Аймгууд руу тусламжийн цуваа явууллаа

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

Аймгууд руу тусламжийн цуваа явууллаа

Өвөлжилт
хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл, үнэгүй олгох, хөнгөлөлтэй үнээр олгох
цувааг өчигдөр орон нутгийг зорилоо. Монголын нийт нутгаар 90 орчим
хувьд цасан бүрхүүл тогтсоноос өнөөдрийн байдлаар ихэнх нутгаар цасны
зузаан 20-60 см, хунгарлан шуурсан газартаа 60-130 см-т хүрч 18 аймгийн
91 суманд зудын аюул нүүрлээд байгаа аж.

Монгол
Улсын Засгийн газрын энэ сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолын дагуу
Улсын онцгой комиссоос Улсын нөөцөд 2010 онд бүрдүүлсэн 5.6 мянган тонн
өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох, 11.9 мянган тонн
тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан иргэд, малчдад олгох ажлыг зохион
байгуулж Улаанбаатар хот дахь Улсын нөөцийн салбараас Архангай, 
Баянхонгор, Өвөрхангай,  Говь-Алтай, Хөвсгөл,  Өвөрхангай,  Баян-Өлгий, 
Завхан аймгийн улсын нөөцийн цэг, салбарт нийт 1600 тн өвс, 1250 тн
тэжээлийг нэмж байршуулах юм байна.

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын
Улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийг хүргэх
тээврийн зардалд шаардагдах 444.2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц
сангаас гаргаж байгаа юм байна. Орон нутагт тусламжийн цувааг үдэх
ажиллагаанд УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн,
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Онцгой байдлын
ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж,  Аймгуудын
Иргэдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо.

Цаашид
өвөлжилт хүндрэх төлөв байдал үүсч байсан тухай бүрт аймгуудын  Засаг
дарга, орон нутаг дахь мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай Ерөнхий
сайд, Монгол Улсын Шадар сайд цахим хурал зохион байгуулж нөхцөл байдлыг
тодруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, авч хэрэгжүүлэх арга
хэмжээний талаар тодорхой үүрэг, чиглэл өгч, биелэлтийг тооцон
ажиллалаа.

Мөн Улсын болон орон нутгийн чанартай зам, давааны
цас арилгахад шаардагдах 219 сая төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар
шийдвэрлүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 166 дугаар тогтоолыг
гаргуулж, зам даваа хаагдсан аймаг, орон нутгийн “АЗЗА” ХХК-иудад
санхүүжилтыг олгох шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан
байна.    
 
Улсын чанартай автозам, давааны 42 цэгт автозам,
засвар арчлалтын үйл ажиллагаа эрхэлдэг 23 компанийн нийт 205 замчин,
139 нэгж автомашин механизмыг бэлэн байдалд ажиллуулж Шуурхай бүлэг 24
цагаар бэлэн байдалд ажиллаж байгаа гэв.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж