
“Ертөнц”, “Нар”, “Сар”, “Ус” гээд эх дэлхийгээ дэндүү сайхнаар мэдрэх аялгуунууд ар араасаа эгшиглэнэ. Энэ бол “Bros’s Records”-ын анхны уран бүтээл “Ертөнц” цомог. “BRO’S records”-ын уран бүтээлчид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд “Blue Sky Tower”-ын “Sky Lounge”-нд “Ертөнц” цомгоо танилцуулан тоглолтоо хийн сонсогчдод анх хүргэж байсан билээ. Тухайн үед ганцхан хувь хэвлэсэн “Ертөнц” цомог дуудлага худалдаагаар нэг сая 206 мянган төгрөг хүрсэн нь уг цомгийн үнэ цэнийг мэдрүүлсэн юм. Тиймдээ ч хөгжим сонирхогч, урлаг, соёлын нэр, хүндтэй эрхмүүдийг сонирхлыг татан хүлээлт үүсгээд байсан “Ертөнц” цомог өчигдөр дэлхий дахинд нэгэн зэрэг нээлтээ хийн мэндэллээ. Дэлхий дахинд хэмээн тодотгосны учир нь уг цомог Монголын сонсогчдын гар дээр цомог хэлбэрээр ирэхийн сацуу, дэлхийг хэрэн сүлжсэн itunes, Worldwide, Spotify, Amazon MP3, Google Play, RDio, Deezer, Xbox Music, Nokia, Rhapsody, eMusic, simfy, Buve Music, Muspace Music, iHeart Music, MediaNet, Vervelife цахим ертөнцөд ч худалдаалагдаж эхэлсэн юм.
“Ертөнц” цомгийн уран бүтээлчид хэц, хубис, хэл хуур гээд мартагдах шахсан хөгжмийн зэмсэгүүдийг эргэн эгшиглүүлж, нүүдэлчдийн түүх болон соёлын өвийг өөрсдийн уран бүтээлээрээ дамжуулан хадгалах, сэргээх, сурталчлах, дэлхий дахины сонорт хүргэхийг зорилгоо болгожээ. Тиймдээ ч бүтээлүүд нь тодорхой зохиомжинд агуулагдаж, тэнгэр огторгуй, газар дэлхий, цаг хугацаа, нүүдэлчдийн ахуй амьдрал, бөөгийн зан үйл, уламжлалт өв соёлыг хөгжмийн аялгуу, байгалийн унаган дуу чимээтэй сүлэн илэрхийлжээ.
“Bros’s Records”-ын бүтээсэн эдгээр гайхалтай аялгууг “Азийн ятгын хатан хаан” өргөмжлөлт Ч.Мөнх-Эрдэнэ, “Бөртэ” хамтлаг, “A sound” хамтлагийн гитарчин Ц.Алтангэрэл, бөмбөрчин Ю.Батпүрэв, “Жонон” хамтлагийн лимбэчин Б.Цогбаяр, “Fire” хамтлагийн аргил гитарчин Д.Батбилэг, флейт Л.Саруулбат, “Баян Монгол” чуулгын саксфонч Ц.Нямгэрэл, “Guys-666” хамтлагийн дуучин М.Мягмар, “A capella” хамтлагийн дуучин Э.Мөнхтөр, Гавьяат жүжигчин, дуучин, ая зохиогч Б.Дашдондог, морн хуурч М.Бүргэдбаатар, MC Beatz, дуучин Б.Солонго, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, ХБК-ийн хийлийн ангийн оюутан М.Ариунгэрэл нарын хамт бүтээжээ.
“Ертөнц” цомгийн ажил 2009 оноос эхэлж, Монголын түүх соёлын биет ба биет бус өв болон ардын хөгжмүүдийг судлан, судалгаандаа тулгуурлан зохиож, найруулж, бичлэгийг мэргэжлийн студи болон Монголд анх удаа гэр студийг байгуулан хийснээрээ онцлог юм.
“Ертөнц” цомгийн нээлт дээр уран бүтээлчидтэй нь ярилцсан юм.
-Яагаад бүтээлүүдээ “Ертөнц”, “Нар”, “Сар”, “Хурай, хурай, хурай” хэмээн нэрлэх болов?
-Нар, сар, усгүй ертөнц гэж юу байхав. Тиймээс энэ бүхнийг хийсэн. Монголчууд бол хурайлгаараа хүчийг оруулж байдаг ард түмэн. Байгаль эх дэлхий минь хурай хурай гэж үүрд орштугай гэж бэлэгдэж хийсэн. 2009 оноос хойш эдгээр арван бүтээлийг хийхийн тулд маш олон уран бүтээлчид хамтран хүч, оюунаа зарцуулсан. Ерөнхийдөө байгалийн хөгжим гэж хэлж болно.
-Сонсогчдод юуг мэдрүүлэхийг зорьсон бэ?
-Энэ төрлийн хөгжмүүдийг сонсоход хүнд өөрт нь нэг бодол төрүүлдэг. Өөрөө өөрийнхөө дотоод ертөнцийг чагнан, оюунаа хөгжүүлэхэд л зориулж хийгдсэн бүтээл дээ.
-Цаашид ямар бүтээлүүд хийхээр төлөвлөөд байна?
-Энэ “Ертөнц” цомгийнхоо хүрээнд цаашид долоон өнгийг үзүүлэхээр зорьж байгаа. Эхний удаад бид хөх өнгийг бүтээлээ.
-“Люмино”-гийн Анхаатай хамтран гаргасан таны “Introduction to nomads” чилл-аут цомгоор нь сонсогчид сайн мэднэ. Энэ цомгоо үргэлжлүүлэн гаргах уу?
-Анхаа бид хоёр нийлээд “Curt bird” гэж хамтлаг болдог байсан. Энэ хамтлаг маань одоо уран бүтээлээ туурвиж л байгаа.
-“Ертөнц” цомгийн онцлог?
-Нүүдэлчдийн өв соёлын орчин цагийн хөгжимтэй хослуулж, байгалийн дуу чимээгээр чимсэн гэдгээрээ онцлог.
-Удтал хүлээлээ шүү?
-2009 оноос эхлэн “Bro’s records”-ынхон дэлхий дахины сонсох хөгжмийг бүтээе гэж ярилцаад анх энэ цомгоо хийж эхлэсэн байгаа. Ертөнц цомог бол нийт арван бүтээлийг багтаасан. Цомгийн хөгжмийн зохиолчоор орчин үеийн залуу хөгжмийн зохиолч, чөлөөт сэтгэглгээт уран бүтээлч Г.Онон ажилласан. Продюсераар нь би ажилласан. Монголын урлагийн зүтгэлтнүүд, билэг зүй, шувуу, сэтгэл судлаач, зураач, түүхч гээд маш олон хүний зөвлөгөө шүүмжлэл дээр бүтсэн.
-Цомог өнөөдрөөс эхлэн дэлхий даяар зэрэг нээлтээ хийн худалдаанд гарлаа. Энэ гарцыг яаж нээсэн бэ?
-Одоо бол энэ гарц бүх хүнд нээлттэй. XXI зууны хөгжмийн том зах хэний ч өмнө нээлттэй. Гол нь уран бүтээлээ тэнд байршуулан сурталчилж, түмэн олны сонирхолд нийцүүлэх ёстой. Тэгэх юм бол аяндаа энэ хөгжим өөрөө дэлхий дахинд түгэх юм. Бидний гаргаж тавьж байгаа үндэслэл бол өнөөдөр хүн төрөлхтөн хэт их хөгжлийн хойноос хөөцөлдөөд, оюуны их ядаргаанд орсон. Тиймээс энэ хөгжим өөрөө их амар амгалан, сэтгэл санааны тайвшралыг бэлэглэх учраас хүмүүсийг ихээр сонирхоно гэж бид үзэж байгаа.
Та “Ертөнц” цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.bros.mn цахим хуудсаар болон www.facebook.com/BrosRecords фэйсбүүк хуудсаар дамжуулан авч болох юм. Тэнгэрт ойрхон саатаж, тэндээс ертөнцийг сонордоорой.

Г.ДАША