PC тоглоомын газарт бойжиж буй ирээдүй

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

PC тоглоомын газарт бойжиж буй ирээдүй

Аав нь хорвоог орхиж, ээж нь хаяад явсан 16 настай хүүгийн гэр нь болсон гэх  интернет тоглоомын газраар хүүгээр газарчлуулан, хууль хяналтын байгууллагынхантай хамт шөнийн, гэнэтийн шалгалт хийлээ. Хууль зүйн яамнаас зохион байгуулж буй шалгалтын багт Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан болон хэвлэл мэдээллийнхний төлөөллүүд багтсан юм.

Баянгол дүүргийн 15 дугаар хороо буюу “Билэг” их дэлгүүрээс VI бичил хороолол руу өгсөх замд байрлах “Gate world” тоглоомын газарт 22.30 цагийн орчимд ороход  100 орчим хүүхэд ид тоглож байв. Цагдаагийн ажилтнуудыг ороход тоглож суугаа хүүхэд, залуус “Ёо, 24.00 цаг болоогүй байгаа биз дээ. Зүгээр нэг тухтай тоглуулчихгүй, юун камер, цагдаа вэ” гээд эмээсэн шинжгүй, ундууцан угтсан юм.  Хуулийн дагуу бол интернэт тоглоомын газар нь 18 хүртэл насны хүүхдэд 21.00 цаг хүртэл, насанд хүрэгчдэд 23.00 цаг хүртэл үйлчлэх ёстой юм байна. Гэтэл хүүхдүүд энэ тухай мэддэггүй, тоглоомын газар ажиллуулж байгаа ажилтан ч энэ тухай огт дуулаагүй байсан нь хачирхалтай. Мөн садар самууныг сурталчилсан, мөрийтэй тоглоомын шинжтэй сайтууд руу нэвтрэхийг автоматаар хориглосон программ суулгах ёстой байтал шалгалтаар орсон бүх газруудын ажилтнууд ийм программ байдаг гэдгийг сонсч ч байгаагүй гэж хариулж байсан юм.

Тус тоглоомын газарт хүйтэн ундаа, бэлэн гоймон, хуушуур пирошки гээд хүүхдүүдийн шөнийн хүнсийг худалдаалдаг юм байна. Шөнө нь идэх хүнс буюу бэлэн хоол, чихэр, ундаа, тамхиа  бэлтгэн торлосон 16 настай хүү “Найзындаа хононо гэж ээжид хэлээд энд хоночихдог юм. Хоноход эднийх нэг хүүхдээс 3000 төгрөг авдаг. Хоол ундаа бэлтгээд ирвэл тухтай байдаг юм. Ганц хоёр тоглох шиг болоход л өглөө болчихдог” гэж ярив.

Дашрамд, PC толоомын газрууд яг зочид буудлууд шиг тав тух, орчин нөхцлөөс хамаараад зэрэглэлтэй байдаг гэнэ.  VIP өрөөтэй, хоол, ундаа, тамхи, шар айраг худалдаалдаг газрууд хоногийн 5000-7000 төгрөг, дундаж газрууд нь 3000, харин ямар ч агааржуулалтгүй, 00-ийн өрөөгүй, давчуухан, харанхуй тоглоомын газруудад хоновол 1500 төгрөгийн ханш нэгэнт тогтжээ. 

“Хууль, журам зөрчиж хүүхдүүдийг хоногоор тоглуулдаг энэ мэт газруудыг журамлах, эрх зүйн орчныг нь сайжруулах зорилгоор Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар гаргасан ажлын хэсэг ажиллаж байна. Өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сард хийсэн шалгалтаар 136 газар зөрчилтэй илэрсний нэг нь “Gate world” гэх энэхүү газар мөн л хүүхэд хонуулдаг зөрчилтэй гарч байсан. Гэвч зөрчлөө арилгаагүй байна. Ийнхүү цаг хэтрүүлэн ажилласан буюу хүүхэд хонуулсан тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгодог. Тиймээс эрх зүйн орчныг сайжруулж, хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын ажилтан Б.Баатархүү ярьсан юм.

Ихэнх тоглоомын газрууд дунджаар 100 компьютертой байдаг бөгөөд өдрийн цэвэр ашиг нь дунджаар 300 орчим мянган төгрөг байдаг гэнэ. Иймэрхүү ашиг олж байхад тэдэнд 20 мянган төгрөгийн торгууль дэндүү хөнгөдөх нь мэдээж. Тиймээс зөрчлөө арилгах дохио өгөхүйц торгууль, хариуцлага ногдуулах тухай төслийг батлуулах тун дөхөж байгаа тухай мэргэжлийнхэн сануулж байв.

“Угаасаа зөвшөөрөл байдаггүй”

Шалгалтаар явж байхад анхаарал татсан нэг зүйл бол PC тоглоомын газрыг нээж, ажиллуулахад “Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл” олгодог газар байдаггүй юм байна. Урьд нь энэхүү зөвшөөрлийг Соёл, урлагийн газраас олгодог байсан гэнэ. Гэтэл шинэ дүрэм батлагдсанаар одоогоор зөвшөөрөл олгодог, зөвшөөрөлтэй эсэхийг нь шалгах, хариуцлага тооцох байгууллага алга. Мэдээллийн технологийн газрын ажилтны мэдээлснээр, Нийслэлийн Онцгой байдлын газраас галын дүгнэлт авсан, дүүргийн цагдаа нартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тохиолдолд хэн дуртай нь энэхүү бизнеийг эрхэлж болдог тул чамгүй ашигтай уг бизнес ид цэцэглэж байгаа ажээ.

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, зургадугаар бичил хороолллын байрууд дунд байрлах “Game Arena” тоглоомын газар. Хаах ёстой цагаас 15 минутын өмнө буюу 22.45 цагийн үед ороход 15 компьютер бүгд “эзэнтэй”, цэнгээний газраас үнэртдэг эхүүн үнэр буюу тамхины үнэр толгой эргэм үнэртэж байсан юм. Хяналтын камерийн өрөө гэх “нууц” өрөөнд ороход Нонгшим гоймон төрөл бүрээрээ 50 орчим хайрцаг байгаа харагдав. Мөн албаныхан камерийн бичлэгийг шалгахад шөнө дунд бага насны хүүхдүүд тоглож байлаа.

Энэ үед 23.00 цаг болж 13-25 насны үйлчлүүлэгчдийг гарахад тус газрын ажилтан залуу “Энэ хүмүүсийг явахаар ороод ир ээ, нэг их удахгүй нь тодорхой” гэж шивнэж дуулдсан юм. Дуртай нь аргагүй зөвшөөрч байгаа залуустай хамт яваа гэх 13 настай охин “Ёстой нэг тоглох эрхэнд хүртэл халдчих юм байна л даа” гэж ширэв татаж байсан юм. Тоглоомын газруудад охид цөөнгүй байгааг харсан хэвлэлийнхэн “Охидыг цэрэгт явуулах болсон гэж яриа гардаг нь үнэн юм байна” гэж хошигнож байв.

Амьсгалах агааргүй, хүүхдүүдийг хоноглуулдаг, ямар ч хаяг, хугацаа,  баталгаагүй бургер зэрэг хөнгөн зуушаар үйлчилж байгаа “Game arena” гэх энэхүү газарт шалгалтын багийнхан анхааруулаад өнгөрлөө. Угтаа зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүнийг хураан авах, устгал хийх эрхтэй НМХГ-ын ажилтан бүсгүй “Наад бургер зэргээ устгаарай” гэхээс өөр үг хэлсэнгүй. Мөн энэ газар олуулаа тоглохоор ирсэн нөхдүүдийг хамтад нь VIP өрөөнд үнэгүй оруулж, “урамшуулдаг” тул хүүхдүүд ангиараа, бүлгээрээ ирэх дуртай байдаг гэнэ.

Баянгол дүүргийн 19 хороо 103 дугаар байрны 4 тоотод байрлах 30 компьютертой тоглоомын газарт жинхэнэ бага насны хүүхдүүд хөл бөмбөг, Dota, Контор, тетрис зэрэг тоглоомыг тоглон ид орилолдоцгоож байлаа. Шөнийн 24.00 цаг өнгөрсөн байхад хүүхдүүд цагдаа ах нараас айсан шинжгүй байх төдийгүй тоглоомдоо улайрснаас орчноо мэдрэхээ байсан 20 гаруй хүүхдийг цагдаа нар  хүчээр шахам компьютероос нь салгаж харагдав. Энэ үеэр бага насны хоёр хүүхэд тоглож байсан нь Нийслэлийн цагдаагийн газрынхны дотно танил буюу Хаяг тогтоох газар “данс”-тай хүүхдүүд аж. Нийслэлийн цагдаагийн газрын Хаяг тогтоох газрын дарга Ч.Аюурзана тэднийг олж авсандаа тун их баярлаж харагдана. Түүнээс Хаяг тогтоолгох төвийн үйл ажиллагааны тухай тодрууллаа.

-Хаяг тогтоолгох төвийн байнгын үйлчлүүлэгч энд бас байж байна уу даа?

-Харин тийм ээ. Уг нь энэ хоёр хүүгийн ээж, аав байнга манайхаас хүүхдүүдээ аваад явдаг юм. Гэхдээ маргааш нь л гэхэд гэрээсээ оргочихдог гэсэн. Хөөгөөд явуулдаг, хүүхдүүд нь зугтаадаг алин болохыг бид мэдэхгүй юм. Манайд хүүхдүүд ихэвчлэн PC тоглоомын газар, зах, үйлчилгээний газруудаас баригдаж ирдэг. Дүүргийн цагдаа нартай хамтарч эцэг, эхийг нь олоод сануулга өгч, гарын үсгийг нь зуруулаад хүүхдийг нь хүлээлгэн өгдөг. Энэ хоёр хүү гэхэд найман жил гадуур тэнэсэн. Мөнгөтэй болохоороо PC-д хонодог. Мөнгөгүй бол орц, траншейнд хоночихож байгаа юм.

-Байнга хүүхдээ тэнүүлээд байгаа аав, ээжид хариуцлага тооцох уу?

-Хүүхдээ гуйланчлуулсан, тэнүүлсэн эцэг, эхчүүдэд Захиргааны болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой. Бид энэ тухай саналыг дүүрэг, хороодын цагдаад байнга тавьдаг. Мөнгөн торгуулиас цагдан хорих хүртэл арга хэмжээ авах заалт бий. Даанч хууль хэрэгждэггүй юм. Бид эцэг, эхэд нь арга хэмжээ авч, эцэг эх байх эрхийг нь хасах саналыг дүүрэг бүрийн цагдаагийн хэлтэст тавьдаг. Даанч тэд тоймтой арга хэмжээ авахгүй байгаа юм.

-Одоогийн байдлаар хариуцлага хүлээсэн ээж, аав байдаг уу?

-Байхгүй.

-Нийслэлийн хэмжээнд хэдэн асрамжийн газар байдаг вэ? Ер нь санхүүжилт, багтаамжийн хувьд хүрэлцээтэй байдаг уу?

-Нийслэлд 2-11 жил тэнэмэл байдлаар амьдарсан нийт 130 хүүхэд байдаг юм. Энэ хүүхдүүд эцэг, эхтэйгээ таарахгүй гэх мөртлөө асрамжийн газраас мөн зугтчихдаг. Нийслэлд 22 байгууллагын 38 асрамжийн газар байдаг. Эдгээрээс зургаа нь төсвөөс санхүүждэг гэлээ

Шалгалт хийсэн “Angel”, “Game world”, “Game Arena” зэрэг таван тоглоомын газарт хүүхэд хонуулж тоглуулдаг, хугацаа нь тодорхойгүй бүтээгдэхүүн худалдаалдаг, агааржуулалтгүй, гэрэлгүй, орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг дутагдал илэрсэн юм. Гэвч энэ удаагийн шалгалт байгаа байдалтай танилцах, анхааруулах, хууль хэрэгжүүлэх арга хэмжэг судлах зорилготой тул ямар ч арга хэмжээ, торгууль ногдуулаагүй юм.

Шалгалтын багийнханд тоглоомын газруудыг зааж өгч байсан 16 настай хүүтэй хэсэг ярилцлаа. Тэр Сэлэнгэ аймгаас нийслэлд ирээд жил гаруй болохдоо  PC тоглоомын газруудаар амьдарч яваа гэх.

-Ямар учраас гэртээ харихгүй, тоглоомын газраар жил гаруй хонож байна вэ?

-Аав маань талийгаач болсны дараа ээж намайг хотод авчирч, Т.Ганди эгчийн Сансарт байдаг “Гэртээ харих зам” асрамжийн газарт орхиод явсан. Одоо ээж рүүгээ залгахаар утас нь холбогддоггүй юм. Тэр асрамжийн газарт ах нар дээрэлхэж зодоод, багш нар дарамтлаад байхаар нь зутчихсан. Гадуур хоноглож байгаад хэд, хэдэн удаа баригдахад буцаагаад тэнд аваачаал өгчихдөг юм. Би яаж тэр газар амьдарч тэсэх билээ…

-PC-д хонох мөнгө, хоол, хувцасны мөнгөө яаж олдог юм бэ?

-Өдөрт нь гуйлга гуйна, үлгэрийн ном, бохь, машины үнэртүүлэгч зараад мөнгө олдог. Жишээ нь, “Тод өнгө” гэдэг газраас 600 төгрөгөөр үлгэрийн ном аваад 2500 төгрөгөөр зардаг.  Үнэртүүлэгч ч гэсэн нэг нугарсан ашиг өгдөг.

-Өдөрт дунджаар хэдэн төгрөг олдог вэ?

-Ер нь л 25 орчим мянган төгрөгийн ашигтай ажилладаг.

-Байнга ороод хоноод байхад PC-ны хүмүүс юм хэлэхгүй байна уу?

-Юу ч хэлдэггүй ш дээ. Гэхдээ өдөр болгон орохоосоо санаа зовоод тоглоомын газруудад ээлжлээд хонодог. Заримдаа хонох мөнгөгүй болохоороо орцонд хоночихдог. 

-Байнга тоглоод байхаар толгой, нүд нь өвдөхгүй байна уу?

-Ерөөсөө өвдөггүй. Харин ч гоё байдаг ш дээ.

Ийнхүү бидний ирээдүй болсон бага насныхан орцны хонгилын тоглоомын газруудад бойжиж байна. Даанч манайд эдгээр тоглоомын газруудад зөвшөөрөл өгөх эсэхийг шийддэг, шаардлага тавьдаг, эс биелүүлбэл хариуцлага тооцож, эрхи йг цуцалдаг албан байгууллага, албан тушаалтан ч алга.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж