-Энэ хуулийн үзэл санаа нь нэг хүний асуудлаас илүү том. Төр хүчтэй байх, төрийн ой санамж тасралтгүй сэргэг байх, төр уламжлалаа хадгалж, өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсээрээ дамжуулан мэдээллээ, бодлогоо уламжлуулан хадгалуулах, үүгээрээ төрийн өв хөрөнгө, үнэ цэнэ нэмэгдэж байх тухай асуудал юм. Энэ үзэл санааг цаг үеийн улстөр, нэг хүний асуудлаар халхалж бүрхэгдүүлбэл дэндүү харамсалтай.
Н.Энхбаяраас цааш харж чадахаа байтлаа төр нь сохорч болохгүй. Энд нэг хүний асуудал огт яриагүй. Өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн гишүүн байсан 16 хүн, одоо байгаа гурван хүн, үүнээс хойшхи Монголын төрийн эрхийг барих бүх хүмүүст хамаатай.Би Н.Энхбаярыг 16 хүний нэг гэж л харж байна. Монгол төрийн бүхий л нууцыг мэдэж байгаа энэ хүмүүсийн төрөөс бусад субъектэд зөвлөх эрхийг хязгаарлаж, оронд нь төрийн тэргүүний зөвлөхийн ажил санал болгож цалин олгох тухай асуудал л яригдаж байна. Монгол төрд ажиллаж олсон мэдээллээ бусдад ашиглуулж, Монгол төрд ажиллаж олсон нэр хүнд, давуу талаа гаднынхны лоббид ашиглуулагч болгох нөхцлийг л хуулиар хаая гэсэн юм.
-Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн ямар ажил хийхийг зааж байгаа нь хүний эрхийг зөрчиж байна гэж байсан?
-Энэ хүмүүс бол жирийн иргэн биш, ҮАБЗ-ийн гишүүн болсноороо насан туршдаа жирийн иргэн байх бололцоогүй болсон хүмүүс. Монголын хаана нь ямар баялаг ямар хэмжээтэй байгаа, гадаадын ямар улстай ямар нөхцөл байдалд ямар гэрээ хэлэлцээр хийж байснаас эхлээд тусгай албадтай холбоотой мэдээллүүд, төрийн нууц, маш нууц бүх мэдээллүүдтэй танилцах эрх энэ хүмүүст бий. Ийм хүмүүс жирийн иргэн байх бололцоогүй. Эрх чөлөөт иргэн байхыг хүсч байгаа хүмүүст дээрх албан тушаалуудад нэр дэвшихгүй байх өргөн эрх чөлөө өмнө нь бол байгаа. Нэгэнт сонголтоо хийж “төрийн гурван өндөрлөг”-ийн нэг болсон бол сонголт байхгүй, эрх чөлөөгөө хязгаарлуулах л ёстой. Ер нь бол эрхээ хязгаарлаж төр түмнийхээ төлөө өөрийгөө зориулж чадахгүй хүн Монголын төрд, тэр тусмаа төрийн өндөр албан тушаалд очих ёсгүй л дээ.
Эрхээ ч хязгаарлуулахгүй төрийн өндөр албан тушаалд ч байя гэж байгаа хүн бол “Төрийн өндөр албан тушаалд байхдаа олсон боломжоо буугаад хувийн амьдралдаа ашигламаар байхад чинь яах гээд байгаа юм” гэж байгаатай л адилхан сонсогдож байна, надад бол. Төрийн хар хүн гэж нэг ойлголт байдагсан. Эдийн шуналгүй, ном эрдэмтэй, ухаан цөлх, бодол уужуу тийм хүн өнөөдрийн төрд дэндүү ховордсоны илрэл шүү дээ, тэр эрх мэрх гэж яриад байгаа хүмүүс бол.
-Цалин хангамжийн талд нь бас зарим гишүүд шүүмжлэлтэй ханддаг?
-Ер нь бол Монголын төр зүтгэсэн хүндээ халтай баймааргүй л байгаа юм. Бид тийм харгис үеийг туулсан, XX зууны Ерөнхий сайдуудаас зовлон туулаагүй Ерөнхий сайд байна уу? Богд хаант Монгол Улсын үеэс маршалыг хүртэлх бараг бүх Ерөнхий сайдууд цаг бусаар өнгөрсөн. Ю.Цэдэнбал дарга, Ж.Батмөнх даргыг бид яалаа. Өнөөдөр Ж.Батмөнх гуай шиг эгэл амьдарч байгаа хүн бол Д.Бямбасүрэн гуай. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн 80 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгоод амьдарч байна.
Одоо л амар амгалангийн нарыг харах байх гэтэл дахиад л бариа тавиа болж байна. XXI зууныг бид бас л ингэж өнгөрөөх үү? Н.Энхбаяр гэдэг хүнийг барьж ялласнаар өнөөдөр төрийн өндөрлөгт байгаа бүх хүнийг яллах, шийтгэх ёс суртахууны хэм хэмжээг тогтоолоо. Хэрэв манай төрийг удирдаж байсан хүмүүс Ж.Батмөнх гуай шиг, Д.Бямбасүрэн гуай шиг эгэл жирийн амьдралаар үлдсэн насаа өнгөрөөхгүй гэвэл аль нэг компанид зөвлөхөөр л ажиллах хувь заяа хүлээж байгаа. Үүнийх нь төлөө тэднийг бас л буруутгаж байна. Ядаж ингүүлэхгүй, төрийн нэр төрийг сэвгүй хүндтэй байлгах ёстой биш үү.
Ийм жишиг хууль манай хоёр хөрш, бүр Францаас эхлээд Африкийн арай гайгүй хөгжиж буй орнуудад хүртэл байна шүү дээ. Цалин хангамж гэж яриад байгаа тэр ядарсан сэтгэлгээнээс нь бас би “айгаад” нэг хүнд тухайн үеийн Засгийн газрын гишүүнтэй тэнцэх хэмжээний л цалин олгоно гэж төсөлдөө бичсэн. Тэр нь ч шальтай юм биш л дээ. Төрийн өндөрлөгт байсан хүмүүсээ алдсанаас болоод алдаж байгаа мэдээлэл, үнэ цэнэ, бодлогын дэргэд ингэж ярих нь уг нь бол ичмээр л юм шүү дээ. Гэтэл гадныхан зөвлөхөөрөө уривал юун сайдын цалин байтугайг өгөх байлгүй.
-Тэгэхээр цалин хангамжийн талаарх заалтыг нэлээд бодлоготойгоор оруулжээ дээ?
-Албан тушаалаасаа буусны дараа ч ажилгүй, орлогогүй болохгүйгээр бага ч гэсэн цалинтай, ямар ч байсан ахуйн жижиг асуудлаасаа хамааралгүй болчихвол улс орондоо хэрэгтэй томоохон шийдлүүдийг зоригтой хийх болов уу гэж бодсон юм. Өнгөрсөн 22 жилийн дунджаар Засгийн газрын дундаж нас 1,6 жил байсан байна. Энэ бол бүтээн байгуулж, зоригтой шийдэл гаргахад даан ч хангалтгүй хугацаа. Ард нь ахуйн айдас байгаа бол бүр юу ч шийдэхгүй. Гэхдээ төсөлд байгаа цалинг миний харж байгаа энэ өнцөг баячуудын харж байгаа өнцгөөр бол их л ядуу харагдах юм шиг байна лээ дээ.
-Төсөл батлагдсан нөхцөлд Н.Энхбаяр дарга аврагдах уу?
-Бүгдээрээ Энхбаяр Энхбаяр л гээд байх бололтой юм. Төсөл яаж батлагдахыг би өнөөдөр хэлж мэдэхгүй байна. Гэхдээ улс орны эрх ашгийн эсрэг, онц хүнд гэмт хэрэгт холбогдсон хүмүүст л хуулийн хамгаалалт үйлчлэхгүй байх заалт миний өмнө хэлсэн орнуудын хуульд туссан байна. Хэрэв ийм хамгаалалт байхгүй бол айдас, болгоомжлолд баригдаад томоохон шийдэмгий алхам хийж чаддаггүй гэдгийг нь ч бас том үндэстнүүд харж чаддаг юм байна л даа. Төрийн том хүмүүсийн гаргасан шийдвэр өнөөдрийн шүүлтүүрээр буруу мэт байвч хожмын өдөр улс үндэстэнд тустай байж болно. Тэр бүхнийгээ олон нийтэд, хэвлэл мэдээлэлд, шүүх хуралд хэлж болдоггүй бидний мэдэхгүй, туулаагүй зовлон бас байдаг л юм билээ. Тэдний ийм зовлон үхсэн хойно нь дурдатгал болж үлдэх биш амьдад нь Монгол төрийн туршлага болж үлдвэл уг нь зүгээр юм даа. Өнөөдөр өөртөө зовлонтой, маргааш үндэстэнд хэрэгтэй тийм шийдвэр гаргасан удирдагчийг өнөө бид үзэн ядаж байвч маргааш ардын баатар болгож ч мэднэ. Гагцхүү тийм удирдагчтай байх эрхзүйн, бас өөр бусад орчин ч өнөөдөр алга.
Хэрэв энэ хууль энэ үзэл санаагаар батлагдвал хэн нэгэн аврагдах ёстой бол Монгол төр л аврагдах учиртай.
-Төслийг УИХ-аар батлаагүй нөхцөлд Үндэсний аюулгүй байдалд ямар хор хөнөөл авчрах гээд байна вэ. Ер нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтаж байсан гишүүд нь гадны хөрөнгө оруулалттай компанид ажиллах эсэх нь өөрийнх нь ухамсартай илүү хамаатай зүйл биш үү? Үүнийг заавал хуульчлах болсны цаад шалтгаан юу вэ?
-Төрийн бодлогын уламжлалыг хадгалах, төрийн ой санамжийг тод байлгах, хар хайрцгийн бодлого гэж байдаг бол түүнийгээ хадгалж явахад миний санаачилсан хууль хэрэгтэй. Бид хүн хараад байна, гэтэл цаана нь төрийн нууц, төрийн бодлого хамгаалах тухай л асуудал шүү дээ. УИХ-ын чуулган дээр албаа хашиж байсан Ерөнхий сайдууд Асгат, Тавантолгойн асуудлаар алдаатай алхам хийсэн тухай ярьж байсныг сонссон уу? Уг нь өмнөх Ерөнхий сайдууд нь ойр ажиллаад зөвлөсөн бол тийм алдаа гарахгүй байсан гэж бодож байна. Ялангуяа уул уурхай эрчимтэй хөгжиж буй өнөө цагт бүр ч чухал. Бид жилдээ зарах хагас тэрбум төгрөг хэмнээд хэдэн тэрбум ам.доллар алдах алдаа гаргачихаж магадгүй эгзэгтэй үед ирээд байгаа шүү дээ.
Яахав дотоодын компанийн зөвлөх хийж байж, гэтэл хөрөнгө оруулалт шаардлагатай болоод тэр компани нь гадны компаниудтай хамтраад эхэлбэл яах вэ? Өмнөх бүх зөвлөгөө худлаа гэх үү? Ийм үйл явцыг ухамсарт найдаж даатгаж болохгүй л дээ. Эрхбиш төр юм байгаа биз дээ.
-УИХ-аас энэ хууль батлагдвал Н.Энхбаяр даргын хувьд дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бололцоогүй болно гэх асуудал хөндөгдөөд байгаа. Тэр талын зохицуулалт бас орсон гэсэн үг үү?
-Н.Энхбаяр даргын тухай тийм зохицуулалт байхгүй, зөвхөн төрөөс өөр субъектэд зөвлөх ажил эрхэлж болохгүй л гэсэн агуулгатай.
-Тэгвэл Н.Энхбаяр гэдэг сэдвээ өөрчилье. Та түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Түрээслэгчдийн холбоог байгуулсан. Түрээсийн тухай хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ.
-Монголын түрээслэгчдийн нэгдсэн холбоо байгуулагдаад түрээслэгчдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллаж эхлээд байна. 2013 оны түрээсийн үнээ үндэслэлгүй нэмж байгаа түрээслүүлэгчдэд хандан албан бичиг, шаардлага явуулж эхлээд байна. Ойрын хугацаанд түрээсийн үнийг нэмэгдүүлэхгүй байх, мөн хуулиа боловсруулж батлуулах ажлуудыг давхар хийж байна. Түрээс бол Монголд хамгийн өргөн дэлгэрсэн бизнес болсон байна. Өнөөдөр түрээсгүй юм алга. Яг нь нөгөө нэмүү өртгийн татвартай адил үйлдвэрлэл, борлуулалтын бүх шатанд түрээс шингэж бараа бүтээгдэхүүний эцсийн үнэд маш хүчтэй нөлөөлж байна. Нэг талаас энэ нь түрээслэгчдэд, нөгөө талаас худалдан авагчдад том дарамт. Бүр тэгж яривал бүх авлигын эцсийн өртөг түрээсэнд шингэж нийгмийг сорон туйлдуулж байна. Хотын төвд өндөр үнэтэй байрлал сайтай газар байгуулсан үйлчилгээний заалны түрээсэнд газраа авахаас эхлээд барилгаа барьж дуустал төлсөн авлига шингэж байгааг бид анзаарахгүй байж болохгүй. Тиймээс асар өргөн хүрээнд маш нарийн судлаж, гаднын орнуудын туршлагыг ч нямбай харгалзах шаардлага байна.
-Түрээслэгчид нэг ёсны хамжлага болчихоод байна гэж та хэлсэн байсан. Үнэхээр ийм жишиг тогтчихоод байгаа хэрэг үү?
-Үнэндээ бол ганц түрээслэгчдэд биш та бидэнд бүгдэд нь тулгарч байгаа бэрхшээл. Түрээслэгч бүх түрээсийн төлбөрийн нэмэгдлийг бараа бүтээгдэхүүндээ шингээх замаар цуглуулж төлөх хамгийн хүнд үүргийг гүйцэтгэж байна. Өнгөц харахад энэ асуудал зөвхөн түрээслэгчдийнх мэт авч углуургаар нь авч үзвэл нийгмийн харилцааны асуудал шүү дээ. Зөвхөн түрээслэгч биш худалдан авагч бүх иргэн, дээрээс нь түрээслүүлэгч хүртэл нэгэн “үл үзэгдэгч гард” асар их мөнгө төлж байна. Манай Ерөнхийлөгч нэг үе авлигын анатомийг нь үзүүл гэж их ярьдаг байсан. Түрээсэнд бол ийм л анатоми байна шүү дээ.
Тэр үл үзэгдэгч гар бол жинхэнэ утгаараа феодал этгээд байна. Газрын эзэн л гэсэн үг. Төрөөс төрсөн тэрбумтан биш бүр феодал. Хэдэн түрээслэгч шууд утгаараа хамжлага болж байна. Бүх ашиг орлогынхоо ихэнхийг түрээсэнд алдаж байна. Ургацынхаа талыг газрын эзэн-феодалд рент хэлбэрээр төлж мөлжүүлж байгаа хамжлагын тариачны тухай уншаад мөлжлөгийн хүнд бэрхийг ойлгодог байв даа. Гэтэл өнөөдөр түүнээс дор, түрээслэгч орлогынхоо 80 хувийг түрээслүүлэгчид төлж, өөрт нь 20-хон хувь үлдэж байна. Энэ бол бидний хэрэглэж байгаа барааны 80 хувь нь түрээсийн үнэ гэсэн үг. Эсрэгээр түрээсгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ одоогийнхоос тав дахин хямд байх бололцоотой гэсэн үг. Нийгмээрээ мөлжүүлж байгаа биз. Түрээсээр мөлжиж олсон орлогоороо дараагийн түрээслэх байшингаа босгож байна. Цэвэр феодалын мөлжлөгийн харилцаа.
Хамгийн гол нь түрээслүүлэгч үнээ яг феодал шиг дураараа нэмдэг, дургүйгээ хүрвэл хэнийг ч хөөгөөд явуулчихдаг, хэн ч түүнийг нь хянадаггүй. Үүнийг феодалын харилцаа гэхгүй өөр юу гэх юм? Үүнийг мөлжлөг гэхгүй өөр юу гэх юм. Орос орон ийм хамжлагаас салах гэж зуун жил тарчлаад эцэст Октябрийн хувьсгалд хүрч шувтарсан.
-Гэхдээ арай л сүртэй хэтрүүлээд байгаа юм биш биз?
-Сүр оруулаагүй бодит байдал ийм байна шүү дээ. Заримдаа боддог юм, хэдэн мянган жилийн нүүдлийн аж ахуй, коммунизмын үед ч газрын үнэ цэнэ гэж юу болохыг огт мэдрээгүй Монголчууд өнөөдөр тэр Европынхны яриад байдаг феодализм гэгчтэй бодитаар нүүр тулж байна уу даа гэж… Алга дарам газрын үнэ цэнийн асуудал. Тариа тарьдаг биш үйлдвэрлэл явуулдаг, бараа зардаг сантиметрээр хэмжигддэг өчүүхэн газрын асуудал. Гэвч улсын хэмжээнд үзвэл том асуудал болж хувирна. Үүнийг тэр мундаг эдийн засагчид нь анзаарвал ёстой гайхамшигтай онолын нээлтүүд гарахаар юм билээ дээ. Үүнийг өнөөдөр зохицуулах ёстой, тэгэхгүй бол энэ далд эдийн засаг, мөлжлөг, газрын эздийн дураараа аашлах авир энэ улс орныг, ард түмнийг тамирдуулж дуусгана. Энэ асуудалд бүх төвшинд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.
-Өнгөрсөн долоо хоногт “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Энэ асуудал Тавантолгойгоос-Гашуунсухайт хүртэл татах нарийн царигтай төмөр зам, говь руу тавих өргөн царигтай замын асуудлаас болсон нь нэгэн тодорхой болсон. Таны хувьд ямар царигтай төмөр зам тавих нь Монголд илүү ашигтай тусна гэж үзэж байгаа вэ.
-Ашиг яривал аль аль нь л ашиг олох гэж тавьж буй хөрөнгө оруулалтын асуудал. Гео-улстөр талаасаа Х.Баттулга сайдын зөв, гео-эдийн засаг талаасаа М.Энхсайхан даргын зөв. Харин би юу гэж бодож байгаагаа ний нуугүй хэлэхэд нэг эрх ашгаар нөгөөг нь цохиж унагадаг, ийм туйлширсан дэвхэцлээсээ монголчууд бид гармаар байгаа юм. Одоо боллоо, урагш алхах цаг боллоо. Аль, аль нь ашигтай нь харагдаад байгаа бол аль нэгийг нь илүүд үзэлгүй хоёуланг нь аваад л явах хэрэгтэй биз дээ. Ёстой л нөгөө “Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй хулгана л барьдаг байх нь чухал” гэдэг зарчим өнөөдөр бидэнд хэрэгтэй байна. Үүнийгээ л ойлговол бид үсрэлт хийхэд бэлэн байна.
Өргөн нарийн царигийн хувьд цаанаас ирж байгаа зам нь нарийн бол нарийныг л тавина, өргөн бол өргөнийг л тавина биз дээ, энэ бидний сонголт гэж үү? Нэг их өөрсдөө сонгох ч юм шиг ташраар нь огцруулаад л, Засгийн газар тарах энэ тэрдээ тулаад л бөөн юм болцгоох юм. 267 км замыг бол хувийн компани хөрөнгөө оруулаад тавих гэж байхад нь болиулчихсан, тэгээд бондын мөнгөөр тавих болж байгаа нь Монгол парадокс уу?
-Тэгвэл М.Энхсайхан даргыг салбарынхаа бодлоготой үзэл бодол нийлэхгүй байна гэдэг шалтгаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Үүнтэй та санал нэгдэж байгаа юу?
-Энд ямар ч салбарын бодлого, салбарын эрх ашгийн тухай асуудал байхгүй. Тэгж яривал хувь хүний ч үзэл санааны асуудал биш. Энд улсын эрх ашиг, ирээдүйн хөгжлийн асуудал яригдаж байна. Би бол хос морьтой хүн Хонгорын шилийг давна гэдэг шиг хос морьтой болчихмоор л байна. Ингэснээрээ би бөөрөнхийлөөгүй. Жаахан үндсэрхэг үзэл гаргахад бид хос морьтой явж ирсэн ард түмэн шүү. Бичиг үсгээс эхлээд, шашин шүтлэгийн асуудал дээр ч гэсэн. Ардчилал гэдэг шүүн хэлэлцээд сайн хувилбарыг нь сонгоод явахын нэр болов уу. Хоёулаа ашигтай юм бол хоёуланг нь барьчихъя л даа. Заавал нэг нь өргөн төмөр зам гэдэг муна барьж аахилаад нөгөө нь нарийн төмөр зам гэдэг илд барьж гүйгээд “ирүүл” тулаан хийгээд суух нь хэнд хэрэгтэй юм. Бид ч гэсэн хэн хэний чинь зөв хэрэлдээд бай гээд хараад суух нь ямар ашигтай юм бэ?
-М.Энхсайхан даргыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Төрийн өмчийн хорооноос гаргахад сайд Х.Баттулгын даалгавар байсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдах болсон. Х.Баттулга сайд ийм алхам хийх нь зөв үү?
-Эхний асуултаараа Х.Баттулга сайд нөлөөлсөн гэсэн таамаг дэвшүүлээд, хоёр дахь асуултаараа намайг батла гэж байгаа юм уу? Төрийн өмчийн хороо аль яамны мэдэлд байдаг юм, хэнд шууд захирагддаг юм, тэгээд яаж шийдвэр гаргасан юм гэдгээ өөрсдөө тайлбарлах байх.
-Цаашид МҮАН шинэчлэлийн Засгийн газрын тогтвортой байдал М.Энхсайхан даргын гаргах шийдвэртэй нэлээд уялдах болж байгааг хэвлэлүүд онцолж байгаа. Та хувьдаа ямар байр сууртай байгаа вэ? Ер нь үзэл бодол зөрж болох ч шууд огцруулдаг зарчмаар ажиллах нь хэр оновчтой вэ? Энэ нь Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлж болох уу?
-Дахин хэлэхэд МҮАН бол даргыг нь ажлаас халчихлаа гээд засаг огцруулах гээд гүйдэг нам огтоос биш. Засгийн тогтвортой байдал, даргын тогтвортой байдлыг бүгдийг нь л үндэсний эрх ашиг гэдэг нэг л зүйлтэй дэнсэлж чаддаг нам. Засаг тогтвортой байх нь аль аль талаасаа Монголд хэрэгтэй. Уг нь М.Энхсайхан гэдэг хүнийг огцруулах нь биш ашиглах нь л Монголын төрд хэрэгтэй байгаа юм даа. Би ийм хүмүүсийг төрдөө хямдхаан ашиглачих санаатай хууль бариад гүйгээд байдаг, нөгөө төр нь тэндээс өргөж гүйлдээд өшиглөж гаргаад байх юм. Бүү мэд ээ, бүү мэд. Нэг л биш. Ер нь тэгээд М.Энхсайхан даргыг огцруулахад бас учир шалтгаан, эрх ашиг байсан байж магадгүй. Тэр нь тодрох биз. Тэгвэл бас хариуцлага тооцох эзэн байх л учиртай гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа