Украйн цөмийн нөөцөө хорогдуулахаа зарлав

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Украйн цөмийн нөөцөө хорогдуулахаа зарлав

Өчигдөр АНУ-ын нийслэл Вашингтон  хотноо эхэлсэн цөмийн аюулгүй байдлын талаархи уулзалтын эхэнд Украйн улс өөрт байгаа зэвсэг үйлдвэрлэхэд зориулагдсан цөмийн материалын нөөцөө устгахад бэлэн гэдгээ мэдэгдсэнийг АНУ-ын өндөр албан тушаалын төлөөлөгч албан ёсоор зарлажээ. Украйны энэ мэдэгдлийг АНУ-ын удирдлагууд “зууны мэдэгдэл” хэмээн үнэлсэн байна. Тэдний үзэж байгаагаар бол Украйн улс цөмийн хэд хэдэн цэнэг бүхий хошууг бий болгоход хангалттай хэмжээний баяжуулсан ураны нөөцөө 2012 он гэхэд бүгдийг нь устгахаар болжээ. Цагаан ордоны төлөөлөгч Роберт Гиббс           “ АНУ-ын сүүлийн 10 жилийн туршид зорьж байсан ажил бүтлээ” хэмээн мэдэгдсэн байна. Украйн улс цөмийн нөөцөө устгах ажиллагааг АНУ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэх юм байна.
BBC агентлагаас гаргасан мэдээллээр бол дэлхий нийтэд 1600 орчим тонн өндөр хэмжээнд баяжуулсан ураны нөөц байгаа бөгөөд энэ нөөцийн ихэнх хэсэг нь ОХУ-д байдаг аж. АНУ-ын зүгээс дээрхи ураны нөөцийг хяналтгүйгээр худалдах наймаалах замаар алан хядагчдын гарт орох эрсдэлийг бууруулахын төлөө чамгүй хүчин чармайлт тавьж байгаа гэж мэдэгдэж ирсэн юм. Гэвч энэ эрсдэлийг хамгийн ихээр агуулж байгаа гэж үздэг ОХУ-ын нөөцөд хяналт тавих боломж бололцоо одоо болтол байхгүй байгаа нь их ажил хэргийх нь үр дүнг бууруулж байгаа гэж шинжээчид үнэлж байгаа гэнэ.
Мөн энэ уулзалтын өмнөхөн Барак Обама хэд хэдэн орны тэргүүн нартай уулзаж зарим нэг зүйлийг тохирсон байна. Тухайлбал тэрээр Хятадын тэргүүн Ху Зиньтаотай уулзан Ираны цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаагийн эсрэг авах арга хэмжээнд нэгдэх саналыг хэлэлцэж амжжээ. Уулзалтаар Ираны эсрэг авч байгаа НҮБ-ын хориг арга хэмжээний чиглэлээр АНУ-тай хамтран ажиллах үүргийг Ху Зиньтао Хятадын холбогдох албаны төлөөлөлдөө өгөх үүрэг авсан нь сонирхол татаж байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зүгээс Иран улс уран баяжуулах үйл ажиллагаагаа зогсоохоос татгалзсантай холбогдуулан авах шинэ арга хэмжээг хүлээн авахыг АНУ бусад гишүүн орнуудаас шаардаж байгаа юм.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж