
Монголын Залуучуудын холбоо 2012 оныг бодлого төлөвлөлтөө шинэ төвшинд гаргах жил болгон, нийгмийн олон салбарт ажиллаж буй залуусын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гарц олгох зорилготойгоор Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, их дээд сургууль коллежууд болон гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд, байгууллагуудад Залуучуудын зөвлөл байгуулах уриалгыг гарган, ажлыг эхлүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд Дулааны IV цахилгаан станц буюу ТЭЦ-4-д залуучууд салбар зөвлөлөө байгуулж 2013 оны нэгдүгээр сарын 18-нд тамга, гэрчилгээгээ МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатаас гардан авчээ. Тус салбар зөвлөлийн даргаар Дулааны IV цахилгаан станцын Зуухан цехийн инженер Т.Бямбадорж сонгогдон ажиллахаар болсон байна.
Тус холбоо нь 2012 оны арваннэгдүгээр сарын 20-нд анхны залуучуудын зөвлөлөө байгуулж байсан бол өнөөдөр 19 салбар зөвлөл байгуулагдаад байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар, “Нью Жуулчин Турс” ХХК, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Урлах эрдэм дээд сургууль, Хил хамгаалах 0311-р анги зэрэг газруудыг дурьдаж болно.
МЗХ нь цаашид Монгол Улсын бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Залуучуудын зөвлөлийг байгуулахаар ажиллаж байгаа гэж тус холбооны Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.