Монголд анх удаа либертари жүжиг тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Монголд анх удаа либертари жүжиг тоглоно

(Think twice) жүжиг Монголын
тайзнаа тавигдлаа.
“САЙТАР ЭРГЭЦҮҮЛЦГЭЭЕ!”

Уг нь энэ жүжгийн англи нэр нь Think twice л даа. Тийм учраас Сайтар эргэцүүл!, Дахин бод! гэж орчуулчихаад байтал жүжгийг тавьж буй уран бүтээлчдийн зүгээс “Төгс гэмт хэрэг”, “Төгс аллага”, “Хүмүүнлэг аллага” гэх мэтээр нэрлэе гэсэн санал ирсэн бөгөөд энэ нь маркетингтай холбоотой асуудал учраас миний зүгээс энэ асуудалд гүнзгий оролцохоос түдгэлзсэн болно. Тэгээд ч уран бүтээлчдийн өгсөн нэр үзэгчдийн сонирхол татах утгаараа, бас тэгээд жүжгийн агуулгатай холбогдсон байдлаараа тийм ч муу нэр биш байлаа. Гэхдээ миний зүгээс Айн Рэнд Think twice гэсэн энэ нэрийг жүжгийн агуулгатай холбохоосоо илүүтэй үзэгчдэд хандаж уриалсан нэр гэж боддогоо хэлье.

Энэ сар Монголын либертари үзэлтнүүдийн хувьд тун чиг онцгой сар болох нь ээ. Энд яригдаж буй Айн Рэндийн жүжиг Монголын тайзнаа тавигдах 2011 оны дөрөвдүгээр сарын 17-ноос яг хоёр хоногийн өмнө 4-р сарын 15-нд АНУ-д мөн Айн Рэндийн Атлантын мөр тэнийв зохиолоор хийсэн кино анх удаа театрын дэлгэцнээ нээлтээ хийх тухай Вашингтон дахь Като-гийн Хүрээлэнгээс мэдээлжээ.

Жүжиг дөрөвдүгээр сарын 17-ны өдөр (“Ням” гаригт) Р.Чойномын нэрэмжит нэг хүний “Од” театр буюу хуучнаар “Ард” кино театрт нээлтээ хийх гэж байна. Сайтар эргэцүүл! гэсэн нэртэй энэ жүжгийн зохиол бол Айн Рэндийн гурав дахь буюу сүүлчийн жүжгийн зохиол. Тэрээр дахин жүжиг бичээгүй юм. Айн Рэнд 1935 онд бичиж эхэлсэн Эх сурвалж романаа дуусгахын тулд багагүй хугацаа шаардлагатай болохыг ойлгов. Архитектурын нэлээд ул үндэстэй судалгаа хийх шаардлага гарчээ. Иймд Айн Рэнд романаа бичих явцад хэд хэдэн удаа завсарлаж, 1937 онд Магтуу хэмээх богино хэмжээний тууж, дараа нь Бид амьд хүмүүс зохиолоо тайзны хувилбараар бичиж Эрхшээлдээ оруулах аргагүй гэсэн нэрээр Бродвэйд (Нью-Иоркийн алдартай театр) тавьсан нь амжилт олсонгүй. Тэгээд Сайтар эргэцүүл! хэмээх энэ жүжгээ бичжээ. Эдгээр бүтээлд нь Эх сурвалж романых нь үндсэн утга санаа туссан юм. Энэ гурван бүтээл Эх сурвалж-ийн санааг товчлон тодотгож, нийтэд улам хүртээлтэй болгоход чиглэгдсэн гэж болно (Дашрамд хэлэхэд, миний бие Б.Батбуянгийн хамт, дээр өгүүлэгдсэн Эх сурвалж роман болон Магтуу тууж хоёрыг орчуулж монгол хэлнээ гаргасан билээ). Тэгэхээр жүжгийн үндсэн санаа тодорхой. Хамтач ёсны эсрэг зогсох хувь хүн, өөрийгөө огоорохуйн эсрэг өөрийгөө бодох үзэл (коллективизмыг сөргүүлж индивидуализм, альтруизмыг сөргүүлж эгоизмыг тавьсан гэсэн үг шүү дээ). Гэхдээ жүжгийн өрнөл үнэхээр сонирхолтой. “Өөрийгөө огоорогч” нэгэн бусдад өглөг тарааж байснаараа тэднийг өөрийн эрхшээлд байлгах агаад улмаар энэ нь түүнийг алах төрөл бүрийн шалтгааныг тэнд байсан бараг бүх хүнд үүсэж байгаа тухай жүжигт гарна. Бусдын төлөө өөрийгөө золигчийн харгис мөн чанарыг харуулахын тулд жүжигт гарах индивидуалистууд буюу эгоистуудын (амиа бодогчдын) өгүүлэмжээс товч боловч өгүүлсү. Мэдээжээр жүжигт гарах яриа бүрийг дэлгэрэнгүй өгүүлэх аргагүй бөгөөд хэрэв та сонирхвол 4-р сарын 17-ны өдөр энэ жүжгийг үзээрэй.

Бусдын төлөө өөрийгөө золиослогчийн хүчээр амьдардаг, саа өвчний улмаас суумал болж, хүний асрамжинд орсон хүүгийн (Билли Брекенрижийн) үг: “Миний ам цангаад байна хэмээн хэнийг ч гуйхгүй, өөрөө гал зуухны өрөөнд орж, өөрөө цоргоо нээж, өөрөө аягандаа ус хийж уумаар байна. Хэнээс ч тусламж гуйхгүй, хэнд ч талархал илэрхийлэх шаардлагагүй. Хүн өөрийгөө болгодог, түүнд хэн ч хэрэггүй байна гэдэг маш чухал. Дандаа бусдаар туслуулдаг нэгэн байна гэдэг үнэхээр гутамшигтай” гээд эцгийгээ алуулсны дараа сэтгэл нь хөнгөрсөн тэрээр “Туслагчид тусламж авагч хэрэгтэй. Хүн бүр биеэ даасан, бусдаас хамааралгүй байвал хүн бүрд тусалж байдаг тэр хүн хэцүүднэ биз дээ” гэдэг.

Энэ хүүд “амиа бодогч” нэгэн (Стив Ингальс) чин сэтгэлийн зөвлөгөө өгөх бөгөөд хүүд байгаагаараа ханддаг, илүү дутуу зан гаргадаггүй тэр хүн бол индивидуалист юм. Түүнээс хүүд өгсөн зөвлөгөө: “Чиний явж чаддаггүй, босож чаддаггүй, түрдэг тэргэн дээр байдаг чинь хамаагүй. Гол нь оюун ухаанаа эрх чөлөөтэй байлга, юу бодож сэтгэхээ хэнээр ч бүү заалга! Бие чинь түрдэг тэргэн дээр байж болно. Харин оюун ухаанаа хэзээ ч бүү түрдэг тэргэн дээр байлга!” хэмээнэ.

Саатай, өргөмөл хүүгийн төрсөн эцэг, алуулдаг хүнээс байнга тусламж авч байсан хүний (Харвэй Флемингийн) үг: “Хэрэв хүнийг бүрмөсөн дуусгамаар байвал түүнээс бүх ачаа, зорилгыг нь булаагаад авчих!”.

Мөн алуулдаг хүнээс маш өндөр тэтгэлэг авч Анагаахын сургуульд мэс засалчийн мэргэжлээр суралцдаг нэгний (Тони Годдардын) үг: “Таны эсрэг дайсан чинь босоод ирвэл та тэмцэж чадна. Харин тус болсон найзынхаа эсрэг босвол өөрийгөө тус мэддэггүй, өөдгүй амьтан гэж бодох болно.”

Хамт олонч үзэлтний эрхшээлд байсны улмаас бүгд шаналж байжээ. Мэдээжээр, энэ хэдхэн яриагаар бусдын төлөө өөрийгөө золиослогчийн харгис мөн чанар харагдахгүй л дээ. Гэхдээ Харвэй Флемингийн хэлснээр, нөгөө хамт олонч, нийтийн төлөө өөрийгөө золиослогчийн “садист” шинж харагдах болов уу хэмээн энэ хэдэн ишлэлийг авлаа.

Бидний орчуулсан энэ зохиол (энэ жүжгийг ч гэсэн миний бие мөн Б.Батбуянгийн хамт орчуулав) бол хатагтай Айн Рэнд 1950-иад онд жүжгээ дахин хянаж өөрчилсөн хувилбар нь юм. Энэ хувилбартаа 1937 онд бичсэн хувилбарт гардаг нацист залуугийн оронд коммунист-тагнуулчийг орлуулсан. Энэ нь хүнийг гайхашруулах гэсэн хийсвэр яриатай, ямар нэг аллагыг харуулсан, “гудамжаар дүүрэн байдаг” нууцлаг аллагын тухай жүжиг биш. Мөн ямар нэг авцалдаагүй үйл явдлуудаар тасалдсан зочны өрөөнд болж буй яриа ч биш. Энэ жүжиг бол бодол бясалгал болон үйл явдлын нэгдэл: зохиолын баатруудын философи санаа нь тэдний үйл, үйлдлийн шалтгаан болж тайлбарлагдах бөгөөд эргээд философи санаагаа тодотгон бэхжүүлдэг. Мөн Атлантын мөр тэнийв-т гардаг Жон Галтын гайхамшигт хөдөлгүүр шиг шинжлэх ухааны зохиолын элемент ч жүжигт гарна.
Хатагтай Рэндийн өвийг хадгалагч Леонард Пейкоффыг анх энэ жүжгийг уншиж байх үед Айн Рэнд өөрөө дэргэд нь байжээ. Тэгээд Пейкоффоос “Брекенрижийг хэн нь алсан гэж бодож байна вэ?” гэж асуудаг байж. Тэгээд Пейкоффыг буруу хариу хэлэх бүрд инээд алдаж “Сайтар эргэцүүл!” гэдэг байжээ.

Тэгэхээр та бүхэн ч гэсэн энэ жүжгийг үз, тэгээд сайтар эргэцүүлээрэй! ТЭР АЛЛАГА ЗАЙЛШГҮЙ БӨГӨӨД ӨӨРИЙН ЦАГААТГАЛТАЙ БАЙЖЭЭ. Эцэст нь хэлэхэд, энэ жүжгийг орчуулж тайзнаа тавья гэсэн санал гаргасан жүжигчин Д.Сосорбарам, мөн жүжгийг амилуулж үзэгчдэд хүргэж буй “Х-ТҮЦ” хамтлагийн хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Монгол орноо либертари үзэл түгэн дэлгэрэх болтугай!

Философийн ухааны доктор Б.Батчулуун
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж