Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хаачив?

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хаачив?

Төрийн ордонд энэ хоёр эрхмийг хайсан сэтгүүлчид хаалгыг нь сахих ч УИХ-ын гишүүдийн сураг алдарчээ. Учир нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын түр үнэмлэхийг хүчингүйд тооцож, үүнтэй холбогдолтой СЕХ-ны УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоолыг хүчингүйд тооцох шийдвэрийг өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гаргасан юм. Давж заалдах шатны шүүх нэгэнтээ тэднийг сонгуулийн хууль зөрчин мөнгө тарааж сонгогдсныг тогтоосон болохоор эрхэм гишүүд өмнөх шигээ “Ямар ч эрүүгийн хэрэг үүсгээгүй”, “Шүүх ард түмний сонголтыг баталгаажууллаа” гэх мэтчилэн энхийн цагаан тагтааны дүр эсгэх боломжгүй болжээ. Тэдний мөнгө тараасан хэргийг эрүүгийн хоёр, Захиргааны хэргийн давж заалдах шатны нэг гээд гурван ч шүүхээр тогтоожээ. 

Хамгийн гол нь, шүүх СЕХ-нд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг УИХ-ын гишүүнээр тооцсон тогтоолыг хүчингүй болгож дараагийн 28-аас дээш санал авсан хүмүүсийг УИХ-ын гишүүнээр тооцохыг даалгалаа. Энэ шийдвэр долоо хоногийн дараа албан ёсоор бичгээр гарах учраас түүний дараа асуудал нэг мөр шийдэгдэнэ гэсэн үг. Гэхдээ нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдүүдийн хэн нь ч хяналтын шатны шүүхэд хандах эрхтэй. Харин тэрхүү хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүх хуулийг буруу ашигласан уу, шүүх хурлын үеэр ямар нэгэн хууль зөрсөн үйлдэл гаргасан уу гэдгийг л хянана.
Увс аймгийн Тариалан сумын Х.Баярсайхан нарын 13 иргэн саналыг нь худалдаж авах зорилгоор Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар 100 мянган төгрөг тараасныг нь баримтаар нотлон шүүх гомдол гаргасан юм. Түүнчлэн Увс аймгийн Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэлийг баримтаар нотлосоор байтал “Тойргийн хороо хууль зөрчөөгүй гэж үзсэн” учраас тойргийн хорооны гаргасан тогтоолуудыг хүчингүй болгох нэхэмжлэх гаргаад байсан юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэхийг авч хэлэлцээд Х.Баярсайхан нарын өмгөөлөгч Б.Лхагважав нь итгэмжлэх хийлгээгүй учраас шүүх хурал дээр төлөөлөх эрхгүй, Увс аймгийн тойргийн хорооны 27 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох шаардлагагүй гэж үзээд байсан юм. Тэгвэл Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх уг тогтоол нь хууль зөрчсөн учраас хүчингүй болголоо.     

Анхан шатны шүүх дээр биеэр ирж оролцож, сүрийг үзүүлсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар өчигдөр давж заалдах шатны шүүх хуралд ирсэнгүй. Харин өмгөөлөгчид, бие төлөөлөгчид нь л ирэв.

Ер нь л 2013 он тэдний хувьд хатуухан эхэлж байна. Саналыг нь худалдаж авах зорилгоор мөнгө тараалгаж байсан Б.Чойжилсүрэнгийн ангийн хүүхэд болох Н.Ариунтуяа нь Өмнөд Солонгос руу зугтаад, хэдхэн хоногийн өмнө эргэж ирэхэд нь баривчилсан бол сонгуулийн багт нь ажилласан таван ч хүн эрүүгийн хуулиар ял сонссон. Тэгвэл эрхэм гишүүд тэднийхээ араас ял авч ч болзошгүй нөхцөл байдал үүслээ. Учир нь айлын гэр түрээслэх нэрээр мөнгө тараасан нь эрүүгийн хэргийн шинж тэмдгийг агуулж байна гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тогтоочихсон болохоор харъяаллын дагуу энэ хэрэгт эрүү үүснэ гэсэн үг. Энэ бүхэн эцэс болсны дараа саналыг нь худалдаж авахыг санаархсаныг нотлох баримтаар илчилсэн учраас нэр бүхий иргэд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарынхны өгсөн 100 мянган төгрөгийг арав дахин нугалж авах эрх зүйн боломж нь бүрдэнэ.

Ямартай ч шүүх сонгуулийг будилаантуулдаг нөхдүүдийг УИХ-ын гишүүнээс хасах шийдвэрийг гаргаж байна, тангараг өргөчихсөн хойно нь шүү дээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн хуулийн нэг онцлог нь сонгуулийн хууль зөрчиж сонгогдсон нь тогтоогдвол тангараг өргөчихсөн байсан ч эргүүлж татах, УИХ-ын гишүүнээс хасах боломжтойгоороо онцлогтой. Тиймээс луйвраар сонгогдсон этгээдүүд өмнө нь УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр хамгаалалт хийн завшдаг байсан бол энэ удаад тийм боломж олгохгүй.

Ингээд асуудлыг харах л үлдэж байна. Эцэст нь энэхүү шүүх хурлыг огт болоогүй гээд буй захиалгат “сэтгэгдэл бичигчдэд” хариу өгөх үүднээс шүүх хурлын шийдвэрийг танилцуулсан видео бичлэгийг хүргэж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж