэн дайны үед Зөвлөлт холбоот улстай харилцсан харьцааг ч улстөрийн хүрээнд хийсэн хамгийн том алхам гэж үнэлэгддэг. Түүхийн хуудсыг эргүүлээд бүр өмнөх үе рүү очвол Томас Жефферсоныг дурьдахгүй бол болохгүй. Тэрээр АНУ-ын газар нутгийг тэлэх, хөрш улсуудтай хийх хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж, Луйзанна мужийг өөрийн талд эргүүлж чадсан юм.

Тодотгол: Энэ удаагийн тангараг өргөх ёслол 1,8 сая доллар зарцуулах бөгөөд зохион байгуулах ажилд 300 мянган хүн оролцох аж. Энэ нь түүхэнд байхгүй их мөнгө төсөвлөсөн, хамгийн олон хүн зохион байгуулж байгаа тангараг өргөх ёслол юм.

Монгол Улсын цагаас шөнийн 00:00 цагаас АНУ-ын 57 дахь удаагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ажиллагаа болно.

Тоймч Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж