Ардчилагчдын сүйрэл-2000

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Ардчилагчдын сүйрэл-2000

Ардчилсан намын уг сурвалж болох Ардчилсан холбоо эвсэл 1996-2000 оны парламентад олонх байж, өнөөдрийнх шиг, нарийн ярьвал өнөөдрийнхөөс ч дээр нөхцөлтэйгээр буюу дангаараа Засгийн газраа байгуулж ажилласан юм. Гэхдээ олонхийн олон гишүүдийн нэг нь ч 2000 онд дахин сонгогдож чадаагүй. Баатруудын “сүнс” нь ч үлдээгүй ийм ялагдал амссаны учир шалтгаан нь юу байлаа?!
Боловсон хүчний нөөцдөө морин жилийн хувьсгалчдаас өөр капиталгүй шахам Ардчилсан нам тэр үед төрийн албанаас арван мянган хүнийг зэрэг халж, өөрийн талынхан, танил тохойгоо томилсон гэдэг гомдлыг МАХН буюу МАН мөн ч олон жил ярьж, өш хонзон тооцсон санагдана. АН улс төрд цөөнх болсон он жилүүдэд МАН аливаа халаа, сэлгээний асуудалд хандахдаа “өмнө нь та нар яаж байлаа” гэдэг үгийг байнга шахам давтдаг байв. Олонхийн дур зорго, эрх мэдлийн хүчээр аливаа асуудлыг шийдэх хандлага нь хэтийдсэн Ардчилсан холбоо эвслийн Засгийн газар гурав дахиа унаж, дөрөв дэхээ боссон. Ингэхдээ харин эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлсэн нь тухайн үед олон нийтийн сэтгэл зүй бэлтгэгдээгүйгээс болоод Ардчилсан холбоо эвсэлдээ гай чирсэн ч улс оронд гавьяа болсон юм. Өмч хувьчлалыг шат ахиулж, орон сууцыг хувьд өгч, эрчим хүчний үнэ чөлөөлж, гаалийн татварыг тэглэж, банк, санхүүгийн системд бүтцийн өөрчлөлт хийж… Эдийн засаг, гадаад худалдаа, банкны салбарт баримталсан либералчлалын бодлого нь Монголын эдийн засаг сэргэх хөрс суурь болж, дараа дараагийн Засгийн газруудад ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэхэд болно. Олон арилжааны банкууд дампуурч ил далд нуугдаж байсныг бүтцийн өөрчлөлт хийх замаар эрүүлжүүлж, эдийн засагт мөнгө чөлөөтэй урсах нөхцөлийг нээсэн гэж үздэг. Хувийн банк гэж юу байдгийг мэдэхгүй явсан монголчууд тэр үед мөн л банк дампуурах гэж юу байдаг, дараа нь яах ёстой талаар ойлголт муу байснаас болоод хэл ам түймэр шиг ассан. Одоо хүртэл Ардчилсан холбоо эвсэл банкуудыг дампууруулж, хувааж идсэн гэдэг “угаадас” улс төрийн хэрүүлийн тогоон дотор эргэлдэж л байдаг. Энэчлэн цагаа олсон, цагаасаа эртэдсэн олон шинэчлэл нь сайн, муу үр дагаврын аль алийг эрт, орой авчирсан. Гэхдээ л Ардчилсан холбоо эвсэл 2000 оны сонгуулиар ялагдсан. Яагаад ч юм, юу ч юм сонгогчдод таалагдаагүй.

Ажиглагчдын үзэж байгаагаар Ардчилсан холбоо эвслийн хувь заяаг өнөөдрийн эрх баригч Ардчилсан нам давтаж болзошгүй харагдаж байна. Олонхийн суудал, олж авсан эрх мэдэлдээ омогшсоных уу, маш олон асуудалд өнөөдрийн эрх баригч нам хүч түрэмгий хандаж, бусдыг үл сонсч буй.

2012 оны сонгуулийн үр дүн Ардчилсан намд ялалт авчирч, олуулаа болгосон ч  дангаар Засгийн газраа байгуулах хэмжээний суудлыг өгсөнгүй. Гурав дахь, дөрөв дэх гэгч “хөзрүүд” парламентад орж ирэх шинэ тоглоомын дүрэм үйлчилж эхэлсэн тул цаашид ч ердөө хоёрхон нам ээлжлэн хожилцож байхаа болино. Өөрөөр хэлбэл, үнэмлэхүй олонх цөөнхийн үе ард хоцорч, аль олон суудал авсан нам нь бусадтайгаа хамтарч Засгийн газар байгуулж байх төлөв цаашид харагдаж байгаа. Олонхийн хүчээр түрж биш ойлголцол дундаас шийдэл гаргадаг соёлд улстөрчид суралцах хэрэгтэй болох нь. Гэтэл өнөөдөр Ардчилсан нам арав гаруй жилийн өмнөх, хэтрүүлж хэлэхэд хорин жилийн өмнөх шигээ ааш араншинг давтаж байх шиг. Албан тушаал, эрх мэдэл гээчийг анх удаа авч байгаа мэт “юм үзээгүй” зан гарган, элдэв ажилд ах дүү, амраг төрлөө томилж тэр хэрээр халаа, сэлгээг хавтгайруулав. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчид гэхэд тэр чигтээ нэг гэр бүлийнхэн байсан ч тохиолдол гарав.

УИХ-ын гишүүний түр үнэмлэхтэй төдийгүй тангараг өргөсөн гишүүдийг буцааж, өөрийн намын гишүүдээр сольж чадаж байгаа Ардчилсан намд төрийн албаны халаа, сэлгээ бол зүй ёсны бөгөөд жижиг асуудал биз. Өвөрхангай, Увс аймагт сонгуулийн дүн өөрчлөгдөж байгаагийн учир шалтгааныг олж сонсоогүй олон сонгогч өнөөдөр гайхаж л байгаа. “Энэ хүн ийм хуулийг зөрчсөн юм байна, шүүх тэрийг нь хэлэлцээд ингэж шийджээ” гэдэг ойлголт, мэдээлэл хүмүүст хүрч амжаагүй байхад шүүхийн шийдвэр гарахтай зэрэгцээд Төрийн ордонд “орны” гишүүдээр тангараг өргүүлж байгааг ихэнх нь ойлгохгүй байна. Тийм ч учраас эрх баригчид шүүхийн шийдвэргүйгээр сонгогчдын эрхэнд халдаж, өөрийн дураар асуудлыг шийдвэрлээд байгаа мэт харагдаж байна. Эдгээр аймагт үүссэн сонгуулийн маргааныг ном, дүрмийн дагуу хэлэлцэж, хууль зөрчсөн хүмүүс нь зохих журмаараа шийтгэгдэж байгаа гэж Ардчилсан нам мэдэгдэж буй. Шударга ёс, хууль хэрэгждэг боллоо гэдэг сайхан “малгай”-г үүн дээрээ духдуулж байгаа. Энэ нь үнэн байлаа ч үүнийгээ хүч түрэн тулгаж, бусдыг үл сонссон байдалтай хэрэгжүүлж болохгүй баймаар. УИХ дахь МАН-ын бүлэг байгуулагдах явцад ч Ардчилсан нам хатуурхсан. Өнөөдөр МАН ялсан аймгуудад Засаг даргыг нь зөвшөөрөхгүй хэгжүүрхэж,  өөрийн хүнээ үүрэг гүйцэтгэгчээр томилон хүчирхийлж байна. Эцсийн дүндээ эрх баригчид л шийдэж, олонхи нь л дийлж таарна. Мэдээжийн ийм зүйлийг хүлээж тэвчихгүй, хүчирхийлэл, дарангуйллын аргаар шийдээд байгаа нь л Ардчилсан намд үнэндээ зохихгүй байна.

Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмийн амин сүнс нь хувийн өмч, хувийн хэвшил гэж олон хүн ойлгодог. Ардчилсан нам засаг барьж буй энэ үед хувийн хэвшлийнхний айдас нэмэгдсэн нь өөрөө аймшигтай явдал. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдмагцаа нэн түрүүнд үнэ тогтооно, хянана, лицензийг цуцална, хураана гэсэн үгс унагаж эхэлсэн нь хувийн хэвшлийнхнийг айх, гайхахад хүргэсэн. Хэрэв хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчидтэй хариуцлага, шаардлага ярих гэж байгаа бол арай өөрөөр ярьж болох л байсан. Төрийн үүрэг бол стандарт тогтоож, түүний биелэлтэд хяналт тавих. Юун түрүүн стандартуудаа цэгцлэх, дараа нь лаборатораа байгуулах, байгааг нь баталгаажуулах, хяналтын байцаагчдаа авлигаас ангижруулах гээд өөрийнхөө ажлаас асуудлыг эхлүүлж, үлгэр дууриал үзүүлэх ёстой байлаа.

Ардчиллын нэг сүнс нь хэвлэлийн эрх чөлөө гэж тунхаглаж, ил тод, нээлттэй мэдээлэл, иргэдийн мэдээлэл авах эрхийн талаар хамгийн түрүүнд хамгийн чанга ярьдаг байсан ардчилагчдын араншин эрх мэдэл дагаж өнөөдөр эрс өөрчлөгдсөн байна. Яам, агентлаг, тамгын газрын мэдээлэл хаалттай болж, ямар ч албан тушаалтан нь “хэвлэлийн төлөөлөгчөөс асуу,  даргаас зөвшөөрөл ав” гэдэг үгээр сэтгүүлчидтэй харилцдаг болов. Зарим яам мэдээлэл хүссэн сэтгүүлчээс анкет бөглүүлдэг журам мөрдөөд эхэлж. Ардчилсан намын нэр хүндэд зохихгүй өөр ямар зүйлийг сэдэхээр завдаж байгаа бол? Зохимж, үзэмжийг бүүр ярихаа байгаад тооцоо ярья. Ардчилсан нам аль хэдийн оноогоо алдаж, хөдөөд зарим аймагт МАН-ын рейтинг 60 хувьд хүрсэн байна. УИХ-ын сонгуулийн өмнө, сонгуулийн дараа Ардчилсан намын чансаа хөдөөд урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн байлаа. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намд өгөх итгэл, хүлээлт тун өндөр байсан. Өнөөдөр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, арга барил нь хүлээсэн хэмжээнд хүрэхгүй байна гэдэг дүнг сонгогчид өгөөд эхэлжээ гэсэн үг.

Засагт заримдаа захиргаадалт, зарим асуудал дээр хүнд суртал хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч болох юм. Гэхдээ захиргааны замаар шийдвэрлэх гэж байгаа ямар ч асуудал дээр хүлээцтэй хандаж, хүмүүсийг дасгаж, нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх тодорхой хугацаа өгөхгүйгээр хүчирхийлсэн байдлаар давшиж болохгүй. Улс төр, бизнес, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл гээд бүх л салбарт эрх баригчдын хүч түрэмгий байдал илэрхий анзаарагдаж, эгдүү зэвүүг хэдийнэ хүргээд эхэлсэн байна. Шинэчлэл нь удаж, түрэмгийлэл нь түрүүлж яваад байгаа эрх баригчдад, ардчилагчдад “сүнсгүй” болтлоо ялагдаж байсан 2000 оныг дахин сануулахад эртдэхгүй болжээ.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж