Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Ядуурлын хоёр нүүр

“Ядуурал бол хувьсгал, гэмт хэргийн эх юм.”

Ядуу ард түмэн ардчилсан нийгэм байгуулж чаддаггүй тухай эрт дээр үеээс суут эрдэмтэд тэмдэглэж үлдээсэн байдгийн сацуу, түүнээс хойш олон үеийн эрдэм шинжилгээний судалгаагаар нотлогддог билээ. Бид нэгэнт ардчилсан нийгэм байгуулах гэж зорьж байгаа тул ядуурлыг цаг алдалгүй намжааж, улмаар устгах нь бидний амин чухал зорилт мөнөөс мөн. Гэтэл энэ талаар нилээд хөрөнгө зарж, олон арга хэмжээ авсан ч цэвэрлэх тусам улам завааруулахын үлгэр давтагдаж байна. Яагаад вэ?

Ядуурлын эсрэг дайн

Ядуурлын тухай бидний ойлголт буруу учир түүнтэй тэмцэхээр сонгосон арга барил ч мөн бурууд хэргийн гол учир оршино. Зарим нэг хүн Монголд ядуурлыг устгах гэж зарсан хөрөнгө, буцалтгүй тусламж, тэтгэлэг, хүнс, хувцас дэндүү бага байсан гэж магад. Тэгвэл хэр их хэмжээний мөнгө зарвал ядуурлыг арилгаж чадах вэ? Хоёрхон жишээ татъяа.

Жишээ нэг. Дэлхийн хамгийн баян эдийн засагтай АНУ 1964 онд Ерөнхийлөгч Линдон Жонсоны үед “Ядуурлын эсрэг дайн” гэгчийг зарлаж, 1991 онд нийтдээ 3.5 триллион ам. доллар (1990 оны ханшаар) буюу Дэлхийн II дугаар дайнд зарснаасаа ч илүү хөрөнгө үрсний эцэст Ерөнхийлөгч Билл Клинтон “бидний мэдэх нийгмийн халамж үүгээр эцэс болов…” гэж бууж өгснөөр тэр дайн дууссан юм.

Жишээ хоёр. АНУ-ын муж болгон хонжворт сугалаа зохион байгуулж, олсон мөнгөөрөө боловсролын салбараа санхүүжүүлдэг. Тэр сугалаанд ихэвчлэн ядуу хүмүүс оролцдог тул хонжвор сугалсан хүмүүс нь ч гэсэн мөн л голчлон ядуучууд байдаг аж. Хожих хожихдоо зарим нэг нь хэдэн арван саяаар нь сугалдаг юм. Гэвч судалгаанаас үзэхэд хэдхэн жилийн дотор тэдний ихэнх нь буцаад гудамжинд гарч, нийгмийн халамжинд эргээд ордог байна.

Энэ хоёр жишээ юуг өгүүлнэ вэ? Ядуурлыг устгахад мөнгөний дүн хамаагүй бөгөөд галыг тосоор унтраахын адил бэлэн мөнгө тараах тусам ядуурал улам гаардагийг америкийн ядуурлын эсрэг дайны туршлага харуулсан юм. Статистикийн судалгаанаас үзэхэд бэлэн мөнгө тараах арга хэмжээний ачаар зөвхөн тэтгэвэрийн насны хүмүүс л бодитоор ядуурлын зурваснаас дээгүүр гарч, бусад бух категорийн хүмүүсийн ядуурлын түвшин улам дордсон байлаа. Ядуурлаас гарч чадсан ихэнх хүмүүсийн хувьд хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх нь л хамгийн үр нөлөө бүхий үзүүлэлт байв. Яагаад вэ?

Ядуурлын хоёр нүүр

Ядуурал дотроо эдийн болон араншлын гэж хоёр хуваагддаг бөгөөд үүнийг ойлгож, бодлогоо зохих ёсоор залруулахын тулд америкийн төр засагт 26 жил шаардагджээ. Эдийн ядуурал гэдэг нь тухайн орны төр засгаас баталсан орлогын доод хэмжээнээс бага орлоготой байхыг заасан нэр томъёо. Харин араншлын ядуурал бол үүнээс чанарын ялгаатай. Америкийн эрдэмтэн Роберт Ректор өөрийн судалгаандаа араншлын ядуурлыг ийнхүү тодорхойлсон байдаг: “Араншлын ядуурал нь арчаагүй байдал, ажлын ёс зүйн доройтол, мэдэж сурах тэмүүллийн хомсдол, үр хүүхдээ асран хүмүүжүүлэх хүсэлгүй буюу чадваргүй байдал, гэмт хэрэг, архины дон гэх мэт нийгмийн патологуудын (гажигуудын) багц юм.” Өөрөөр хэлбэл, асуудал мөнгө хөрөнгөний хүрээнээс хэдийнээ хальж, нийгмийн асуудал болон хүндэрч байгаа юм. Хүн эдийн ядууралд хэт удаан оршивоос аяндаа араншлын ядууралд шилждэг жамтай. Үүнийг араншил судлалын ухаанд хүний хэрэгцээний эрэмбэтэй холбож тайлбарладаг. Товчхондоо гэвэл, аливаа хүний хэрэгцээг эрэмбэлвээс таван үе бүхий гурвалжин байдагийн хамгийн доод суурин талд нь амьд явахын тулд шаардагдах физиологийн анхдагч хэрэгцээ байдаг, хүн тэр хэрэгцээгээ хангамагц дараа дараагийн хэрэгцээнүүдээ эрэмбэлэн хүсч биелүүлдэг бол удаан хугацаанд ядуу явбаас дээд эрэмбийн хэрэгцээнүүд нь үхжиж, гагцхүү доод эрэмбийн хоёр хэрэгцээ нь давамгайлж, хүн “хүнээ алдах” явдал үүсдэг аж. Харин төр засгаас оновчгүйгээр мөнгө тарааж эхэлвээс энэ процесс улам эрчимждэгийг америкийн туршлага харуулахын сацуу бидний нүдэн дээр ч одоо ил үзэгдэж байна. Манай нийгэмд араншлын ядуурал хэр газар авсан бэ гэдэг асуулт аяндаа гарч байна. Ажлын байр өдий төдийгөөрөө байхад ажил олгогчид ажил хийж чадах мэргэжил, ажлын ёс зүйтэй хүн олдохгүй байна гэж гомдоллож байгаа нь манайд эдийн ядуурал бага, харин араншлын ядуурал түгшүүр зарлах хэмжээнд хүрснийг илтгэж байгаа хэрэг. Яагаад гэвэл эдийн ядууралд орсон хүн ажил гололгүй идэвхитэй хайж, олсон ажилдаа тууштай хөдөлмөрөлдөг зан чанартай байдаг бол араншлаараа ядуурсан хүн наад захын хөдөлмөрийн сахилга бат, мэргэжлийн ёс зүйг сахиж чаддаггүй, санхүүгийн хувьд туйлын хариуцлагагуй гэх зэрэг онцлогтой байдаг. Америкийн олон хүн өглөө, оройгоор хоёр ажил зэрэг хийж, амьдралаа залгуулдаг бол миний мэдэх олон монгол хүн ажил голж, “шараа” хэмээн гараа хамхин суухыг мэдэх юм. Хамгийн энгийн заавар дагаж чадахгүй залхууран хялбарчилдаг, нүд хууран технологийн горимыг эвддэг, хариуцуулсан мэдээллийг чандлан нууцлах чадваргүй, ажлын цаг баримталж мэддэггүй, цалин авсан бол түүнийгээ хэмжээнээс үл хамааран даруй үрж хоосордог, архидаж ажил хаядаг, ажлын материал, сан хөмрөгөөс хулгай хийдэг, нэг ажилд тогтвортой удаан хөдөлмөрлөх чадваргүй, бие, толгойг үл зовоон их мөнгө гэнэт олох хүсэлтэй гэх мэт ядуурлын олон хам шинж чанар аль ч салбарын бизнес эрхлэгчдийн толгойн өвчин болж байна. Наад захын жишээ гэхэд барилгын нэгэн компани хоёрзуугаад залуучуудыг сонинд зар тавин олж, хэдий өндөр цалин өгсөн ч, хагас жил хүрэхгүй хугацаанд зуун ер гарныг нь дээр дурьдсан шалтгаанаар халж, үлдсэн 10 монгол залуу л маш сайн ажиллаж, мөнгө сайн хийдэг гэж тус компанийн захирал ярьж байна. Иймд ажлын байр нэмэгдүүлбэл ядуурал аяндаа арилна гэсэн аксиомд тулгууралсан төрийн бодлого энэ нөхцөлд бүтэлгүйтэх нь ойлгомжтой. Ажлын байр нэмэгдүүлэх нь эдийн ядуурлыг арилгах маш үр нөлөөтэй арга хэмжээ мөн боловч араншлын ядуурлын эсрэг оновчтой байж чадахгүй. Эдүгээ араншлын ядуурал нь зөвхөн нэг компанийн бус, бүр нийт бизнес эрхлэгчдийн ч зовлон биш, харин үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлж буй аюул мөн. Яагаад тэр вэ?

Ядуучуудын улс төр

Ардчиллын дам нуруу нь чинээлэг, ажилсаг дунд давхрага байдаг. Үндэсний хэмжээний том хөрөнгөтөнд эрх баригчдад нөлөөлөх олон боломж, арга, сувгууд аяндаа бүрддэг учраас улсын бодлого тодорхойлох явцад тэр нөлөөлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх бус цөөн хэдэн бүлэглэлийн далд засаглал болон хувирах аюултай байдаг. Тэгвэл араншлын ядуурал бүхий хүмүүсийн тоо нийгэмд хэт ихэсвэл ардчилсан засагт бүүр ч их аюул учруулдаг билээ. Ядуу хүмүүс урт удаан хугацаанд тогтвортойгоор улс төрийн үйл явцад тайван, ухамсартайгаар оролцох боломж байдаггүйн сацуу тийм чадвар ч муутай тул ихэвчлэн харьцангуй богино хугацаанд үргэлжлэх тэмцлийн хурц хэлбэрүүдийг сонгож авдаг. Тийм ч учир овсгоот зарим “технологчид” тэднийг элдэв санаагаар “цэнэглэн” жагсааж, нийтийн эмх замбараагүй байдал үүсгэхээр далайлган сүрдүүлж төр засагт улс төрийн дарамт үзүүлэх хэрэгсэл болгодог. Ядуучуудын улс төр бүтээлч санаа дэвшүүлэх бус “буруутныг олох” гол арга хэлбэртэй бөгөөд цаанаа хүчирхийллийн заналхийллийг байнга агуулж байдаг. Энэ бүхний эсрэг гол “дархлаа” бол нийгмийн дунд давхрага байдаг билээ. Өөрийн амьдралаа аваад явчих тэнхээтэй тэднийг хэн ч чихэр жимсхэнээр хуурч саналыг нь худалдаж авч чадахгүй, боловсролтой болохоор толгойг нь эргүүлж үлгэр домог шиг мөрийн хөтөлбөр сонгуулиаас хэдхэн сарын өмнө ундуй сундуй сараачиж дөнгөхгүй, татварт төлсөн хэдэн төгрөгөө харам нүдээр ажаад байх тул эдийн засгийн элдэв булхайг хуульчлан луйвар хийх боломгүй учир эрх баригчдыг болон үндэсний баячуудаа дэгэнд байлгаж, ардчиллын баталгаа, харуул нь болж тэд явдаг юм. Гэтэл сүүлийн арваад жилийн туршид манай нийгмийн угаасаа ч шингэхэн байсан дунд давхрага маань эрчтэй нимгэрч, гадаад дүрвэх нь дүрвэж, ихэнх нь ядуучуудын эгнээнд цутгаж байгаа нь ардчилал мөхөхийн тэмдэг, түгшүүрийн дохио юм.

Ардчиллын гол механизм нь сонгууль, ардчилсан төрийн гол шинж чанар бол хүч хэрэглэлгүй засгийн эрх шилжих явдал юм. Тэгвэл сонгогчдын ихэнх нь ядуу, боловсролгүй бол яадаг вэ? Эдийн засгийн эсрэг тэсрэг хөтөлбөр боловсруулж хоорондоо мэтгэлцвэл түүнийг ойлгох сонгогч байхгүй тул нэгийгээ “муулалгүй” дүмбийж суусан, шуудай гурил ч юм уу, алтан уул ч юм уу амалсан, мөн сайхан инээдэг, дээл гоё өмсөж, морь сайн унадаг хүмүүст л саналаа өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улс орныг авч явахад жинхэнэ ёсоор шаардагдах мэдлэг, зан чанар гэх үзүүлэлтээр бус ихэнхдээ “амны фигур”, өнгө мөнгөөр л сонгогдож таарна. Сонгогчдын дийлэнх нь ийм байгаа тул улс төрийн намууд ч гэсэн тэдэндээ тааруулж сонгуулийнхаа “мөрийн хөтөлбөрийг” боловсруулж, нэр дэвшигчдээ тодруулна. Энэ мэтээр ажил амьдрал дээшлэхгүй нь ойлгомжтой болохоор сүүлдээ бид яагаад ийм муухай амьдрана вэ гэж бухимдаж, унтууцсан ядуу ард түмэн буруутныг хайж эхэлдэг нь түүхийн зүй тогтол билээ. Буруутныг хайх, “шулам намнах” эрлийг зарим нэг этгээд манлайлж, өмнөх засгийг унаган хүчээр төрийн эрхэнд гардаг нь дараагийн алхам болдог. Нэгэнт тэгж хүчээр гарсан тул тэндээ үлдэх нь мөн л хүчирхийлэл шаарддаг болохоор саяханы хамтран зүтгэгчдээ хядаж, дараа нь нөгөө дэмжиж байсан олноо цусанд умбуулснаар ядуу олонхын дарангуйлал удирдагч болон түүнийг бялдуучлагч цөөнхийнх болон хувирдаг жамтай. Хамгийн эмгэнэлтэй нь энэ бүхэн ардчиллын нэрийн өмнөөс хийгддэг бас нэг зүй тогтол бий. Жинхэнэ ёсоор ардчилсан улс өмнөө барагтай бол ардчилсан гэсэн тодотгол хийдэггүй. Жишээ нь, АНУ, Франц Улс, ХБНГУ, Монгол Улс гэх мэт. Харин дарангуй төр ардчилсан биш гээд хэлчихвий гэсэн шиг дандаа урдаа ардчилсан гэсэн нэр зүүмхий байдаг. Жишээ нь, Ардчилсан Конго Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс, БНМАУ, гэх мэт. Хууль мэт, тэр “ардчилсан” улсуудын ард түмэн нь мөн л ядуу байдаг. Энэ бол зүгээр нэг тохиол биш юм. Тэр Конго Улс ардчилсан байна уу, биш байна уу, бидэнд болоод дэлхийн аль ч улс оронд падгүй. Энэ бол дотоод хэрэгцээнд зориулсан жүжиглэл юм. Манай улс хамгийн ардчилсан, манай ард түмэн хамгийн аз жаргалтай, харин тэр хэдэн мянгаараа алуулсан бөгөөд хоригдож байгаа хүмүүс бол энэ бүхний эсрэг юм гэсэн “эмээр” хүн амаа “нойрсуулдаг”. Тийм ч учраас эрх баригчид нь хүмүүсээ гадагш яваад юм үзэж, дуулчих вий, гадны ном сэтгүүл, хэвлэл нэвчиж ороод ирэх вий гэж үргэлж айж, байнгын гадны аюулыг хэт дэвэргэн сүр болгож, улсаа тойруулан “хашаа” босгодог. Мэдээж тийм улсад амьдарч буй хүмүүсийг ямар эрх чөлөөтэй гэх вэ? Угаас эрх чөлөө, ардчилал хоёр ахан дүүс учир бид эрх чөлөөт Монгол Улсын иргэн байхын төлөө Монголын ардчилсан төрийг сахиж, Монголын төр ардчилсан байхын тулд ард түмэн нь чинээлэг, соёл боловсролтой, эрүүл, өнөр байх ёстой.

Ядууралтай яаж тэмцэх вэ?

Ядуурлыг устгах цорын ганц баталгаат жор байхгүй нь ойлгомжтой. Ядуурал бол зөвхөн мөнгөгүйдэл биш нийгмийн олон эмгэгүүдийн хуримтлал тул олон төрлийн, тал бүрийн эмчилгээ байх нь бас эргэлзээгүй. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол эдийн болон араншлын ядуурлыг ялгаж салгаж, тэдгээрийн тус бүрт нь зохих хөтөлбөрүүдийг тусгайлан боловсруулах явдал юм.

Эдийн ядууралд нирвэгдсэн иргэдээ араншлын ядууралд орохоос өмнө татаж авах нь хамгийн эхний ээлжинд хийх ёстой, үр нөлөөгөө харьцангуй хурдан өгөх санаачлага билээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнөх жилүүдийнхтэй нь харьцуулж, бага багаар ахиулах (инкриментализм) биш бодит зардлын индекстэй тулгаж буюу хүн тансаглахгүй ч, өөрийгөө болон үр хүүхдээ тэжээгээд аваад явахад хүрэлцээтэй зардлын бодит доод хэмжээг тооцож, тогтоож өгөх нь чухал байна. 1996 онд Азийн хөгжлийн банкнаас судалгаа явуулахад Улаанбаатар хотод оршин суугчийн амьжиргааны доод түвшин 500 орчим доллар байх ёстой гэж байсныг бодоход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ наад зах нь тэр хавьд байх ёстой. Тэр тусмаа өнгөрсөн арвангурван жилийн туршид нийслэлийн амьжиргааны өртөг 1996 оныхтой харьцуулахад хэд дахин нэмэгдсэн. Таванзуун доллар “бүү үзэгд” гэмээр их мөнгө мэт сонсдох боловч тооцоод үзвэл тийм бус, харин бид л хэтэрхий бага мөнгөөр өлөн зөлмөн амьдарсаар байгаад тэрнээсээ ихийг төсөөлж чадахгүй болсныг илтгэж байгаа хэрэг. Бодоод үз. Манайхаас хэд дахин илүү амьжиргаатай улс орноос бид бүх л өмссөн зүүсэн, идэж уух, унах хөлөглөх юм аа зөөж тэндэхийн үнийг заримдаа гурав нугалсан үнээр худалдан авч байгаа. Гэтэл тэндэхийн цалингийн доод хэмжээ нь 500 доллар байтугай хэд дахин илүү байгаа шүү дээ. Монгол мал аж ахуйн орон л гэдэг. Тэгтэл махны үнэ нь хаа байсан америк, европын үнээс нээг их доогуур биш байна шүү дээ! Гурил, будаа, төмсөө урд хойноос зөөнө, бас л үйлдвэрлэгчийн үнээр авахгүй байгаа нь ойлгомжтой. Тэр бүү хэл манай монгол төмс маань зөөсөн төмснөөсөө үнэтэй байна гээд бодоод үзэхлээр манай эдийн засаг маш том гажгийг агуулж байгаа биз? Хэн нэгэн эдийн засагч үүнийг мэдэллийн ассимметрээр тайлбарлах гэнэ биз. Тийм биш! Хүмүүсийн албан ёсоор авч байгаа гэх цалин тэдний өдөр тутам хэрэглэж байгаа эд зүйлийн үнэтэй харьцуулбал 2 + 2 = 100 болох гээд байгаа тул үүнийг ямар ч эдийн засгийн моделиор тайлбарлах гээд бүтэхгүй юм. Онолд хэт авталгүй, товчхондоо хэлэхэд цалингийн доод хэмжээг зүй ёсоор нэмэгдүүлэх нь олон талын ач холбогдолтой. Нэгд, манай эдийн засгийн гажуудлыг арилгах, авилгалтай тэмцэх чухал алхамуудын нэг болно. Хоёрт, хүмүүсийг ядуурлаас гаргахад төсөвт үзүүлэх дарамтын хувьд дүйцэх боловч бэлэн мөнгө зүгээр тарааснаас хамаагүй үр нөлөөтэй бодит арга хэмжээ юм. Гуравт, эдийн засгаа хямралаас гаргах маш чухал хөшүүрэг болно. Яаж вэ?
Юм бүхэн үнэтэй байдаг. Ажилгүй сэлгүүцэх ч тэр. Жишээ нь, ажлын хөлс сарын (ажлын 160 цаг) 200,000 төгрөг гэж бодвол нэг цаг махаа идэж байж 1,250 төгрөг олсноос дуртай киногоо үзээд суух нь илүү байж болно. Харин нэг цагт 4,687 төгрөг 50 мөнгө байвал хүн ажилдаа ч хандах хандлага нь өөр болно шүү дээ. Алдаа дутагдал гаргасан ч хасах дайны цалинтай болж байна. Тэгэхгүй бол тэртэй тэргүй юунд ч хүрдэггүй цалингаас юу ч болохгүй хувь хасаад хөдөлмөрийн сахилга батыг сахиулах эдийн засгийн аливаа ач холбогдолгүй. Нөгөөтэйгүүр, хөдөлмөрийн хөлс дэндүү бага байгаа учир манай хамаг эрүүл чийрэг залуучууд гадаадад хар хүчний ажил хийх гэж алалцаж байна. Манай хамаг өнгөтэй өөдтэй сэхээтнүүд цөөн хэдээс бусад нь харьд аяга савхан угааж, хөгшчүүлийн бохирыг цэвэрлэн явна. Энэ бол бидний үндэстний хувьд сүйрэлд хүргэх зам. Хар хайрцагны байтугай ер нь ямарваа нэг бодлого энд байна уу?! Юм бүхэн үнэтэй. Бидний хөдөлмөрийн цалингийн доод түвшин доогуур байхын үнэ нь энэ билээ. Бид улсаа босгож, бүтээн байгуулахад эрүүл чийрэг залуучууд, сэхээтнүүд аль аль нь хэрэгтэй. Тэдэнгүй улс хөгжихгүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээс өөр арга замгүй. Хувийн хэвшилд үүнээс үүсэх дарамтыг арилгахын тулд компаниудыг аль болох олон татваруудаас чөлөөлж, тэд нараар уламжлан олон хүнийг ажилд оруулж, эдийн засгаа хөгжүүлэх нь чухал байна. Татвараас чөлөөлснөөс төсөвт үүсэх цоорхойг ажилд шинээр орох хүмүүсийн хүн амын орлогын албан татвар, хуучин ажиллаж байсан хүмүүсийн цалингийн нэмэгдлээс авах татварын зөрүү гэх зэрэг тэнцүүлэх олон боломж бий. Иймд төсөвт тооны ялгаа бараг гарахгүй боловч эдийн засагт зарчмын маш том ялгаа гарах билээ. Мөнгө хүүхдэд эсхүл шинээр гэрлэгсдэд зүгээр тараах нь ямарваа нэг сайн үр дагавар авчирсныг бид олж харахгүй, ирээдүйд ч олж харах үндэс үгүй. Энэ бол төсөвт ирж байгаа цэвэр дарамт болохоос ямарваа нэг дэд бүтэц эсхүл нэмүү өртөг, шинэ зүйл бүтээхгүй эдийн засагт цутгаж, инфляцийг хоосон хөөрөгдөж буй бэлэн мөнгөний нийлүүлэлт юм. Яг энэ мөнгийг аав, ээжээр нь ажил хийлгээд хүүхдэд хүргэвэл эдийн засагт үзүүлэх нөлөө нь ямар болохыг олон нуршаад хэрэггүй биз. Ажил хийлгүй, хүүхэд гаргаад мөнгий нь авах гээд арчаагүй царайлж гэртээ хэвтэх араншлыг ч бий болгохгүй нь бас тодорхой. Хүүхэддээ өгөх сүүний мөнгөгүй эх нялх үрээ чихэртэй усаар угжиж байхыг би өөрийн нүдээр үзсэн. Тэр хүүхдийг “хүүхдийн” мөнгө авах гэж л гаргасан байдаг. Тийм хүүхэд хэд байгаа бол? Тэдний хэд нь одоо амьд яваа бол? гэсэн эдийн засгийн бус хамгийн энгийн хүн ёсны асуултууд гарч байгаа юм.

Эдийн ядуурлаас ангижирах энгийн томъёо бий. H (ажлын цаг) x Ґ (цалин) = чинээлэг амьдрал + хуримтлал. Цалингийн тухай дээр өгүүлсэн бол ажлын цаг тусдаа бас нэгэн сэдэв болох билээ. Эдийн засгийн бүтээмж гэж нэгэн ойлголт байдаг. Энгийн үгээр хэлбэл Монголд нэг хүн цагийн туршид хийсэн яг тэр ажлаа хөгжингүй эдийн засаг бүхий аль нэг оронд очиж хийвэл түүний бүтээмж нь хэд дахин их байдаг. Тухайлбал, би Монголд нэг цаг бичиг цаасны ажил хийхэд АНУ-д яг тэр ажлыг хийснээс дөрөв дахин бага үр бүтээмжтэй байна гэсэн үг. Энэ нь хувь хүнээс үл хамаарах бөгөөд тухайн эдийн засгийн хүчин чадлаас шалтгаалж байгаа юм. Бид 4 дахин шаргуу ажиллах ёстой байтал тэнд хүмүүс өдрийн 8 цаг, долоо хоногийн таван өдөр ажилладаг гэж барьцаж байгаа нь хирээ мэдэхгүйн гадна улам л ядуурахын үндэс болж байна. Зүй нь бид хагас сайн бүр бүтэн ажиллаж, зарим нэг баярын өдрүүдээ цөөлөх ёстой аж. Ингэвээс, илүү цагийн мөнгөний асуудал аж ахуйн нэгжүүдэд илүү таатай болж, ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн илүү мөнгө олох бас нэг нөхцөл бүрдэх билээ. Энэ бүхний үр дүнд манайд дунд давхрага бэхжиж, хүмүүс хуримтлалтай болж, тэр мөнгийг төр засаг хэрхэн хамгаалж, татвараар авсан мөнгө хэр зохистой зарцуулж буйд хараа хяналт тавьж эхлэх болно. Тэрнээс ямарваа нэг хөрөнгийн хуримтлалгүй, дээрээс нь татвар төлдөггүй ядуу хүнд төрөөс явуулж буй мөнгөний бодлого, банк санхүүгийн асуудал, татварын зохистой орчин энэ бүхэн дэлхийн хажуугаар нисэн өнгөрөх солироос ялгаагүй сонин телевизээр л гардаг хөндий, бодит амьдралд нь ямар ч нөлөөгүй асуудлууд хэвээр байх болно.

Эцэслэн хэлэхэд энэ бүхнийг мөрийн хөтөлбөрөө болгож, ажиллаж бүтээж байгаа үндэснийхээ үйлдвэрлэгчдээ дэмжин тэмцэлдэх барууны үзэл баримтлалтай улс төрийн хүчин манайд үгүйлэгдэж байгаагийн харгай билээ. Монголын улс төрийн гаж тогтолцоо нь араншлын ядуурлыг өөгшүүлж буй олон хүчин зүйлийн нэгэн боловч тусдаа ярих бие даасан том сэдэв юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж