
“Багахангайн махны үйлдвэр”-ийн тэрбум төгрөгийн өртөг бүхий нөөцийн махыг устгахаар болсныг Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа мэдээлжээ. Тус үйлдвэр 2011 онд бэлтгээд Дархан-Уул аймаг нийлүүлэх гээд чадаагүй махаа 2012 оны нөөцөд нийлүүлэх гэсэн болох нь шалгалтаар тогтоогдсон аж. Харин энэхүү махыг хүнсэнд хэрэглэх боломжгүй тул улсын байцаагчийн дүгнэлтээр устгахаар болсон гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.Ганзориг хэлсэн байна. Мөн энэхүү махыг нөөцлөхөд зориулан олгосон хөрөнгө, мөнгө нь нийслэлийн төсвийн алдагдалд тооцогдоно. Тиймээс устгахаар болсон нөөцийн махыг хэзээ, хэн, хэрхэн бэлтгэсэн, нийслэлд хэдий хэмжээний хохирол учруулсныг тогтоох зорилгоор хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ.
Б.БИЛЭГ