Газрын тухай хуулиудыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Газрын тухай хуулиудыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Газрын тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай, дагалдах хуулийн  төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар эдгээр төслүүдийг хэлэлцэхийг дэмжих юм бол холбогдох байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх боломжтой юм. Хууль санаачлагчдын танилцуулгыг Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны гишүүн А.Бакей танилцуулав. Үүний дараа гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж хариулт авсан юм.

Л.Энх-Амгалан “Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш гарч байгаа чухал хуулиуд байна. Үүнтэй хамт өргөн баригдсан Газрын төлбөрийн тухай хууль, албадан чөлөөлөх хуулиудыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Үүнд зарим заалт нь Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн зүйл байна. Газрын төлбөрийн тухай хуульд, иргэдийн эзэмшиж буй 0.07 га газрыг 90 хувийн хөнгөлөлтэйгээр олгодог байсан. Гэтэл шинэ хуулиар төлбөрийн дарамт ард иргэдэд очих магадлал байна. Тиймээс иргэдэд ямар дарамт ирэх вэ” гэж тодрууллаа.

Ц.Баярсайхан “Газрыг албадан чөлөөлөхдөө шууд чөлөөлөх бус зайлшгүй чөлөөлөх тохиолдолд тухайн газарт оршин суугаа иргэдийн саналыг асууна. Мөн нийт иргэдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэнэ. Нөхөн төлбөрөө тохиролцож чадахгүй бол зуучлал, шүүхийн байгууллага гэсэн шат дамжлагатай байдлаар шийдвэрлэнэ. Өмнө нь төр давамгай эрх эдэлдэг байсан. Үүнийг өөрчилж оруулж ирж байгаагаараа энэ хууль онцлог” гэлээ.

С.Ганбаатар “Энэ хуулинд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид  Монгол Улсын хуулинд заасны дагуу газар эзэмшүүлнэ” гэсэн заалт байна. Гадныханд Монгол Улсад газар эзэмшүүлэх асуудлыг өөрөөр оруулах хэрэгтэй. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадынхан газар ашиглах гэж байхаас эзэмших гэсэн зүйл байхгүй байх гэж бодож байна” гэсэн саналаа илэрхийлсэн. Мөн ажлын хэсэг дээр орж ажиллах санал гаргаж,  энэ асуудлаар нухацтай  ажиллах шаардлагатай байгааг сануулсан.

Ц.Баярсайхан “УИХ-аас баталсан Концессийн хууль бий. Үүний дагуу Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн санал өмнөх парламентад гарсан. Ингэхдээ Монгол Улсад бүртгэлтэй, тогтмол татвараа төлдөг аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх нь зүйтэй гэж үзэж хуулинд тусгасан. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх давуу талтай” гэсэн тайлбар өглөө.

С.Баярцогт “Энэ хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Өмнө нь энэ хуулиудад шинэчилсэн найруулга хийж байсан. Одоо бол гурван хуулийн шинэчилсэн найруулга, нэг нь шинэ хууль оруулж ирж байгаа юм байна. Газар албадан чөлөөлөх хуулийн төсөл дутуу санагдаж байна. Газрыг албадан чөлөөлөх гэдэг дээр Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэтэд хаана ямар ямар газрыг чөлөөлөх вэ гэдгээ тодорхойлж, зураг төслийг нь боловсруулаад дараагийн хэлэлцүүлэг дээр оруулж ирэх хэрэгтэй. Засгийн газар энэ хуулин дээр зоригтой хандах хэрэгтэй. Хуулиндаа зохицуулалт хийж чадвал төвлөрөл сааруулахад чухал. Тиймээс Засгийн газар зураг төсөлтэй нь хаана ямар газар чөлөөлөх вэ гэдгээ тодруулаад оруулж ирэх нь зүйтэй. Үүнтэй уялдуулан дагалдах хуулиудаа боловсруулаад, шинэчлээд явах нь зүйтэй” гэсэн санал илэрхийлсэн юм.

Ц.Баярсайхан “Газар чөлөөлөлтийг төвлөрөл гэхээс илүү гэр хорооллын айлуудын дэд бүтцэд тулгуурлан боловсруулсан юм. Эхний ээлжид зам, гэрэлтүүлэг, явган хүний зам гэсэн шат дараатайгаар хийхээр төлөвлөөд байгаа юм. Гэхдээ хүний эрхийг хамгийн түрүүнд тавих хэрэгтэй. Албадан чөлөөлөхдөө тухай иргэнтэй тохиролцох ёстой. УИХ-ын гишүүд энэ хуулийг дэмжиж ажиллах байх гэж бодож байна” гэлээ. Газрын тухай болох холбогдох төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхээр гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж