
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн тухай байлаа. Өнгөрсөн жилийн баяр наадмаар буюу Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний эхний сорьцын хариу наймдугаар сард гарч, хоёр бөхөөс сэргээш илэрсэн нь тогтоогдсон билээ. Тодруулбал, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нарын А, В сорьцоос сэргээшийн төрлийн бодис илэрсэн юм. Тиймээс дээрх хоёр бөхийн асуудлыг Үндэсний бөхийн салбар хорооныхон судалж, цолыг нь хураах уу, давааг нь хүчингүй болгох уу гэдэг асуудлыг эргэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороонд оруулж ирэх үүрэг хүлээлээ. Ингэхдээ цагаан сараас урьтаж асуудлыг оруулж ирэхээр болсон юм.
Мөн хуралдаанаар хурдан морины уяачдад улсын цол олгох тухай асуудал яригдлаа. Монголын морин спорт уяачдын холбооноос нийт 19 уяачтай холбоотой асуудлыг судлаад долоог нь энэ удаагийн хуралдаанд оруулж ирснийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Даян аварга А.Сүхбатын ах тод манлай уяач А.Батсүх, “Алтай” констракшн компанийн захирал тод манлай Х.Бат-Эрдэнэ нарын нийт долоон уяач багтаж байна.
Мөн тус үндэсний хорооны хуралдаан ирэх долоо хоногийн пүрэв, баасан гаригийн аль нэг өдөр дахин хуралдахаар боллоо.