
Манай оронд зах зээлийн нийгэм тогтож, ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэж ярих болсон цагаас хойш анх удаа Засгийн газрын хуралдааныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд үзлээ. Өмнө нь зөвхөн “тэр сайд ингэж хэллээ, тийм шийдвэрийг Засгийн газраас гаргалаа” гэсэн тойм мэдээллийг уншиж, сонсож байсан. Харин энэ удаагийнх бол тэс өөр. Учир нь Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон юм. Өнгөрсөн жилүүдийн Засгийн газрын хуралдаанд төрийн тэргүүн маань оролцож байсан эсэхийг жирийн иргэний хувьд мэдэхгүй. Оролцсон байлаа ч энэ удаагийнх шиг жинтэй үг хэлж, сайд нарыг загнаж байсан гэж бодохгүй байна. Яагаад ингэж тодотгож байна гэхээр өчигдөрийн хуралдаанд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохдоо буруу талдаа жолоотой автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар улайран зүтгэж байгаа “буурал баатар”-ыг нэг сайн загнаад авсан. Хийх ёстой, бүтээх шаардлагатай олон арван ажил байхад машины жолооны асуудалтай сар шахуу орооцолдож байгаа нь үнэндээ Үүл даргын магтаалд ташуурсны шинж гэлтэй. Мөн V цахилгаан станц барихаар 13 жил яриад дорвитой үр дүнд хүрээгүй гэдгийг нь сануулаад “Та нарыг дарга болохоос өмнө хүний эрх байсан. Дарга болсны чинь дараа ч хүний эрх байх ёстой” гэдгийг хатуухан сануулсан. Иргэд бидний хүрч, халдаж боломгүй өндөрт, эрх мэдлийн дунд суудаг хэмээн төсөөлдөг төрийн сайд нарыг “аавдаа загнуулсан хүүхэд” шиг байхыг харах нэг тийм сонин мэдрэмж төрж байсан шүү. Гэхдээ сайхан мэдрэмж.
Т.ДАРХАН