Л.Цог: АН, Ардын нам хоёулаа адилхан шар шүү?

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Л.Цог: АН, Ардын нам хоёулаа адилхан шар шүү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Батбаяр нь тэтгэврийн насанд хүрсэн тул албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьсан юм байна. Харин энэ асуудлаас үүдэж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төрийн албанд хийж байгаа томилгоо нь хууль бусаар явж байна гэж шүүмжиллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт хандан “Та бүхэн юунд эрдэж, хууль бус томилгоог хийж байна вэ гэхээр Үндсэн хуулийн цэцэд Л.Амарсанаа гэдэг амьгүй албат, Б.Лхагваа гэдэг амьгүй албатыг аваачиж тавьсан учраас эрдэж байна. Төрийн мэргэшсэн албан хаагчийг хөөж явуулчихаад, оронд нь төрөл садан, хамаатан садан, найз нөхөд, сонгуульд явж байсан долдойнуудыг тавьсан. Ардчилсан нам, Ардын намынхан долдойнуудыг томилоод өг. Өнөөдөр бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар хууль бус, яам, тамгын газрын дарга нар чинь хууль бус, хаашаа ч булзааруулж чадахгүй. Өнөөдөр бултсан ч маргааш та нар зугатаж чадахгүй. Ард түмэн та бүхэнд хариуцлага тооцно” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн М.Зоригт “Хоосон улстөр хийж худлаа хашигарахаа МАН-ынхан болих хэрэгтэй.  Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл яваад байгаа юм бол хууль хяналтын байгууллагад хандаж шүүхэд өг. Асуудлыг ярих болгонд ийм асуудлыг Ч.Сайханбилэг сонсож байдаг, шүүхэд өг л дөө, наадуулыгаа. Үнэхээр тэвчээр алдаад ярьж байна. Аятайхан орчинд ажил хиймээр байна” гэв.

УИХ-ын гишүүн Л.Цог:-Ардчилсан нам, Ардын намынхан та хоёр адилхан шар юм байж, хэнийгээ хэлдэг юм. Ардын намынхан Засгийн эрхийг авахад Ардчилсан намынханг гудамжинд гаргаж л байсан ш дээ. Та бүхэн тийм сүрхий юм бол яах гэж Үндсэн хуульдаа халдсан юм, адилхан байж, битгий ийм балай юм ярь. Төр байгаа цагт төрийн алба байх ёстой, нийтийн алба гэж нэрлэх нь утгагүй. Үүрэг пункцийнх нь хувьд тийм байж болох юм. Ер нь боломжийг ашиглаад хэлчихэд Төрийн албаны насыг хойш татвал яасан юм бэ. 60 гэдэг тоо бага байна. би бол 60 хүрсэн, яагаа ч үгүй байна. Монголчууд 60 хүрэхээр ухаан орно гэж ярьдаг биз дээ. Д.Дэмбэрэл гишүүн дэмжих байх гэж бодож байна. Яагаа ч үгүй байж төрийн ажлаас хөндийрчихмөөргүй байна, горимын санал гаргасан шүү” гэж хэлээд танхим доторх гишүүдийг хөгжөөгөөд авлаа.

 Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж