Ц.Элбэгдорж Польшид айлчилна. Яагаад? | News.MN

Ц.Элбэгдорж Польшид айлчилна. Яагаад?

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

АЙЛЧЛАЛ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш улсад

Ц.Элбэгдорж Польшид айлчилна. Яагаад?

Ц.Элбэгдорж Польшид айлчилна. Яагаад?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд найрамдах Польш улсад энэ сарын 20-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо.
Түүний энэ удаагийн томилолтоос үүдээд “Яагаад Польш гэж? Польшид айлчлах нь ямар ач холбогдолтой юм бэ?” гэдэг асуулт олон хүний сонирхол, анхаарлыг татаж байгаа байх.

Манайхтай нэгэн адил социалист блокод багтаж байсан ч өдгөө Европын холбооны гишүүн, тэр дундаа Европын гол үйлдвэрлэгч, экспортлогч орон болж, бүс нутагтаа хямраагүй эдийн засагтай цөөн орны тоонд багтаж байгаа Польш улсын хөгжлийн нууц нь юунд байна вэ? Уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн технологиороо Европдоо тэргүүлэгч Польш энэ салбарт Монголын шинэ хамтрагч, хөрөнгө оруулагч болох ирээдүй бий уу?!

Хэдийнээс монголчуудад элгэмсүү хандаж ирсэн ч Польш улс Монголыг өнөөдөр өөр төвшинд сонирхож байна. Азидаа ардчиллын үлгэр жишээ болж яваа Монгол Улс цаашид Азидаа эдийн засгийн эрчимтэй өсөлтөөрөө онцгойрох болно. Чухам ийм өнцгөөс Монголыг ажиглаж, хоёр талын хамтын ажиллагаа, харилцаагаа өргөжүүлэх, өөрсдийн ашиг сонирхлоо хөрөнгө оруулалтаар дамжуулан баталгаажуулах эрмэлзэл тэнд ид оргилж байгаа аж.

Польш зүүн Европт ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн бол Монгол төв Азид ардчиллыг эхлүүлсэн. Монголын ардчилсан хувьсгалыг амжилтад хүрэхэд Польшийн “Эв санааны нэгдэл хөдөлгөөн” тусалж байсан. Монгол судлалыг ч польшууд анх үүсгэсэн гэж тэд өөрсдөө үздэг юм байна. Бат хааны байлдан дагуулагчдын үлдээсэн ул мөр, монгол судлалын өв сан, палеонтологийн олдвор… гээд тэртээх 13 дугаар зуунаас өнөөдрийг хүртэлх хоёр орны харилцааны талаарх мэдээлэл агуулсан олон зүйл тэнд байдаг. Дэлхийн тавцанд Монгол шинэ байр суурьтайгаар дахин гарч ирж байгаагаас үүдээд монгол судлаачдын эрэлт, шаардлага нэмэгдэх хандлагатай болж, Варшавын их сургуулийн Монгол судлалын тэнхим улам үнэд орно гэж польшууд үзэж байна. Гадаад дахь монгол судлалын төвүүдтэй хамтран ажиллах, дэмжих бодлогыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс баримталж ирсэн. Энэ удаад Варшавын их сургуулийн монгол судлалын тэнхимд лингафоны танхим бэлэглэж байгаа аж.

Ардчилсан хувьсгалыг амжилттай хийсэн, их гүрнүүдийн дунд оршдог ч тусгаар тогтнол, түүх, хэл соёлоо хадгалж ирсэн гээд Польш, Монгол хоёр орны хувьд адил төстэй зүйлүүд цөөнгүй бий. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлтөөрөө бүс нутагтаа анхаарал татаж байгаа энэ хоёр орны хувьд цаашдын хамтын ажиллагаанд шинэ бодлого, чиглэл үгүйлэгдэж буй… Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНПУ-д хийж буй төрийн айлчлалаас бид юу хүлээж болох вэ? Яагаад Польш гэж? Эдгээр асуултуудад хариулт өгөх аян замын тэмдэглэл, сурвалжлагуудыг “NEWS” агентлагийн тоймч З.Боргилмаа бэлтгэсэн юм. Түүний бэлтгэсэн цуврал тэмдэглэл, нийтлэлүүдийг та бүхэн www.news.mn сайт болон “Зууны мэдээ”, “Монголын мэдээ” сонинуудаас хүлээн авч уншаарай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж