“Ийгл Ньюс” тангараг өргөх ёслолыг шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

“Ийгл Ньюс” тангараг өргөх ёслолыг шууд дамжуулна

Эх орондоо болоод дэлхий дахинд болж буй үйл явдлыг цаг алдалгүй шуурхай хүргэдэг мэдээллийн эх сурвалж “Ийгл Ньюс” телевиз маргааш болох АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шууд дамжуулахад бэлэн болоод байна. Манай гаригийн улс төрд шууд нөлөөлдөг АНУ-ын 57 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан улиран сонгогдсон Б.Обамагийн төрийн тэргүүний тангараг өргөх ёслол маргааш буюу даваа гаригт болно.

Нэгдсэн улсын 44 дэх Ерөнхийлөгч Барак Хусейн Обамагийн тангараг өргөх ёслол энэ сарын 21-нд Вашингтон хотноо болох бөгөөд уламжлал ёсоор өмнөх Ерөнхийлөгч нарын адилаар Библийн судар дээр гараа тавин тангараг өргөнө. Үндсэн хуульд заагдаагүй ч нэгэнт уламжлал болсон энэхүү ёслол 1789 оноос эхлэлтэй. Тиймээс АНУ-ын иргэд тангараг өргөх ёслолд тун хүндэтгэлтэй хандаж оролцдог билээ.

Энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн арваннэгдүгээр 6-нд ялалт байгуулсан Ерөнхийлөгч Б. Обама, Дэд Ерөнхийлөгч Ж. Байдан нар гэр бүлийн хамт зохих арга хэмжээнд оролсоны дараа Капитолын ордонд тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм. Төрийн эрхийг улиран хашихаар болсон тэд тангараг өргөж, улмаар Ерөнхийлөгч Б. Обамагийн хэлэх үг тус улсын төдийгүй дэлхий дахины анхаарлын төвд байна.

Тэдний засаг захирааг ирэх дөрвөн жил Иран, Умард Солонгосын цөмийн зэвсэг, Ливи, Сири Арабын хавар, Афганистан Энхийг сахиулах, ОХУ, БНХАУ-н тааламжгүй харилцаа, Европын, НАТО бодлогын зөрүү, эдийн засгийн уналт, гадаад өр, улсын төсөв, ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэндийн даатгалын систем, боловсролын тогтолцооны шинэчлэл зэрэг олон ээдрээтэй асуудал хүлээж байна.
Мөн тангараг өргөх ёслолын үеэр дуучин Бейонси Ноулз, Келли Кларксон, Жеймс Тэйлор нар Америкийн эх орны сэдэвт “My Country, “Tis of Thee”, “America the Beautiful” дуунуудаар ая дуугаа өргөж, Куба гаралтай зохиолч Ричард Бланко өөрийн гайхамшигт бүтээлүүдээсээ унших гэнэ.

Үзэгч та бүхэн уг шууд дамжуулалтын үеэр “Ийгл Ньюс” телевиз болон тус телевизийн “Бидэнд хил хязгаар үгүй” уриатай Гадаад мэдээний албаны Олон улсын тоймч Ш. Гантулга, Х. Уламбаяр, орчуулагч-редакторууд болон өөр бусад сонирхолтой зочдын хамт байх болно.   



                  

                                                                “Ийгл Ньюс” телевиз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж