Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл нэгдүгээр сарын хагасын байдлаар 70.5 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь жилийн өмнөхөөс 27.0 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Нийт экспортод нүүрс 43.7 хувь, зэсийн баяжмал 22.1 хувь, төмрийн хүдэр 13.7 хувь, боловсруулаагүй газрын тос 8.7 хувь, цайрын хүдэр, баяжмал 5.5 хувь, молибдений хүдэр, баяжмал 1.3 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 1.2 хувь, үлдсэн 3.8 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна. Автобензиний импортын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 14.0 мян.т, үнийн дүн нь 20.5 сая ам.доллар, суудлын автомашины импортын биет хэмжээ 339 ширхэг, үнийн дүн 2.3 сая ам.доллар, гурилын импортын биет хэмжээ 2.9 мян.т, үнийн дүн 0.6 доллараар өсч, цахилгаан эрчим хүчний биет хэмжээ 5.4 сая квт.ц, үнийн дүн 0.3 сая ам.доллараар буурсан байна.
Гадаад худалдааны тэнцэл гэдэг бол экспортолсон барааны үнийн дүнгээс дотогш нь оруулж ирж байгаа импортын үнийн дүнг хассан зөрүүг хэлдэг байна. Үндсэндээ тэнцэл алдагдалтай гарч байна гэдэг нь бид бага юм үйлдвэрлэж, доллараар гадагш зарсан бол түүнээсээ их доллараар гаднаас юм авсанаас үүддэг тухай эдийн засагчид дүгнэдэг юм. Тэгэхээр манай уул уурхайн салбар идэвхжихийн хэрээр бүтээн байгуулалт хийхийн тулд хэрэгтэй тоног төхөөрөмжийг гаднаас их оруулж ирж байсан бол одоо энэ байдал харьцангуй багасч байгаа гэдэг. Цаашдаа уул уурхайн бүтээн байгуулалтаасаа бэлэн бүтээгдэхүүн гаргаж, экспорт, импортын тэнцвэрийг хангах боломжтой гэж байгаа юм.
У.БОЛОР