
Өвөлжилт хүндэрсэн аймгуудын Улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийг хүргэх тээврийн зардалд шаардагдах 444.2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж байгаа юм байна. Орон нутагт тусламжийн цувааг үдэх ажиллагаанд УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Аймгуудын Иргэдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо.
Цаашид өвөлжилт хүндрэх төлөв байдал үүсч байсан тухай бүрт аймгуудын Засаг дарга, орон нутаг дахь мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд цахим хурал зохион байгуулж нөхцөл байдлыг тодруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой үүрэг, чиглэл өгч, биелэлтийг тооцон ажиллалаа.
Мөн Улсын болон орон нутгийн чанартай зам, давааны цас арилгахад шаардагдах 219 сая төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 166 дугаар тогтоолыг гаргуулж, зам даваа хаагдсан аймаг, орон нутгийн “АЗЗА” ХХК-иудад санхүүжилтыг олгох шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан байна.
Улсын чанартай автозам, давааны 42 цэгт автозам, засвар арчлалтын үйл ажиллагаа эрхэлдэг 23 компанийн нийт 205 замчин, 139 нэгж автомашин механизмыг бэлэн байдалд ажиллуулж Шуурхай бүлэг 24 цагаар бэлэн байдалд ажиллаж байгаа гэв.