АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ. Өнөөдөр олон нийтээр хэлэлцүүлж буй хамгийн анхаарал татам хуулийн төсөл. Өмнө нь анхаарлын төвд байсан хойшид ч бас анхаарлын төвд байх нь тодорхой. Нэгэнт олон нийтээр хэлэлцүүлж буйнх. Энэ хуулийн төслийг хамтдаа шүүрдэж үзье.
Хэдийгээр энэ зөвхөн хуулийн төсөл ч анзаарахгүй өнгөрч боломгүй хэд хэдэн заалт байна.
Хамгийн эхний заалт нь 3.1.15. Энэ заалтаас харвал өмнө нь ашигт малтмалын салбарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог байсан бол энэ удаад ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын гэсэн дөрвөн зөвшөөрөл өгөхөөр болжээ. Гэхдээ бүгдийг нь хамтад нь өгөх юм даг уу. Өөрөөр хэлбэл, олборлолт явуулж буй компаниуд олборлосон баялгаа заавал боловсруулах ёстой болж таарна. Энэ ч бас зүгээр л санаа. Гэтэл хайгуул хийсэн л бол бас олборлолт явуулах ёстой болж таарна. Ер нь бол зөвхөн хайгуул л хийдэг компани тусдаа байдаг. Хайгуул хийгээд нөөцөө тогтоосны дараа хөрөнгө оруулалтыг ямар байдлаар ч шийдэж болдог гэдгийг сануулах юун.
Басхүү олборлолтын компаниудад шууд боловсруулалт хийх боломж, мөнгө ч байхгүй. Тэгээд ч олборлолт явуулах, уурхай бол өөр асуудал. Харин боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг бүр ч өөр асуудал. Үүнийг зэрэг байгуулчих мөнгөтэй, хөрөнгөтэй компани ч Монголд бараг байхгүй. Гэхдээ гадныхны хөрөнгө оруулалт татаж болно шүү дээ гэж зарим нь хэлэх байх. Тэгвэл “горьд” гэж энэ хуулийн төслийн заалт хэлээд өгнө. Энэ талаар хожим дэлгэрэнгүй өгүүлэх учраас түр азная.
Хэн нэгэн өөрийнхөө эрсдлийг үүрээд, хувийнхаа хөрөнгөөр эрэл хайгуул хийгээд нөөцийг нь тогтоочихсон хойно төр түүнд бодит нөхөн олговор өгөөд булаагаад авчих боломжтой заалт энэ хуулийн төсөлд бий. Бодит нөхөн олговор шүү. Өөрөөр хэлбэл, та дөрвөн жилийн өмнөөс өндөр мэргэжилтнүүдийг хөлслөн, өч төчнөөн техник, хэрэгсэл худалдаж аваад хайгуулж хийж сая нэг юм нөөцийг нь тодорхойлон олборлолт явуулж, гаргасан зардлаа нөхөн олж, ашигтай ажиллах боломж бүрдээд ирэхээр түүнийг чинь мэдсэн хэн нэгэн төрийн оролцоотойгоор гаргасан зардлыг чинь л эргүүлэн олгоод булаан авна гэсэн үг. Хэрэвзээ энэ хооронд зээл авсан байвал хүүгээ төлж чадахгүй сүйрэх нь. Худлаа гэвэл хуулийн төслийн “13.2. Хувийн хөрөнгөөр тойм судалгаа, эрэл, хайгуул хийсэн, олборлолт явуулахад эдийн засгийн үр ашигтай эрдсийн баялгийн хуримтлал бүхий талбайг бодит зардлын нөхөх олговор олгосны үндсэн дээр Засгийн газрын шийдвэрээр, тодорхой хугацаагаар улсын нөөцөд авч болно” гэх заалтыг хараарай. Мэдээж ямар ч зардал гаргахгүйгээр нөөцийг нь тогтоочихсон, хэн ч ашиглахгүй байгаа талбайг хэдэн жилийн дараа ашиглах гээд улсын нөөцөд авахуулах сонирхол эрх мэдэлтэй хэн бүхэнд бий. Энэ боломжийг харин “13.4. Талбайг улсын нөөцөд байлгах хугацаа дууссан бөгөөд уг хугацаа сунгагдаагүй, эсхүл улсын нөөцөөс гаргах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол бол тухайн талбайд тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэх заалт өгнө. Ер нь 14.2, 14,3 гээд иймэрхүү хурааж авах заалт хэд хэд байна. Гэхдээ дээрмийг хууль ёсны болгох хамгийн том зохицуулалт гэж харж болох нэгэн заалт нь “14.4. Ордыг улсын нөөцөд байлгах хугацаа дууссан бөгөөд уг хугацаа сунгагдаагүй, эсхүл ордыг улсын нөөцөөс гаргах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол тухайн ордод олборлолтын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гээд байгаа юм.
Дараагийн анхаарах ёстой нэгэн заалт бий. Энэ хуулийн нэг онцлог нь орон нутагт ихээхэн эрх өгч байгаа явдал. Нэг ёсондоо тэд бүхнийг шийднэ гэсэн үг. Тусгай зөвшөөрлөөр авсан ордыг булаагаад авчих бас нэгэн субьект нь орон нутгийн удирдлагууд болох нь. Тэд мөн л орон нутгийн тусгай хэрэгцээнд гэсэн нэрийдлээр эрэл хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулж буй талбайг авах эрхтэй. Бас л бодит нөхөн олговор олгоод шүү дээ.
Энэ хуулийн төслөөр орон нутгийн эрхийг барьж буй улс төрийн хүчин, улстөрчдөд уул уурхайхныг дарамтлах, шантаажлах боломжийг олгосноороо өмнөх хуулиудаас ялгаатай. Энэ нь “20.1.4. хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Хамтран ажиллах гэрээ, олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Орон нутаг хөгжүүлэх гэрээ байгуулах, энэ хуульд заасан хугацааны дотор гэрээ байгуулахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардах эрхтэй” гэснээр эхэлнэ. Дээр нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тусгай зөвшөөрлийг нь цуцлах бүрэн боломжтой. Тиймээс тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байцаагч элдэв арга саам хэрэглээд авлига аваад байх явдал руу энэ хуулийн төсөл түлхчихэж ч болзошгүй гэсэн. Нэгэнт тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүртэл эрхтэй болохоор энэ албан тушаал тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрлэг болох нь. Өдгөө авлигад хамгийн ихээр идэгдсэн гэгдээд буй энэ салбарынхныг бүр гааруулах боломжийг уг хуулийн төсөл бий болгочихож.
Гэхдээ энэ төслийг бүхэлд нь хараар будаж болохгүй. Уурхайд ажиллагчдын цалингийн төвшинг тогтоохоос эхлээд олон зөв зохицуулалтыг тусгасан тал ч бий. Энэхүү хуулийн төслийг анх удаагаа өнөөдөр хэлэлцүүлнэ. Зарим зүйл, заалтад анхаарлаа хандуулахгүй бол орон нутагт хэтэрхий эрх мэдэл өгч, тэд нь компаниудыг өөрсдийнхөө хүссэнээр дарамтлах, хэтэрхий явцуу байдлаар асуудалд хандах хөрс суурийг ч бий болгож магадгүй нь. Тиймээс л долоо хэмжиж нэг огтлох зарчмаар хөрөнгө оруулагчид хийгээд төр засаг, иргэдийн аль алиных нь ашиг сонирхлыг бодолцож хуулийн төсөлд тусгах хэрэгтэй болов уу гэсэн үүднээс хуулийн төслийг бүрэн эхээр нь танилцуулж байна. Бид хэлэлцүүлгийн талаар цаг алдалгүй мэдээлэх болно.
Хуулийн төслийг ЭНД дарж уншина уу