
Хотын Кунлун дүүргийн цагдаагийн газрын даргын мэдээлснээр хэрэг гарсан өдөр гэмт этгээдийн 17 настай хүү түргэн тусламж дуудсан байна. Тухайн үед эцэг нь ээжийг нь зодож, гарыг нь хугалсан, ээж нь татаж унасан тул хүү эмнэлгийн байгууллагад хандсан байжээ. Гэвч эх, хүү хоёр түргэн тусламжийнхныг ирэхээс өмнө зугтаж амжсан аж. Түргэн тусламж ирэхэд алуурчин эхнэрээ тагтан дээр байгаа хэмээн худал хэлж тэднийг гэртээ оруулжээ. Дараа нь алуурчин тэдэн рүү хутга барин дайрахад сувилагч нар зугтаж амжсан боловч эмч гарт нь өртжээ.
Удалгүй цагдаа нар хүн амины хэрэг гарлаа гэсэн дуудлага авчээ. Гэвч алуурчны хүү ээжийгээ хамгаалахын тулд түргэн тусламж дуудсан уу, эсвэл эх нь тэр явдлын үеэр татаж унасан уу гэдэг нь тодорхойгүй байгаа гэнэ. Гэмт этгээд эмчийг хөнөөсний шалтгаан нь тодорхойгүй байгаа аж.
Бээжин хотын яаралтай түргэн тусламжийн төвийн ажилтны хэлснээр эмч нар зарим тохиолдолд сэтгэцийн өвчтэй болон түрэмгий өвчтөнтэй тулгарсан үед цагдаагийн тусламж авахаас аргагүйд хүрдэг аж. Гэвч ихэнх тохиолдолд энэ нь тэдний цаг, хүчийг дэмий үрснээр дуусдаг аж. Эмч нар биеэ барьж чадахаа больсон, сэтгэцийн өөрчлөлттэй, согтуу өвчтөнөөс биеэ хамгаалах сургалтад хамрагддаг боловч үүнтэй адил хэрэг огт гарч байгаагүй гэнэ.
Хятадын Эмч нарын холбоо эмчийн амийг хөнөөсөн дээрх хэргийн дараа мэдэгдэл хийж, хэргийг зүгээр орхихгүй хэмээн мэдэгджээ.