Тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгоно

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгоно

Монгол Улсын бодлогын баримт бичгүүдэд тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох, тэтгэврийн шинэчлэл хийх талаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд НХХЯ, МАОЭНХ, МҮЭХ тэтгэврийн шинэчлэлийн үзэл баримтлалаа тохиролцож, санамж бичигт гарын үсэг зуржээ. Талууд  тэтгэврийн даатгалын шинэчлэлийн үндсэн чиглэлийн агуулгаа зөвшилцөж тохиролцсон байна.

Үүнд:

-Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, эрх зүйн орчныг Монгол орны нөхцөлд нийцүүлэн бүрдүүлэх,

-Тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжих эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн таатай орчин нөхцөл өнөөг хүртэл бүрдээгүй, тэтгэврийн хамралтын хүрээ, ялангуяа нэрийн дансны хамралтын хүрээ хязгаарлагдмал байгаа учраас тэтгэврийн даатгалын зарчмаа хуваарилалтын тогтолцоогоор үргэлжлүүлэх,

-Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансыг үргэлжүүлэн бүртгэж, тэтгэвэр бодох аргыг энгийн ойлгомжтой болгох,

-Тэтгэврийн сангийн тогтвортой, бие даасан байдлыг хангах, ирээдүйн тэтгэврийн сан байгуулах, зарцуулах талаар хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг асуудал багтжээ.

Цаашид гурван талын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг тохиролцсон асуудлуудынхаа хүрээнд тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хийх бусад ажлуудаа нарийвчлан судалж, олон улсын шинжээчтэй хамтран ажиллах, байр сууриа нэгтгэх замаар Нийгмийн даатгалын хуулиудад өгөх өөрсдийн саналыг боловсруулан Засгийн газар, УИХ-д өргөн барих юм.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж