
“Монголын нүүрс ба дэд бүтэц” зөвлөлгөөн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар Монголын нүүрсний болон эрчим хүчний хэрэгцээ шаардлагын талаар ярилцаж байгаа юм. Мөн нүүрс тээвэрлэлтийн асуудлыг давхар хөндөж буй. Монгол Улс өнөөдөр нүүрс тээвэрлэлтийн ажлыг авто машинаар гүйцэтгэж байгаа. Гэтэл нүүрсний олборлолт болон экспортын хэмжээ жилээс жилд өсөх хандлагатай байна. Иймээс дэд бүтцийн асуудал, ялангуяа Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлд тавигдаж буй төмөр замын талаар гадаадынхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён В.Самойленкогоос багагүй “байцаалт” авсан. Элчин сайд ноён В.Самойленкогийн зүгээс дээрх чиглэлд төмөр зам барихтай холбоотойгоор Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт зарласан тендерт оролцож буйгаа дуулгаж, энэ тендерт ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа ч энэ зөвлөлгөөний үеэр уламжлав. Хэрвээ Тавантолгойн тендерт ялж чадахгүй бол оросууд Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлд төмөр замаа барихаа болих уу гэдгийг гадаадынхан сонирхож байгаа. Харин Элчин сайд үүнд тоймтой хариу өгөөгүй юм. Зөвлөлгөөн өнөөдөр өндөрлөнө.
Ж.ГЭГЭЭ