
Английн хөлбөмбөгийн холбооны шийтгэлийн дагуу Рүүни одоо “Фулхэм”-тэй хийх лигийн 32 дугаар тойргийн тоглолт болоод FA Cup тэмцээний хагас шигшээд “Манчестер Сити” багтай тоглох чухал тулаанд оролцох боломжгүй боллоо. Рүүни энэ тухайд “Хөлбөмбөгийн холбооны шийдвэр арай хатуудсан байх. Би телевизийн камерын өмнө бүдүүлэг аашилсан анхны хүн биш. Гэхдээ миний зүгээс ийм авир гаргах ёсгүй байсан юм. Хөгжөөн дэмжигчдээсээ болон бүх хүнээс уучлал гуйж байна” гэжээ. Рүүнигийн хувьд дөрөвдүгээр сарын 19-нд “Ньюкасл”-тай хийх Премьер лигийн тоглолтод оролцох эрхтэй болно. Түүнээс өмнөх “Фулхэм”-тэй хийх тоглолт “МанЮ”-гийн хувьд маш чухал юм. Улирлын эхэнд тэдний талбайд “МанЮ” хожигдох шахаад тэнцэж байсан. Тиймээс лигийг долоон онооны илүүтэй тэргүүлж яваа “Улаан чөтгөрүүд”-д Рүүни болон аль хэдийнэ торгуулаад байгаа дасгалжуулагч Алекс Фергусон нар хэрэгтэй байгаа юм. “МанЮ”-гийн бас нэг цом авах найдвар болсон Аваргуудын лигт харин Ферги болон Рүүни хоёул оролцоно. Одоогийн байдлаар “МанЮ” Рүүнигийн оруулсан гоолын ачаар 1:0-ээр “Челси”-г хошуучилж яваа билээ.