
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн нүүрсний ордыг 300 жил ашиглах нөөцтэй гэж бидэнд итгүүлсэн. Гэтэл тус ордын нүүрсийг өдөржин шөнөжин урагш зөөж, хүнд даацын тэрэгний мөрөөр уул нь тал, тал нь там болж байгаа сурагтай. Тэнд хүмүүс хоногийн 24 цаг амрах сөхөөгүй ажиллаж байгаа юм чинь бидэнд ирэх хувьцаа наашилж л байгаа хэрэг гэж уужуухан бодсоор хагас жилийг үджээ. Харин хувьцаа сураггүй хэвээр төдийгүй харин ч Тавантолгойнхон нүүрсээ ч зөөх зардалгүй хэцүүдэж эхэлсэн гэх юм. Хэдэн үеэрээ толгой өвдөхөөргүй “зооглох” хувьцааны их ашиг хаачив аа. Ойр дотны аав ээж, ахан дүүстээ бид чинь хууртвал бид голдоо ортол гомдож, ямархан аашилдаг билээ. Гэтэл төр засаг гэгч барих барьцгүй, хүлээх хариуцлага ч үгүй оргүй хоосонд итгэсээр байна биш үү. Тэр баруун зүүн Цанхи, барууны дотоодын хөрөнгө оруулалт бидэнд хамаа алга. Тэр бүгдэд төр нь толгой гашилгах биз. Гагцхүү хувьцаагаа л авмаар байна. Хувьцаа хаана явна, дарга нар аа?