
Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд 2012” наадам энэ жил 12 дахь жилдээ болж байгаа билээ. Яруу найраг, хүүрнэл зохиолын богино болон томоохон бүтээл, жүжиг, кино, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран сайхны киноны зохиол гэсэн төрлүүдээр оны шилдгүүдээ шалгаруулах тус наадам энэ сарын 26-нд болохоор болжээ. Энэ удаагийн “Алтан өд” наадамд дээрх найман төрөлд давхардсан тоогоор 76 уран бүтээлч өөрийн бүтээлээ ирүүлсний дотор яруу найрагч Д.Баянтунгалагийн “Зэлүүд сарны галбир”, Л.Батцэнгэлийн “Миний элсэн цаг”, зохиолч Г.Мэнд-Оёогийн “Гэгээнтэн”, Ж.Сарантуяагийн “Сорхугтани хатан”, Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг”, С.Баттулгын “Ур модны зүүд” зэрэг олны анхаарлыг татсан олон зохиол багтжээ. Энэ удаагийн наадмыг “Монос” групп ивээн тэтгэж TV5, “Эх орон” телевизүүд хамтран ажиллахаар болсон байна. Сонирхуулахад энэ удаад наадмыг зохиолч, уран бүтээлчдийнхээ дунд тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс болох газрын нэрийг энэ удаад олон нийтэд зарлахгүй байхаар шийдвэрлэжээ.
Т.ДАРХАН