
Ерөнхийлөгч өчигдөр Польш улсад буун, тус улсад амьдардаг монголчуудтай уулзалт зохион байгуулж, нээлттэй ярилцлага хийсэн юм байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскитэй хэлэлцээ хийж бөгөөд айлчлалын арга хэмжээ Сеймийн маршал Эва Копач, Сенатын маршал Богдан Борусевич, Ерөнхий сайд Дональд Туск нартай албан ёсны уулзалтаар үргэлжлэнэ. Мөн Варшавын Их сургуульд лекц уншиж, БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн хамт Монгол-Польшийн бизнесийн уулзалтад оролцож, үг хэлэх юм. Мөн Польш дахь Монгол судлалыг дэмжих үүднээс Варшавын Их сургуульд шинээр байгуулагдаж буй монгол хэлний ярианы дадлагын танхимыг албан ёсоор нээх зэрэг арга хэмжээнд оролцоно. Айлчлалын үеэр Монгол, Польшийн Засгийн газар хооронд эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурна.