
Хэмилтон, Баттон нар Куала Лампурт ойролцоо орших Сепанг тойрог зам дээр уралдахаар Малайзад хүрэлцэн ирээд байна. Нээлтийн гараанд Хэмилтон хоёрт орж, Баттон зургаадугаар байрыг эзэлсэн. Их Британийн хослол энэ амралтын өдрөөр болох гран-пригийн онцлогийн талаар ярьжээ.
Льюис Хэмилтон “Сепанг тойрогт үргэлж сайхан уралдаан болдог. Жилийн хамгийн их чийгшилтэй уралдаануудын нэг болдог. Уралдаан их урт болдгоос гадна, өндөр хурдтай эргэлтүүд олонтой. Мөн урт тойрогтой, цаг агаар нь тогтмол бус. Миний санаж байгаагаар 2007 онд миний машины ундааны автомат ажиллахгүй болж, зөвхөн тэр уралдаанд дөрвөн кг жин хассан. Тэгэхээр биднийг маш хэцүү уралдаан хүлээж байсан гэсэн үг” хэмээжээ. Харин Женсон Баттон “Малайз гэхээр хамгийн эхлээд төрж байгаа сэтгэгдэл халуун, бас чийгшил. Мөн маш хурдтай уралдаан болдог. Би энд уралдах үнэхээр дуртай. Гэхдээ ширүүн аадар бороо уралдааны явцад маш том эргэлт өөрчлөлтүүдийг гаргадаг. Үргэлж л бороо, нар ээлжилж байдаг. Тийм болохоор чи хэзээ ч юу болохыг урдчилан тааварлаж чадахгүй. Миний хувьд энд амжилттай уралдсаар ирсэн” гэжээ.
Өнгөрсөн жил Малайзад “МакЛарен” тактикийн алдаа гаргаж, хоёр нисгэгч нь байрлал тогтоох эхний гараанаас хасагдаж байсан. Гэхдээ Баттон найм, Хэмилтон зургаадугаар байрт шалгарсан юм. Энэ тэд алдаагаа давтахыг тэд хүсэхгүй байна.
“Амралтын өдрөөр бид өөрсдийн чаддаг бүхнээ дайчлах болно. Мэдээж машины хурд чухал ч үүнээс илүүтэйгээр гол хүчин зүйл нь багийн стратеги байдаг. Цаг агаар нь тогтворгүй байдаг энэ уралдаанд багийн тактик хамгийн чухал. Өнгөрсөн жил бид алдаа гаргасан. Гэхдээ энэ алдаагаа дахиж гаргахгүй” хэмээн Баттон өгүүлжээ.
“Рэд Булл” баг өнгөрсөн жил Сепанг тойрог зам дээр нэг, хоёрдугаар байрыг эзэлж байсан. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн аварга Себастьян Феттел хол тасархай түрүүлсэн гээд тэдний талд олон амжилт хадгалагдаж байгаа. Гэвч энэ амжилтыг нь зогсоох баг нь өөр хэн ч биш бид байх болно гэж МакЛарен зоригтой урагшилж байна.