
Энэ оны гуравдугаар сард өмнөх сартай харьцуулахад хүнсний бүтээгдэхүүний үнэ 2,9 хувиар буурсан байна. Энэ нь сүүлийн 8 сарын хугацаанд анх удаа буурч байгаа үзүүлэлт боловч цаашид үнийн хэлбэлзлэл ямар байхыг одоохондоо урьдчилан таамаглахад эрт байгааг Хөдөө аж ахуй, хүнсний байгууллагаас анхааруулсан байна.
НҮБ-ын Хөдөө аж ахуй, хүнсний байгууллагын олон улсын худалдаа, зах зээлийн салбарын захирал Дэвид Халламын хэлснээр энэ хаврын тариалалтын нэгдсэн дүнгийн мэдээлэл бүрэн гарсны дараа ирэх намар хураан авах ургацын хэмжээг тогтоон гаргах болно гэсэн ажээ. Гэвч нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүний хэмжээ төдий л их биш, Ойрхи дорнод, Африкийн хойд хэсгийн тогтворгүй байдал газрын тосны үнийг хөөрөгдүүлж байгаа болон Японд учирсан байгалийн гамшигийн үр дагавар үнийн цаашдын бууралтад сөрөг нөлөө үзүүлж магадгүй юм байна.
Олон улсын хэмжээнд ургамлын тос, элсэн чихрийн үнэ мэдэгдэхүйц буурч, улаан буудайны үнэлгээ ч гэсэн буурах хандлага ажиглагдаж эхэлсэн байна.
Гэвч сүүн бүтээгдэхүүн, махны үнэ нэмэгдэж байгаа байдал ажиглагджээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг