
Харин Н.Энхбаярын санаа хаана юм бол? Ийм үг олон нийтийн цахим хуудсаар “дэгдэж” явна. Жиргээчид үүнийг орчин цагийн шинэ зүйр цэцэн үг гэж тодорхойлжээ. Уг нь бол “Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэдэг. Үхтэл үр харам гэгчээр эх хүн хэзээд л үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зовнидог байхад нөгөө үрийнх нь сэтгэл огт өөр, тэртээ өндөр уул руу тэмүүлдэг гэсэн санааг нийгмээсээ өлгөн авч эртний монголчууд зүйр цэцэн үгээр илэрхийлсэн хэрэг байх.
Харин өдгөө цагийн Монголын нийгэмд энэ үг “Үрийн санаа эхэд, эхийн санаа Н.Энхбаярт” гэсэн зүйрлэлээр тусгалаа олжээ. Инээд ханиад мэт боловч яг энэ үгээр бид өөрсдийн нийгмээ тодорхойлж байна. Онигоо ч бас өнгө зүсээ хувиргаж байна. “Хоёр үгтэй онигоо юу вэ гэхээр өөдөөс “Утаагүй зуух” гэх болжээ.
Э.ГАН