
Хэлэлцүүлгийн эхэнд гишүүд Өмгөөллийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, өмгөөлөгчид өмгөөллийн тухай хуулиар зохицуулах харилцаа, олон улсын жишиг, Өмгөөллийн үйлчилгээний зах зээл ба зохицуулалт, Өмгөөлөх ба өмгөөлүүлэх эрх, эрх чөлөө зэрэг сэдвээр бэлтгэсэн танилцуулга мэдээлэл хийв. Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин уг асуудлыг илүү өргөн хэмжээнд буюу шүүхийн шинэчлэлийн хүрээнд хөндөж ярьсан бол, өмгөөлөгчдийн зүгээс хуулийн төсөлд өгөх санал, нэмж оруулах санаа оноогоо хэлэв. Уг хуулийн төсөлтэй холбоотой шүүмжлэлт санал багагүй гарсан бөгөөд эрх зүйн хамгаалалт сул, мэтгэлцэх зарчим хэрэгждэггүй, нотлох баримтыг олж авахад хүндрэл гардаг гэх зэрэг шлтгаан шаардлага тавьж байв.
Мөн шинэчилсэн төслөөр өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсөнд жишиг үнэ тогтоох зэрэг зохицуулалтыг шүүмжлэн, зах зээлийнхээ журмаар зохицуулагдаж байгаа харилцаанд оролцох нь тохиромжгүй, өмгөөлөгч хүний хэдий их хөдөлмөр, зардал гаргаж байгааг Хууль зүйн яамны хэн нэгэн яаж мэдэж тогтоох вэ хэмээн дургүйцсэн.
Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид “энэхүү хэлэлцүүлгээр гарсан санал бүрийг ажлын хэсгийн хуралдаанд оруулж хэлэлцэх бөгөөд зөв зүйтэй үндэслэл, шаардлагыг хуульд тусгахын төлөө ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.