
Тэгэхээр одоо тэндхийн монголчууд хөдөлгөөнд орж эхэллээ гэсэн үг. Өмнөх хоёр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн сайн, муу мэдээний аль алийг нь дуулгаж байсан бол энэ удаагийнх нь монголчуудын эх нутгаа зорих сэтгэлийг нь шулуутгаж мэдэх юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдээж тэр орны иргэдтэй тэгж ингэж ажиллана, төдийг нь нутаг буцаана гээгүй. Гэхдээ иргэдийнхээ цалин хөлсийг нэмж, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн амлалт нь гадаад ажилчид хөдөлмөрийн зах зээлээс шахагдан гарах нөхцөлийг үүсгэж мэдэхээр байгаа юм. Учир нь солонгос иргэдийн хөдөлмөрийн хөлсний үнэлгээ багатай гэж голсон ажлын байруудад гадныхан ажиллаж ирсэн. Хэрэв цалин хөлсний дундаж жишиг нэмэгдэх тохиолдолд тэдгээр “гологдсон” ажлын байрууд ч үнэд орж, гадны ажилчид солонгосчуудтай өрсөлдөж байж ажлаа олдог болох юм.
Өдгөө тэнд 30 гаруй мянган монгол иргэн ажиллаж амьдарч байгаагийн 10 мянга нь хууль бус. Сөүлийн Цагаачлалын төв албанаас гаргадаг энэ тоо эдүгээ нэмэгдээгүй ч багассан нь бас үгүй. Сүүлийн жилүүдэд хоёр орны хөдөлмөрийн хөлсний хэмжээнд ялгаа бараг гарахаа больж монголчууд ч Өмнөд Солонгосыг сонирхохоо больсон гэхэд болно. Монголд уул уурхай дагасан ажлын байр бий болж, иргэд маань эх орондоо боломжийн цалин хөлс авах болсон билээ. Гэвч яг одоо Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хувьд үнэндээ хэрхэхээ мэдэхгүй суугаа. Эргээд ирэхэд эх нутаг сайхан хэдий ч олон жил сахисан бууринаасаа тийм ч амархан хөдлөх нь юу л бол. Басхүү Монголдоо очиход ажлын байр олдох болов уу гэсэн айдас тэдэнд бий. Одоо тэгвэл энэ орон эвгүйхэн гишгэвэл гадны “зочдоо” өчиггүй нутаг руу нь буцаахаар болчлоо. Тэгэхээр монголчуудад сонголт бараг байхгүй болсон гэсэн үг.
БНСУ-ын өмнөх Ерөнхийлөгчийн үед гадаад ажилчдын талаар хэрэгжүүлсэн бодлогууд хүссэн үр дүнд хүрээгүй, нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөлсөн гэдэг.
Гадаадын ажилчдыг гаргахын тулд хүч хэрэглэсэн гэнэтийн шалтгалтууд хүний амь нас эрсдэх, хэрүүл маргаан үүсгэсэн зэрэг олон таагүй үр дагавар авчирсан. Инчоны нисэх буудлын саатуулах байранд өнгөрсөн жил амиа алдсан болсон монгол залуугийн эмгэнэлтэй хэрэг ч үүний тод жишээ.
Энэ мэтчилэнгээр 8.6 тэрбум тэрбум ам.доллар зарцуулан ажлын байрыг нэмэгдүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлснээр 70 мянган залуус ажилтай болно гэж үзэж байсан Ли Мён Бакийн зорилт ажилгүйдлийн төвшинг бууруулахад бодит нөлөө үзүүлж чадаагүй гэдэг. Ажилгүйдлийн төвшин нэмэгдсэн шалтгаан нь хэдийгээр Евро бүсийн хямрал, Америкийн эдийн засгийн удаашралаас улбаатай ч ажилгүйдэл ихэссэн гол учрыг солонгосууд өөрсдөөсөө хайдаг.
Энэ удаагийн Ерөнхийлөгч эмэгтэй хүний нарийн ухаанаар ажиллаж үзэх нь бололтой. Нийт иргэдийнхээ амь амьжиргааг дундаж төвшинд хүргэж өгнө гэсэн түүний амлалт сонгогчдоос нэлээд дэмжлэг хүлээсэн. Жижиг, дунд үйлдвэрлэлийг голчлон дэмжихээр шийдсэн хатагтай Ерөнхийлөгч цалин нэмснээр ажилгүйдэл багасч, ажлын байрууд эзэнтэй болно гэж үзэж байгаа.
Эдийн засгийн үзүүлэлтээр Азид урдуур ордог энэ оронд ажилгүйдлийн төвшин өндөр байдаг. Тэр дундаа нийт иргэдийн 7 хувийг эзлэх ажилгүйчүүдийн эгнээг 17-29 насны залуус эзэлдэг. Цалингаа голж, ажлаа хаясан тэдний орон зайг өдий хүртэл хэн нөхөж явсан бэ гэвэл мэдээж өөр орны,тэр дундаа монгол залуус. Харин цаг нь тулаад ирэхээр Өмнөд Солонгос орон тэднээс нүүрээ буруулах шинжтэй. Ажилдаа тааруу нутаг нэгтнээ овсгоотой, тэгээд хямдхан гадаад хүчнээр сэлбэж явсан ажил олгогч эзэд энэ удаа тэднийг өмгөөлж хааж нуух нь юу л бол. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн Ерөнхийлөгчийнх нь амлалт ажил олгогчдын эл байдалд эрхзүйн зохицуулалт хийхийг ч үгүйсгэх аргагүй. Үүнийг дагаад хөдөлмөрийн зах зээл хөдөлгөөнд орж, ажлын байрны төлөө өрсөлдөөн эхэлбэл гадны ажилчдын орон зай хумигдана. Ажлын байраа зүгээр шахуу сул тавьж өгч байсан солонгосчуудын хувьд ч өрсөлдөөнд орж эхэлнэ гэсэн үг. Ингэснээр Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудын эхний нүүдэл эх нутгаа чиглэхэд хүлээн авах бэлтгэл байна уу? Олон жилийн тэртээ түүчээ нь эхэлсэн монгол нүүдлийн чимээ ийнхүү эргээд хаалга тогших нь.