Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Хаврын сурвалжлага

Яг өдийд Сөүлд модод нахиагаа дэлгээд, өнгө өнгийн цэцэгс дэлбээгээ нээж эхэлж байгаа. Японд харин сакурагийн цагаахан дэлбээ урин цаг ирснийг зарлан байгаа. Гэтэл миний эх орны хаврын өнгө бүдэг саарал, бүүдгэр, бүрзгэрээр төсөөлөгдөнө. Аргагүй шүү дээ, уур амьсгал нь эрс тэс юм чинь гэж өмгөөлөн бодох ч нүүр шавхуурдан хийсэх гялгар уут, амьсгал давчдуулан хамар цоргих эвгүй үнэр зэрэг нь эрхгүй бухимдал төрүүлнэ.

Жалга дүүрэн хог

Хаа очиж сүүлийн жилүүдэд хотын төв болоод орон сууцны хороолол дундах хог хаягдлыг харьцангуй цэгцэлж байна. Нийслэлийн хүн амын 60 гаруй хувь нь оршин бууж буй гэр хорооллын гудамжнаас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Эхлээд зорьсон газар бол Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг Алтан-Өлгий, Монелийн гэр хороолол. Дээрх хорооллын айлууд хашаан доторхоо бол цэмцийтэл нь цэвэрлэжээ. Бүх хогоо шуудайлаад хашааныхаа гадаа овоолсныг харахад хог тээврийн машин ирэх дөхсөн бололтой. Гудамжуудын нүүрэн тал нь харьцангуй цэвэрхэн ч сүүдэр талдаа хог ихтэй, тэр нь  цас, мөсөнд нь барьцалдан хөлджээ. Хэд хэдэн газар үхсэн нохойн сэг зэм цасан доороос цухуйж харагдах нь ширүүхэн өвлийн аяыг гудамжны ноход хүртэл дааж гараагүйг илтгэнэ. Тэгш талбайд барьсан гудамжуудын хувьд хог хаях нь харьцангуй бага байдаг бол хонхор хотгор газруудад ил задгай хог ихээр хаяснаас гуу жалга нь хогийн сав  болон хувирсныг Дарь эхийн гэр хорооллын Ганцын буудлын ойролцоох жалганаас харж болно.  Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг хариуцан ажиллаж буй мэргэжилтний хариулж байгаагаар бол ихэнх гэр хорооллын хогийг сар тутамд ачдаг ажээ. Гэтэл гэрийн хорооллынхон хогноосоо ангижирч хараахан амжаагүй л байна. Хотоос алслагдсан болон уулын орой, гуу жалган дунд буусан айлууд руу өвлийн улиралд хог тээврийн машин очих боломжгүйгээс 2-3 сар өнжих тохиолдол байдгийг мэргэжилтэн үгүйсгээгүй юм. Ийм хүндрэл Чингэлтэй дүүргийн нутаг Зурагт, Баянхошуу чиглэлд, Баянзүрхийн Дарь-Эх, Сонгинохайрхан дүүргийн хойд талын гэр хорооллуудад ихэвчлэн гардаг ажээ. Түүнчлэн айл өрхүүд хог тэврийн хөлсөө өгөөгүй хойрго байгаагаас дүүргүүдийн ТҮК алдагдалд ороход хүрч, хогийг нь ачилгүй удаашруулдаг тал бий гэнэ. Хог тээвэрлэлтийн нэг удаагийн зардал 55-80 мянган төгрөгт хэлбэлздэг. Жилд Нарангийн энгэр, Морингийн давааны хогийн цэг рүү  жил тутам 390 мянган тонн хог хаягдал тээвэрлэдэг гэхээр зардал чамгүй гарах нь мэдээж.

“Шингэн хог” буюу угаадас

Аль ч газар анзаарагдсан нэг зүйл бол өвлийн улиралд гудамжиндаа гарган асгасан угаадас юм. Ялангуяа Дэнжийн мянгын гэр хорооллынхон бол үерийн далан руугаа, Сэлбэ голын эрэг дагуух айлууд гол руугаа угаадсаа асгаж орхино. Өвөл асгасан угаадас нь урь ормогц  гэсч,  шөнө нь буцаж хөлдөхийн дээр халтирч унахгүйн тулд угаадсан дээрээ асгасан үнс нурам нь салхинд хийснэ. Хэдхэн гудамжаар өгсөж уруудахад л үс гэзэг, нүүр гар, өмссөн хувцас бүхэлдээ саарал шороо, үнс нурмаар будагдаж орхив. “Шингэн хог” хэмээн нэрлэдэг угаадас нь хөрсийг их хэмжээгээр бохирдуулахын дээр агаарт дэгдсэн элдэв бохир бодисууд нь хүний биед  муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Урьдын цагт хөрш зэргэлдээ айл өрхүүд нэг нь нөгөөгөө хог хаягдал, угаадсаа гудамжиндаа хаяж буй эсэхийг хяначихдаг байсан бол өдгөө харин уралдаж асгадаг болсон. Тиймээс “хоёр хар хэрээ”-ний үлгэрт орчихгүйн тулд хэн хэн нь таг дуугүй сууцгаах болжээ.

Булан тохой бүрийг бие засах газар болгожээ

Гэрийн хороололд төдийгүй хотын төвийн байр орон сууцны булан тохойгоор тойроход хамар цоргисон эхүүн үнэр ханхлах нь хавар ирснийг илтгэнэ. Өвлийн цагт мөстчихөөд хавар гэсч буй ялгадаснаас хичнээн хэмжээний хор ялгарч байгааг таашгүй. Манай улсад агаарын бохирдлын судалгаа хийгээд буцахдаа япончууд агаарын найрлагад багагүй хэмжээний шивтрийн хий байгааг нотолжээ. Тэд хотын агаарт шивтрийн хий байгаад гайхашраад зогсохгүй уг хий нь асар аюултай, химийн зэвсэгт хэрэглэдэг болохыг анхааруулсан байна.   Ялангуяа баар, цэнгээний газруудын ойролцоо гэртэй хүмүүсийн хувьд  салхивчаа нээх ч эрхгүй  аж төрөхөд хүрч  байна. Устөрөгч болон аммиак буюу шивтрийн хийгээр бохирдсон гудамж талбай, булан тохойг хэзээ хэрэхэн ариутгадаг талаар мэргэжилтнүүдээс тодруулахад:

-Нийтийн эзэмшлийн гудамж талбайг ариутгах ажлыг улсын  төсвөөс хийдэггүй. Харин аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд  өөрсдөө санаачлагаараа мэргэжлийн байгууллагад хандан  ариутгуулж болно гэсэн хариултыг өгч байна. Тэгэхээр угаадас, ялгадсандаа будагдсан гудамж манай хотын хавар цагийн имидж болсон хэвээр байх нь.

Д.Цээпилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж