Тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийв

Хуучирсан мэдээ: 2013.01.19-нд нийтлэгдсэн

Тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийв

Өчигдөр Хууль зүйн яамнаас ажлын хэсэг гарч, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа интернет тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийжээ. Ажлын хэсэгт Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтнууд багтжээ.

Одоо мөрдөгдөж байгаа дүрэм, журмаар интернэт тоглоомын газруудыг оройн 23.00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрдөг. Ингэхдээ зөвхөн 18-аас дээш насныханд үйлчлэх ёстой аж. Хэрэв цаг хэтрүүлж ажиллах, насанд хүрээгүй хүүхдэд үйлчилвэл 20 мянган төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авахаар журамд заажээ. Тиймээс дээрх журамд өөрчлөлт оруулахаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг гаран ажиллаж байгаа юм байна. Тиймээс өчигдөр буюу баасан гаригийн орой 23.00 цагаас хойш интернэт тоглоомын газруудад түүвэрчилсэн байдлаар гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалт Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа “Angel” интернэт тоглоомын газраас эхэлсэн байна. Тус интернэт тоглоомын газар насанд хүрээгүй хүүхдэд үйлчлээд зогсохгүй цаг хэтрүүлж ажилладаг, орчин нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй. нь шалгалтаар тогтоогдсон байна. Мөн БГД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Game world” интернэт тоглоомын газар насанд хүрээгүй хүүхдэд үйлчилдэг, тэр битгий хэл 3000 төгрөгөөр хонуулдаг гэдгийг тус тоглоомын газарт үйлчлүүлж байсан 16 настай Н мэдээлжээ. Тус интернэт тоглоомын газар эрүүл ахуйн болоод галын дүгнэлтгүй байсан нь ч бас шалгалтаар илэрсэн байна. Түүнчлэн 23.00 цагаас хойш ажиллаж байсан хэд, хэдэн газруудаар ороход дээрх зөрчлүүд давтагдаад зогсохгүй согтууруулах ундаа хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Энэ шалгалтын үер насанд хүрээгүй зургаан хүүхдийг НЦГ-ын харьяа Хаяг тогтоох төвд хүргэжээ. Ажлын хэсгийнхэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй интернэт тоглоомын газруудад шалгалтаа үргэлжлүүлж, үүний дараа өмнө мөрдөж байсан журамд өөрчлөлт оруулах юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж