“Жем интернэшнл”-ийн зөвшөөрлийг түдгэлзүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

“Жем интернэшнл”-ийн зөвшөөрлийг түдгэлзүүллээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнөөдөр “Жем интернэшнл” ХХК-ийг  зар сурталчилгааны тухай хуулийг зөрчин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр архины зар сурталчилгаа түгээсэн гэж үзэн, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр сарын хугацаатай түдгэлзүүллээ. Учир нь энэ сарын 1-нд TV7 телевизээр цацагдсан “Үлгэрийн хайр” киноны дундуур “Жем интернэшнл” компанийн дөрвөн төрлийн архины  сурьталчилгааг ард нийтэд түгээж, Монгол Улсын хууль тотоомжийг зөрчсөн гэж үзсэн байна. ШӨХТГ-ийн дарга О.Магнай тус компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг энэ сарын 18-нд ҮХААЯ-ны шийдвэр гаргагчид хүлээн зөвшөөрч, архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хоёр сараар түдгэлзүүлсэн аж.

Энэ талаар “Жем интернэшнл” компанийн эх сурвалжаас тодруулахад “Цацахыг хориглоод байсан уг киног TV7 телевизийн ажилтны буруугаас болж эфирээр цацсан юм билээ. Уг ажилтанд арга хэмжээ тооцсон гэсэн. Мөн тус киноны зохиогчийн эрхийг эзэмшигч Н.Ариунболд, “Жем интернэшнл” ХХК нар энэхүү нөхцөл байдалд өөрийн гэм буруугүй гэдгийг нотлуулахаар Баянгол дүүргийн шүүхэд энэ сарын 10-нд иргэний нэхэмжлэл гаргаад байгаа гэсэн. Тиймээс манай компанийн зүгээс шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлсэнд харамсч байна” гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж