Монгол улсын Засгийн газраас сайтуудад коммент бичиж, “өөрсдийг нь илчилж, доромжилж” буй асуудлыг цэгцлэх даалгаврыг харъяа агентлагтаа өгч, түүнийг нь дор нь гүйцэтгэхээр “бие сэтгэл нь шулуудсан” дарга нарынх нь үндэслэлийг сонслоо. Үнэндээ даажигнаад байна уу даа л гэж бодогдож байна. Энэ талаар эсэргүүцэл илэрхийлж байгаа сэтгүүлчид, нийтлэлүүдийн байр суурийг харлаа, Баабар гуайн нийтлэлийг уншлаа. Үнэндээ Ардчилсан намын шинэ үе гэгдэх залуучууд Ардчиллын оюун санааны удирдагчдынхаа үгийг сонсохоо больжээ. Юм ч уншихаа больсон байна, гомдомхой, тунимхай болсон байна, хүний эрх, эрх чөлөө, боловсролын тухай, мэдээлэл харилцааны тухай их явцуу ойлголттой болсон байна.
Тийм учраас мэтгэлцье гэж бодож байна. Фэнгшү Ганбаатар гуай их сайхан зүйл эхлүүлсэн нь энэ “нээлттэй мэтгэлцээн”. Төрийг төлөөлж шийдвэр гаргаж байгаа бол түүнийгээ хамгаалах ёстой, үндэслэлээ нотлох ёстой. Зохиосон төсвөө хамгаалж, батлуулж чадалгүй унаж байсан шигээ түргэн түүхий зүйл ярьж мэдээлэл харилцаа холбоо, тэр дундаа интернэт, түүний хэрэглээг зохицуулна гэвэл хариуцлагагүй гэхэд багадахаар зүйл болно.
Интернэт дэх коммент гэж юу вэ гэдгийг эхлээд тодруулъя.
Энэ салбарыг хариуцдаг төрийн төлөөний байгууллага болох Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаагийн “Цагийн Хүрд” нэвтрүүлэгт оролцох үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулсныг info.mn сайт дурджээ. Энэ ярилцлагаас харахад, гол үндэслэл нь “хэрвээ Жадамбаа гэдэг хүний тухай гарсан мэдээллийн доор муулсан, доромжилсон, гэмт хэргийн шинжтэй коммент бичвэл тэр хүнийг цагдаа амархан олж болох техникийн боломжийг бий болгох зорилготой” аж. Ямар нэг сайтад коммент бичих болбол тусгай код авч байж бичих ёстой гэнэ.
Тэгвэл коммент гэж юу вэ? Яаж бичигддэг вэ?
Коммент гэдэг нь аливаа сайт, блог гээд өргөн утгаараа интернэтэд байгаа аливаа мэдээ мэдээлэл, контентын дор тухайн уншигч, тухайн вэбсайтад зочилж буй хүмүүсийн үлдээж буй хариу үйлдэл, реакц юм. Вэб 2.0 технологийн уншигч, харилцагчтайгаа эргэх холбоо бий болгосон гайхамшигтай зүйл, дээр үед сонины редакцид ирдэг байсан мянга мянган шуудай захидалтай зарчмын хувьд ижил зүйл. Хэн нэгнийг муулсан бол коммент гээд бусдыг нь коммент гэхгүй гэж ойлгож болохгүй. Өдөрт сая сая контент үйлдвэрлэгдэж түүний доор сая сая коммент бичигдэж байна. Зөвхөн улс төрийн мэдээ мэдээллийн доорх комментоос болж бүхэл бүтэн интернэтийн давуу талыг хянаж цагдана гэвэл том алдаа, том ч “тэнэглэл” болно. Комментыг хаана интернэт хэрэглэж байна, тэндээсээ л бичнэ. Төрийн байгууллагынхан шиг нууцаар, ажлын цагаар, албаны компьютерээс бичих албагүй.
Комментыг Америкаас Автсралиас гээд дэлхийн өнцөг булан бүрээс бичиж болно. Ямар ч хэл дээр бичиж болно, комментын хэлбэр агуулга нь тухайн мэдээ мэдээллээсээ хамаараад хүмүүст өөр өөр утгаар ойлгогдож болно. Жишээ нь, нэг хүнд доромжлол мэт санагдсан зүйл нөгөө хүний хэлэх гэсэн зүйл байвал тэр комментыг хувилж, дэмжиж байгаагааг илэрхийлж болно. Энэ бүхэнд хамаг ажлаа алдаад, хэдэн цагдаа нарыг ч дарга нарын тухай коммент шүүрддэг ажил хийлгээд байж болохгүй. Харин ч комментоос дарга нарын хууль бус зүйлийн тухай ихийг мэдэж авах боломжтой эд. Комментыг гар утаснаасаа, iPad-наасаа, зөөврийн компьютерээсээ, хэзээ ч бичиж болно. Бизенсийн салбарынханд коммент ямар их ашиг тустайг үгээр хэлэхэд багадах биз, угаасаа бизнес контентын доор коммент бичдэг бизнес хүртэл бий. Бизнес бол хүмүүсийн хэрэгцээг хайж олоод хангаж өгдөг төлбөртэй үйл ажиллагаа гэж үзвэл бизнесээ хэрхэн сайжруулах тухай комментоос санаа авч болно. Комментыг бааранд найзуудтайгаа хуучилж суухдаа, автобусанд, галт тэргэнд, машин дотор, гэртээ, 00-д сууж байхдаа, хөлбөмбөг үзэж байхдаа, сумо үзэж байхдаа ямар ч үед, юу ч үзэж байсан бичиж болно. Хүн өдөрт хэдэн ч сайтад зочилж хэдэн ч коммент бичихийг хэн ч таашгүй зүйл. Энэ бүхэнд паспортоо бариад, регистрээрээ бүртгүүлээд явна гэдэг “хоолондоо барааны саван хольж идэхтэй адил галзуу тэнэг” сонсогдож байна.
Доромжлол гэж юу вэ?
Маш харьцангуй ойлголт, субьектив ойлголт. Хулхи барилгын компаниас чанар муутай байр авчихаад бухимдаж байгаа хүмүүс бухимдлаа ямар ч үгээр илэрхийлж болно. Нялх хүүхдээ тэврээд хэзээ ч эргэж ирэхгүйгээр урсаж одсон эхнэр, хүүхдийг нь аврах боломж байсаар байтал чадаагүй Сэлэнгийн онцгойнхонд юу ч гэж хэлж болно оо доо, үүнийг доромжиллоо гэх үү? Доромжлуулсан иргэний хохирол, хууль зүйн утгаараа ч, бодит утгаараа ч ямар хэмжээтэй байх вэ?Бизнесийн нэр хүндэд хэрхэн халдсаныг ашиг орлого буурснаар хэмжиж болно, улс төрд байгаа хурган даргын доромжлуулсан хохирлын хэмжээг хэрхэн тогтоох вэ?
Аливаа редакцын зорилго нь нийтлэл мэдээ мэдээллийг хүмүүст хүргэх болохоос тэдгээрийн доор бичсэн сэтгэгдэлийг хүмүүст хүргэх чухал биш. Хэрэв үнэхээр онцгой, Жадамбаа даргын хэлээд байгаа шиг “доромжилсон сэтгэгдэл” байвал асуудал үүсгээд редакц шийдвэрлэх ёстой, хэрэв маш ноцтой тоо, мэдээ мэдээлэл, баримт байвал энэ нь харин ч хууль цагдаагийнхны хийх ажил, түүнийг шалгаж мөрдөх, байрлал, цаг хугацаа, бичсэн эзнийг тогтоох бүх боломж нь хууль хүчнийхэнд байгаа, байх ёстой, хэрэв боловсрол нь л хүрдэг юм бол. Харин санаатай, зориуд хүний нэр хүндэд илт халдсан коммент байлгаад байвал үүнийг редакцын бодлого гэж үзнэ. Яагаад гэвэл олон нийтэд зориулсан сайтаар зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, олон нийтэд илтэд буруу үлгэр үзүүлсэн хүнд түүнийгээ гүйцэлдүүлэх боломж олгож өгсөн гэдэг шалтгаан гарч ирнэ.
Гэвч энэ хоорондох зааг ялгаа нь маш субьектив. Зарим нэг доромж мэт санагдах үг, нөгөө хүнд шоглоом шиг сонсогддог. Саяхан фээсбүүкийн онигоо группт нэг ийм онигоо тавигджээ. “Далай лам Элбэгдорж гуай хоёр хамт дэлгүүр хэсч гэнэ. Гэтэл Далай лам сам авахыг хүссэнд Элбэгдорж гуай гайхаж, үсгүй байж та үүгээр яах нь вэ гэхэд, Далай лам, би түрүүнд чамайг ороолт авахад чинь юм хэлээгүй шүү” гэсэн гэнэ. Хэрвээ Жадамбаа даргынхаар бол, үүнийг Ерөнхийлөгчийн хүзүүг богино гэж доромжиллоо гэх нь л дээ. Энэ бол онигоо. Үүнээс ч илүү ноцтой “онигоон доромжлол”олныг хэлж болно.
Интернэтийн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс ялгарах онцлог
Ерөнхийлөгч П.Очирбат гуайн хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ч.Чулуунбаатар Ардчилсан намын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ 2000, 1996 оны сонгуульд МАХН-аас гаргаж байсан сонин, мөрийн хөтөлбөртэй мэдээ материал худалдаад ч болсон авъя гэж ярьж байж билээ. Учир нь тэр хэвлэмэл материалууд олдохгүй байсан юм, одоо бол ямар ч материалыг интернэтээс хайхад гараад л ирнэ. Ямар ч байсан нэг сэжүүр олдоно.
Хэвлэмэл сонинд сэтгэгдэл өгнө гэвэл цаг хугацаанаас эхлээд хамаг ажлаа алдана, өнөө цагийн үнэлэмжээр бол энэ нь солиорол. Өөрийнх нь бичсэн зүйл, хэвлэсэн юмны талаар хүмүүс ямар бодолтой байгааг тэр дор нь мэдэхийн тулд сэтгэгдэл бичих техникийн боломжийг бий болгосныг дээр дурдсан. Сайтад ганц улс төрийн тухай бичдэггүй. Спорт хоол унд, бизнес, мэдээ мэдээлэл гээд сэдвийн талаар тоочих боломжгүй.Арван жилийн өмнө сонин дээр хэвлэгдсэн зүйл алга болчихно, хүмүүс мартчихна. Хорин жилийн өмнө радиогоор сонссон зүйлээ хүн санах гэж оролдоод ч чадахгүй. 3 жилийн өмнө телевизээр гарсан зүйлийг бүдэг бадаг санаж магадгүй. Харин интернэт тэгдэггүй юм. Энэ бол хэсэг хүний биш, нэг улсын ч биш, бүхэл бүтэн хүн төрөлхтөний ой санамж юм. Хэзээ, хаана юу гэж бүлтэрч, Оросын Ерөнхийлөгч шиг хаана “хайвганан бүжиглэж явсан”, амны хайрцгаараа “хашгируулсан уу, хошгируулсан уу” гэдэг чинь интернэтэд яг хэвээрээ байгаа. Энэ бол интернэтийн олон гайхамшгийн зөвхөн нэг нь юм.
Коммент хянаснаар ямар үр дүн гарах вэ?
Миний төсөөлж байгаагаар монгол хэл дээрх сайтуудын хандалтууд буурна. Энэ нь тухайн сайтын орлогод шууд нөлөөлөх болно. Үүнд Засгийн газар нөхөн олговор өгөхгүй нь мэдээж. Монгол хэл дээрх контент нийлүүлэлт шууд багасна. Энэ нь УИХ-ын даргын санаачилсан google translation-ийг монгол хэл дээр ашиглах боломжид шууд хохиролтой. Аливаа нэг интернэт хэрэглэгчийн онлайн үйлдлийг шууд хянах техникийн боломж бий болно. Хэрэглэгчийн хайлтын түүх, онлайн харилцаа, ямар ямар имейл үйлчилгээ ашигладаг, өдөр тутмын ямар сайтад зочилдог тухай бүх мэдээллүүдийг мэдэх боломж “дурын сайт болон дурын даргад” бий болно.Регистрийн дугаар болон хувь хүний дансны мэдээллүүд анхааралд орж эхлэнэ.
Нэг нэгнийхээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулдаг, өөрсдөө цэгцэрч амжаагүй байгаа элдэв сайтууд эдгээр мэдээллийг буруугаар ашиглахыг хэн ч үгүйсгэхгүй. Аливаа комментыг хэн хаанаас бичсэн, хэзээ бичсэн гэх зэргийг техникийн аргаар хянахыг оролдвол хувь хүний нууц гэж байхаа болино, юу сонсдог, ямар үгээр хайлт хийдэг, ямар орчинд ажилладаг, ямар үзэл бодолтой, ямар дуу хөгжим сонсдог, юу даунлүүд хийж авсан, ямар порно үздэг чинь бүгд Сайханбилэг юмуу Жадамбаагийн цаашлаад АТГ, Тагнуул гээд гарт нь эрх мэдэл байгаа, юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн гарт орно, та хууль зөрчөөгүй байсан ч таны хувийн мэдээлэл тэдний ширээн дээр, таны онлайн үйлдэл тэдний дэлгэцэн дээр харагдана гэсэн үг.
IP хаягаар чинь аль компьютерээс аль намыг дэмждэг, аль сайтад тогтмол сэтгэгдэл бичдэг, хэнд их аллергитдэг, хэнийг өмхий үгээр их утдаг, аль хаягнаас имейл бичдэг бүгд хянагдана. Коммент бол зөвхөн өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө төдий биш юм. /Магадгүй хамгийн том нь энэ байх/ Энэ бол өөрийгөө илэрхийлэхээс гадна таны интернэт ертөнцөд аж төрөх эрхийн нэг юм. Энд та ямар ч ажил хийж болно, бизнес сайтуудад сэтгэгдэл бичиж өгч мөнгө олж болно, худалдаалж буй бараа бүтээгдэхүүний талаар сэтгэгдэл бичдэг, сурталчилгаа бичдэг байж болно. Үүнийг ч бас л хянана гэсэн үг.
Зөвхөн улстөрчдийг л комментоор булдаг гэж бодож байгаа бол үгүй юмаа, комментыг ингэж бичдэгийг, түүнийг хянаснаар ийм үр дүн гарч болохыг төсөөлөх хэрэгтэй.
Засгийн газрын энэ бодлоготой хэн тэмцэх вэ?
Сэтгүүлчид үү, сайтын эзэд үү? Жирийн иргэд үү? Эсвэл тэр сэтгэгдэл бичигчид нь үү? Хэн нь ч тэмцэж болно, гэхдээ энэ удаа эдгээрийн аль нь ч биш юм. Тэдний тэмцэл хэзээ ч үр дүнд хүрэхгүй, тэдний үгийг нохой хуцахын дайтай л сонсоно.Улс төрийн намтай улс төрийн нам л тэмцэж байж амжилтанд хүрнэ. Тэгэхээр энэ бол Ардчилсан намын бодлого гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнийг өөр нэг “төрийн албанаас гулсаж ирсэн хүн” хийгээгүй. Үүнийг өмнө нь төрийн албанд ажиллаж байгаагүй, Ардчилсан намын Нарийн бичгийн дарга, бүр тодруулбал улс төрийн байгуулалтын хэлтсийн нарийн бичгийн дарга байсан хүн гардан хийж байна. Энэ бол улс төр. Үүнийг улс төржүүлж, ийм шийдвэр гаргахыг зогсоож чадах хүч бол сөрөг хүчний яг адилхан ажил төрөлтэй, харгалдах албанд амбицтай залуучууд юм. Тэдний үйлдлийг түргэн шуурхай, олон нийтэд түгээж өгөх ажлаа хэвлэлийнхэн нь хийг. Дараагийн сонгуулиар энэ бол унахад хангалттай том шалтгаан. Тэд унахаас айна, энэ л тэднийг шантаажлах хамгийн үр дүнтэй бөгөөд эрүүл арга юм. Учир нь тэд Баабар гуайн ч үгийг сонсохгүй байна шүү дээ.
Энд нэг сонирхолтой байж магадгүй нэг баримт байна. Мэдээлэл Шуудан харилцаа Холбоо Технологийн газрын дарга Ц.Жадамбаа гуай 2008 онд өөрийн jadambaagiin.blogspot.com блогтоо “Миний маргааш бүрхэг …” нэртэй нийтлэл бичиж байжээ. Түүнийг өөрт нь сануул. Хэрэв өөрт нь ичих булчирхай байдаг бол тэрийг нь ажиллуул. Хэрэв хэн нэгэн даргын даалгавраар хийж байгаа бол чадахгүй гэдгээ хэлээд ажлаа өгчих, том шоу болно. Хэрэв олон нийтэд нэр хүндтэй гэж өөрийгөө боддог бол тэр нь өсөг. Монголчууд ямар ч цаг үед “зориг”-ийг үнэлж ирсэн. Ямар ч байсан ирж буй цаг үеийн хандлагаас зөрсөн ийм үйлдэл хийлгэж болохгүй. Хэрвээ ийм шийдвэр гаргавал “Өөрийнх нь маргааш бүрхэг” гэдгийг өөрт нь ойлгуул. Төрийн алба “шинээр томилогсдын”суралцдаг дамжаа биш, юун тэднийг сургаж ойлгуулах. Хандалтаа нэмэгдүүлэх, “алъя” гэсэн ганц мэдээлэл тавьчих гээд завгүй байна, наад сайтынхан чинь. Эцэст нь ийм зүйл бичих цаг гаргасандаа “үхтлээ харамсаж байгааг минь”хүлээн авна уу!
Миний “интернэтийн маргааш” гэрэл гэгээтэй байг!